Categories
мэдээ нийгэм

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ТАЙ ХОЛБООТОЙ ОЛОН УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

COVID-19 Information | U.S. Embassy in Serbia

АНУ-д халдварын 20,883 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт өвчилсөн хүний тоо 1 сая давав. Өдөрт бүртгэгдэж буй тохиолдлын тоо өндөр хэвээр байгаа ч Нью Йорк зэрэг халдварын голомт болсон газруудад тархалт аажмаар буурч байна. Мэргэжилтнүүд өвчний тархалтыг нэмэгдүүлэхгүйн тулд хөл хорионы дэглэмийг сулруулахын эсрэг байгаа ч тус улсын Ерөнхийлөгч Д.Трамп мужуудад дэглэмээ сулруулахыг зөвшөөрснөөр зарим бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сэргээж эхлэв. Түүнчлэн Америкийн 46 мужид “Covid-19”-ийн өвчлөл буурах хандлага ажиглагдаж байгаа тул хязгаарлах дэглэмийг үе шаттайгаар цуцалж, 5 дугаар сард эдийн засгийг аажмаар сэргээнэ гэж Цагаан ордноос мэдэгдлээ.

Мужийн захирагч нар “иргэдийг шинжилгээнд хангалттай хамруулж чадахгүй байгаа нь хөл хорионы дэглэмийг сулруулахад тулгарч буй гол саад” гэх байр суурийг илэрхийлсэн бол Цагаан ордноос Даваа гарагт танилцуулсан шинжилгээний тоо, хүчин чадлыг нэмэх төлөвлөгөөнд нийт хүн амын 2 хувьтай тэнцэх тооны иргэдийг сар бүр шинжилгээнд хамруулахаар тусгажээ.

Нью Йорк хотын захирагч Эндрю Куомо, тус хотод тархсан “Covid-19”-ийн вирус нь БНХАУ-аас биш, Европоос орж ирсэн болох нь судалгаагаар тогтоогдсон гэж мэдэгдлээ. Тэрээр, бид Хятад руу орох хаалгаа цаг алдалгүй хаасан ч бусдыг нь нээлттэй орхисоны улмаас Нью Йорк болон Нью Жерсигийн 2.2 сая оршин суугч вирусний халдвар авлаа гэв.

ОХУ-ын хэмжээнд хоногт 150,000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж халдвар авагсдыг тухай бүрт нь илрүүлж байгаатай холбоотойгоор бүртгэгдсэн халдварын тоо 7 хоногт 70 хувиар нэмэгдсэн бөгөөд халдвар авсан иргэдийн 45-50 хувь шинж тэмдэггүй өвчтөнүүд байна. Түүнчлэн сүүлийн 7 хоногт эмнэлгийн байгууллагуудад өвчлөл нэмэгдэж, Санкт-Петербургийн Марийский эмнэлэгт 50, Москва орчмын Люберецы хотод 60, Перми хотод 30 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсан бөгөөд Краснодарын хязгаар, Буриадын БНУ, Ярославь, Ленинград, Челябинск, Владивосток зэрэг 10 гаруй хот, мужийн эмнэлэгт халдвар гараад байна.

Сингапурын Технологи, дизайны их сургуулийн судлаачид ОХУ-д халдварын тархалт 5 дугаар сарын 20-ны өдөр 97 хувь, 28-ны өдөр 99 хувьд хүрч, 06 дугаар сарын 20 гэхэд бүрэн зогсоно гэсэн математик загварчлал гаргажээ. Харин Оросын мэргэжилтнүүд “Covid-19”-ийн 3 дахь далд үе ойрын хугацаанд эхлэх тул “өөрийгөө тусгаарлах” дэглэмийг 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл үргэлжлүүлж, түүнээс хойш үе шаттайгаар сулруулах эсэхийг хэлэлцэх нь зүйтэй гэжээ.

ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин импортоор авч буй уушги орлуулах төхөөрөмжид гэрчилгээ олгох журамыг хялбарчлах; халдвар авсан өвчтөнүүдтэй ажиллаж буй анагаахын сургуулийн 4 болон 5 дугаар дамжааны оюутнуудад мөнгөн төлбөр олгох; хязгаарлалтын дэглэмийг үе шаттайгаар сулруулах замаар аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломж олгох гарцыг тодорхойлж 4 дүгээр сарын 30 гэхэд танилцуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Статистик дүнгээр, хорио цээрийн дэглэм голлон дунд давхаргад сөргөөр нөлөөлж, ажилгүйдэл 4.7 хувьд хүрч, 3.5 сая хүн ажилгүй байгаа бөгөөд оны эцэст энэ үзүүлэлт 8 хувьд хүрэх төлөвтэй байна.

