Categories
гадаад мэдээ

“Ковид-19”-ийг эмчлэхэд уух эхний эм “Молнупиравир”

Өнгөрсөн долоо хоногт Их Британийн Засгийн газраас “Ковид-19”-ийн эсрэг “Молнупиравир” эмийг баталсан дэлхийн анхны улс болсноо зарлажээ. Энэхүү бэлдмэлийг АНУ-д төвтэй “Merck Sharp&Dohme” болон “Ridgeback Biotherapeutics” компани хамтран бүтээсэн юм. Тус бэлдмэл нь ковидоор өвчилсөн хүмүүсийн эмнэлэгт хэвтэлтийн хугацаа, нас баралтын хэмжээг хоёр дахин бууруулж, хурдан эдгэрэхэд нөлөөтэй аж.

Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг зохицуулах агентлаг (MHRA) өнгөрсөн пүрэв гаригт энэ тухай онцлохдоо шууд ууж хэрэглэх боломжтой тус эм нь анхан шатны эмчилгээг илүү үр дүнтэй болгож, өвчин даамжрахаас сэргийлнэ гэв.

“Молнупиравир” эмийг коронавируст халдвараар хөнгөн болон хүндэвтэр өвдсөн хүмүүст шинж тэмдэг илэрснээс хойш тав хоногийн дотор өдөрт хоёр шахмал уухыг зөвлөх юм. Мөн архаг хууч өвчинтэй, таргалалт, чихрийн шижинтэй, хүндрэх эрсдэл өндөр хүмүүс эл эмийг хэрэглэснээр эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдлийг бууруулах юм байна.

Их Британийн Засгийн газар өнгөрсөн сарын сүүлээр “Merck Sharp & Dohme” компанитай гэрээ байгуулж, эхний ээлжинд 480 мянган тун “Молнупиравир” эм худалдан авахаар захиалгаа өгчээ. Харин АНУ болон Европын Холбооны эмийн зохицуулагч агентлагууд “Молнупиравир” эмийг коронавирусийн халдвараар өвдсөн иргэдэд хэрэглэж эхлэх эсэх асуудлыг судалж байгаа юм. Тэд энэ сарын сүүлээр эцсийн шийдвэрээ гаргах юм байна.

“Молнупиравир”-ыг анх Венесуэлийн адууны энцефалит вирусийг эмчлэх гэж гарган авчээ. 2015 онд Атланта дахь Эмори их сургуулийн ашгийн бус DRIVE (Эмори дахь Эмийн Инновацийн Үйлдвэрүүд )-ийн гүйцэтгэх захирал Жорж Пэйнтер тус бүтээгдэхүүн нь олон төрлийн вирусийн эсрэг (МERS г.м.) үр дүнтэй болохыг тогтоосон талаар дурдсан байдаг.

Молнупиравир эм нь ковидыг эмчлэхэд өргөн хэрэглэж буй ремдесивир шиг нуклеозидын аналог нэгдэл аж. Энэ нь SARS-CoV2 эсэд орсны дараа шинээр вирус үүсгэхийн тулд вирус өөрийн РНХ геномыг хуулбарлах шаардлагатай болдог. Харин уг эм нь шинээр нийлэгжиж буй РНХ-ийн гинжинд интеграцлагдаж ороод үр дүнд нь цистидин эсвэл уридин болгон цэгэн мутаци үүсгэснээр гинжний бүтэц байгууламжийг өөрчилдөг байна.

“Одоогоор уг эмийн аюулгүй байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гаргаагүй байна. Хэрэв эмийг зориулалтын дагуу хэрэглэвэл айх аюулгүй гэдэгт бид итгэлтэй байна” гэж “Merck Sharp&Dohme” компанийн дэд ерөнхийлөгч Дариа Хазуда мэдэгджээ.

Ямартаа ч “Ковид-19”-ийн эсрэг амаар ууж хэрэглэх боломжтой эм хэрэглээнд нийлүүлэгдэж эхэлбэл дэлхийн даяар ялангуяа дархлаажуулалт багатай улс оронд ашигт тустай байх нь. Өнөөдрийг хүртэл хийсэн судалгаагаар “Молнупиравир” эм нь “Ковид-19”-ийн бүх хувилбарын эсрэг, нэн ялангуяа дельта вирусийн эсрэг өндөр үр дүнтэй нь батлагдаад байгаа аж. “Merck Sharp&Dohme” компани энэ оны эцэс гэхэд 10 сая ширхэг эм, харин ирэх жил 20 сая ширхэгийг үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *