Сангийн яам, Монголбанк болон ОУВС-гийн төлөөлөгчид өчигдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, ОУВС-гийн хөтөлбөрт Монгол Улс хамрахаар болсныг мэдээллэсэн. Энэ үеэр ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Коши Матай, “2009 онд хэрэгжиж байсан ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс 300 сая ам.доллар хүрэхгүй хэмжээний санхүүжилт авч байсан бол түүнээс 20 дахин их хэмжээний санхүүжилт энэ удаагийн хөтөлбөрөөр орж ирнэ” хэмээн онцоллоо.
Тэрбээр, “Монгол Улстай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрлээ. Хөтөлбөр нь 3 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд ОУВС-аас хэрэгжүүлдэг зээлийн хөтөлбөрүүд дундаа том байр суурь эзэлдэг.
ОУВС-аас 440 сая ам.долларын санхүүжилт үзүүлнэ. Үүнээс гадна Япон, Солонгос, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэх мэт хоёр талт болон олон талт доноруудаас нийт 3 тэрбум ам.долларын санхүүжилт авах нөхцөл бүрдсэн.
Түүнээс гадна БНХАУ-ын Ардын банкнаас Монголбанкинд нээсэн байгаа юаны своп шугамын хугацааг дор хаяж 3 жилээр сунгах боломжтой. Хөтөлбөрийн хүрээнд 5,5 тэрбум ам.долларын санхүүжилт туслалцаа дэмжлэг хэлбэрээр орж ирнэ.
Өнөөдрийн зарлаж байгаа тохиролцоо бол ОУВС-ийн ажлын хэсгийн түвшинд хүрсэн тохиролцоо. Энэхүү тохиролцоог баталгаажуулахын тулд юуны түрүүнд санхүүжилт өгөхөө мэдэгдсэн олон талт болон хоёр талт байгууллагуудаас албан ёсны баталгаа гаргуулах ёстой.
Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс урьдчилсан 3 арга хэмжээ авах ёстой. Нэгдүгээрт 2017 оны төсөвт тодотгол оруулах, хоёрдугаарт банкны салбарт хийх ёстой үнэлгээний үйл явцыг эхлүүлэх, гуравдугаарт Монголбанкнаас санхүүжүүлдэг төсөвтэй адилтгах үйл ажиллагааг зогсоох гэсэн ажлыг хийх шаардлагатай.
Эдгээр шатлал бүхий ажлууд хийгдсэний дараа ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдана. Зөвлөл ирэх сард хуралдаад шийдвэрээ гаргана гэж төлөвлөж байна” гэлээ.
Түүнчлэн ноён Коши Матай, “Хөгжлийн банкны хуулийг сая шинэчилсэн. Хөгжлийн банктай холбоотой нэлээд асуудал үүссэн байсныг үүгээр цэгцэлж, зах зээлийн баримжаатай ажилладаг байгууллага бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.
Дараагийн гарч буй нэг өөрчлөлт бол Монголбанк төсөвтэй холбоотой үйл ажиллагаанд оролцолгүй мөнгөний бодлогын хэрэгжилтэд анхаарлаа хандуулж ажиллах болно. Цаашид Төв банкны хууль, эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох шаардлагатай. Монголбанкнаас банкны салбарыг бэхжүүлэх маш том арга хэмжээ төлөвлөсөн. Юуны түрүүнд банкуудын үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит оруулна. Хоёрдугаарт хүндрэлтэй байгаа банкуудыг бэхжүүлэх хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд банкуудын хяналт шалгалттай холбоотой дүрэм журмыг сайжруулах шаардлага үүснэ. Үүний үр дүнд монголын банкууд хүчирхэг болно.
Түүнчлэн төсвийн сахилга батыг сайжруулахад чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Богино хугацаанд хүндрэл гарах нь гарцаагүй. Гэхдээ дунд болон урт хугацаанд Монгол Улсын эдийн засаг сэргэж, гадаад валютын нөөц нэмэгдэнэ. Түүнээс гадна өрийн хэмжээ буурах болно” гэв.