Манай улстай хил залгаа ОХУ-ын субъектүүдэд дотоодын халдвар нэмэгдэж, 4 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Буриадын БНУ-д 227, Өвөрбайгалийн хязгаарт 103, Тувагийн болон Алтайн БНУ-д 31 хүн өвдөөд байна. Буриадын удирдлага халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор эхний ээлжид гар утас худалдаа, үсчин болон барилгын материалын дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, өвчлөл өндөртэй Улаан-Үд хот, Заиграевскийн район зэрэгт хөл хорионы дэглэмийг чангатгасан бол Өвөрбайгалийн хязгаарын захирагч А.Осипов халдвар хяналтаас гарсан нөхцөлд тус хязгаарыг бүрэн хаана гэж мэдэгдлээ. Мөн Чита хотын амаржих газарт өвчний тохиолдол бүртгэгдсэн ч халдваргүйжүүлэлт ариутгал хийж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болов.

Төв Азийн орнуудаас Казахстанд хамгийн олон буюу 2,835 хүн өвчилсөн тул онц байдлын дэглэмийг 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл сунгаж, Узбекистанд 1,887 хүн халдвар авсан ч хязгаарлах арга хэмжээг сулруулж, барилга, хөдөө аж ахуй, автомашин үйлдвэрлэл болон засвар, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээхээр болсон бол Киргиз Улсын Засгийн газар онц байдлын дэглэмийг сунгах эсэхийг 4 дүгээр сарын 30-нд хэлэлцэхээр төлөвлөж байна.

Коронавирусний тархалтаар Европ тивд тэргүүлж байсан Итали, Испани, Францад сүүлийн сар гаруй хугацаанд бууралт ажиглагдаж байна. Ням гарагт Италид 260, Францад 242, Испанид 288 хүн нас барсан нь 3 дугаар сарын дунд үеэс хойшх хамгийн доод үзүүлэлтүүд болов. Тиймээс хөл хориог зөөлрүүлэх, цуцлах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. Тухайлбал, Испанид 4 дүгээр сарын 26-наас эхлэн 14-өөс доош насны хүүхэд 09-21 цагийн хооронд өдөрт нэг удаа харгалзах хүний хамт гэрээсээ 1 км-ийн зайд гарах, тоглох, салхилах эрхтэй болсон бол ирэх ням гарагаас иргэд задгай талбайд дасгал хөдөлгөөн хийж, салхилж болох аж.

Итали улс энэ долоо хоногоос эхлэн бүх төрлийн бизнес, үйл ажиллагааг шат дараатайгаар нээж, 5 дугаар сарын 04-ний өдөр гэхэд улс даяар хэвийн горимд шилжихээр төлөвлөж байна. Ингэхдээ олон нийтийн газарт амны хаалт зүүж, хоорондын зайг баримтлах хэрэгтэйг Засгийн газраас анхааруулав. Мөн баар, ресторанууд болон зарим музей, үзмэрийн газар, дэлгүүрийг дахин гурван 7 хоногоор хааж, ресторанууд зөвхөн хүргэлтийн үйлчилгээ болон савласан хоол зарах бол үсчний газрууд 6 дугаар сарын 01-нд нээгдэж, бага, дунд, ахлах, сургуулийн хичээл 9 дүгээр сарын 01-нд эхлэхээр болов.

БНФУ 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхний ээлжид бага, дунд сургуулийн хичээлийг эхлүүлэх, бага ангийн хүүхэд хичээлд явах эсэх нь сайн дурынх байх бол ахлах ангийн хүүхэд амны хаалт зүүж хичээлдээ явах; эмнэлгийн байгууллага, эмийн сан болон гудамжинд байрлуулах автомат машинаар дамжуулан 05 дугаар сарын 03-ны өдрөөс амны хаалт тараах; бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлэх ч баар, ресторан, кафе, аялал жуулчлалын үйл ажиллагааг хориглох зэрэг нөхцөлтэйгээр хөл хориог цуцлахаар төлөвлөж байна.

Их Британид 4 дүгээр сарын 30-наас эхлэн өдөрт 100 мянган хүнийг оношилгоонд хамруулахаар бэлтгэж байгаа бол ХБНГУ-ын 16 мужийн дийлэнх нь олон нийтийн газарт амны хаалт зүүх шаардлагыг хэрэгжүүлж байна.

Европын Холбооны дээд хэмжээний уулзалт 4 дүгээр сарын 24-нд болж, 540 тэрбум еврогийн санхүүжилт бүхий яаралтай тусламжийн хөтөлбөрийг цар тахлын улмаас хамгийн их хохирол амссан улс орон болон эдийн засгийн салбаруудад 6 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэхээр батлав. “Covid-19”-ийн дэгдэлтээс болж Европын нисэх онгоц үйлдвэрлэгч компаниуд ихээхэн хохирол амсаж эхэлсэн. Тухайлбал, “Эйрбус” компанийн гүйцэтгэх захирал Гиом Фори нөхцөл байдал хүнд байгаа, компаниа сөхрүүлэхгүйн тулд өргөн цар хүрээг хамарсан хэмнэлтийн горимд шилжихээс өөр аргагүйд хүрсэнээ мэдэгдэж, төрийн дэмжлэгтэйгээр Франц дахь 3,000 ажилтандаа цалинтай чөлөө олгов. Түүнчлэн, зардал хэмнэх зорилгоор бага оврын нисэх онгоцны үйлдвэрлэлийг 30 хувь, том оврын онгоцныхыг 42 хувь бууруулахаар болсон нь уг компанийн олон улсын зах зээлд эзлэх хувийг энэ хэрээр багасгаж байна. Мөн Францын Засгийн газар үндэсний үйлдвэрлэгч “Рено”, агаарын тээвэрлэгч “Эйрфранс-КЛМ” компаниудад 7.5 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлсэн нь тус улсын түүхэнд өмнө байгаагүй санхүүгийн дэмжлэг болов.

БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооны төлөөлөгч Ми Фэн 4 дүгээр сарын 26-ны өдрийн хэвлэлийн бага хурлаар Ухань хотод “Covid-19”-ийн халдвар авсан сүүлийн 11 өвчтөн эмнэлгээс гарсныг мэдэгдэв. Мөн өдөр тус улсын 31 муж, хотод “Covid-19” өвчний халдварын гурван шинэ тохиолдол бүртгэгдсэний 2 нь зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Одоогоор гаднаас зөөвөрлөгдсөн нийт 1,636 тохиолдолын 627, дотооддоо халдвар авсан 723 хүн тус тус хэвтэн эмчлүүлж, шинж тэмдэг илрээгүй халдвар тээгч 974 хүн хяналтад байна.

Уханийн их сургуулийн Ардын эмнэлэгт “Covid-19”-ийн 2 өвчтөнд уушги шилжүүлэн суулгах хагалгааг 4 дүгээр сарын 20, 24-нд тус тус амжилттай хийсэн бөгөөд одоо өвчтөнүүдийн биеийн байдал сайн байна. Гуандун мужийн Гуанжоу хотын захиргаа иргэдийн эрүүл мэндийн даатгалд “Covid-19”-ийн эсрэг биет илрүүлэх шинжилгээг хамруулах хүсэлт гаргажээ.

Бээжин хотын Хүний нөөц, нийгмийн хамгааллын газар Covid-19”-ийн улмаас аж ахуйн нэгж, иргэдэд учрах дарамт, эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг багасгах, чөлөөлөх зэргээр 70 тэрбум юанийн хөнгөлөлт үзүүлж, цомхотгол хийхээс сэргийлэх; цөөн тоогоор цомхотгол хийсэн ч даатгалтай аж ахуйн нэгжийн өнгөрсөн онд төлсөн ажилгүйдлийн даатгалыг 50 хувь, ЖДҮ-ийнхийг 100 хувь буцаан олгох; үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон ч үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгжийн ажилтан бүрт 9,906 юанийн урамшуулал олгох; сургалтад хамруулах, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор ажилтан тус бүрт 4,540 хүртэл юань олгох; түрээсийн дарамтыг багасгахаар соёлын салбарын 926 аж ахуйн нэгжийн 96 сая юанийн түрээсийг хөнгөлөхөөр болов. Хотын удирдлагууд уг төсвийг баталсны дараа нэмэлтээр 40 сая юанийн халдварын тусгай тэтгэлгийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

БНСУ-д “Covid-19”-ийн улмаас тогтоосон “зай барих” журам 5 дугаар сарын 05-нд дуусах байсан ч өвчний тархалт буурч сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд өдөрт 15 хүрэхгүй тохиолдол бүртгэгдэж байгаа тул иргэд хоорондоо тодорхой хэмжээний зай барьж, амны хаалт зүүсэн нөхцөлд сүм хийд, спортын байгууллагаар үйлчлүүлэхийг зөвшөөрөв. Тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв коронавирусний халдвар авсан эсэхийг нэг цагийн дотор тогтоох чадвартай PCR шинжилгээний шинэ төрлийн иж бүрдэл ашиглахаар болжээ.

ТЕГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *