Categories
мэдээ цаг-үе

Коронавирусийн сэжигтэй олон газраар явсан гэх Баян-Өлгийн иргэн Х.Ганболдын аав Ө.Харилбай: Хүү маань Хятадаас ирэх ёстой маршрутаараа л явж ирсэн

Коронавирусийн сэжигтэй тохиолдол манай улсад нэлээд олон аймагт бүртгэгдсэн билээ. Тэдгээрийн олонх нь коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдоод байна. Тэгвэл аймгууд дотроос Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын эзэнтэй холбоотой мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтийн дунд ихээхэн дуулиан болов. “Баян-Өлгий аймгийн уугуул Г гэх залуу Эрээн-Бээжин-Замын-Үүд-Улаанбаатар-Булган-Ховд-Баян-Өлгий гэсэн маршруттай явж ирээд халуурч, ханиалган тусгаарлагдсан”, “Зориудаар маш олон газарт явж хүмүүст халдвар тараасан байж болзошгүй”, “Эрсдэлтэй газруудаар явснаа нуусан, зугтаасан” зэрэг мэдээлэл гарсан. Түүнийг олон нийтийн сүлжээнд Монголын “Марко поло” хэмээн нэрийдээд амжив. Шинжилгээгээр Г нь коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон хэдий ч үргэлжлүүлэн 72 цагийн карентинд байгаа аж. Г-ийн аав Ө.Харилбайтай ярилцлаа.


-БНХАУ-д шинэ төрлийн халдварт өвчин дэгдэж, улс орон бүр онцгой нөхцөл байдалтай байна. Хүү тань өвчний голомтоос ирэхдээ маш олон газраар дамжсан, түүнийгээ эмнэлгийн байгууллагад мэдэгдээгүй гэсэн мэдээллүүд гараад байна. Болсон явдлыг тодруулахгүй юу?

-Юуны өмнө бодит мэдээллийг эрэлхийлж бидэнтэй холбогдсон танай сонины хамт олонд баярлалаа. Би Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын албыг хашдаг хүн. Хүүг маань Ганболд гэдэг. Оюутан. Одоогоор нэг жилийн чөлөөтэй байгаа. Хүү маань 2019 оны арванхоёрдугаар сарын 14-нд хэсэг найзуудынхаа хамтаар БНХАУ-д хэл сурахаар явсан юм. Тэр газар нь Ухань хотоос хол байдаг. Нэгдүгээр 10-нд тэр газраасаа Эрээнд ирээд тамгаа даруулаад буцсан. Тухайн үед бол БНХАУ-д коронавирусийн халдвар гараагүй байсан үе. Ингээд нэгдүгээр сарын 24-нд БНХАУ-д өвчин гарлаа гэж олон улсад зарласан. Тиймээс хүү маань найз нөхөдтэйгөө Монгол руу буцахаар болсон. Хоёрдугаар сарын 2-нд Эрээн хотод автобусаар ирсэн байгаа юм. Тэгэхэд Эрээн хотын холбогдох албаны хүмүүс нь “Та нарыг хилээр гаргах боломжгүй. Хууль журам гарсан байгаа. Бээжин хотод очиж олон улсын галт тэргээр ирээрэй” гээд явуулсан байна. Түүнийх нь дагуу хүү маань найз нөхөдтэйгөө хамт Бээжин хотод очоод орон нутгийн галт тэргэнд сууж Эрээнд хоёрдугаар сарын 5-нд ирсэн байдаг. Мэдээж Бээжин, Эрээн аль, алинд нь очиход монголчуудын халууныг хэмжиж, биеийн байдлыг нь тандаж, ариутгал хийсэн байдаг.

-Эрээний талаас тавьсан шаардлагыг л биелүүлж нааш, цааш явсан байна шүү дээ?

-Тийм ээ. Ингээд Эрээнээс Замын-Үүдээр нэвтэрсэн. Тэндээсээ Улаанбаатар ирж хоёр хоносон. Залуу хүүхэд хойно найз нөхөдтэйгөө уулзсан байгаа юм. Түүнийг нь бид буруутгах аргагүй шүү дээ. Ингээд 8-ндаа Улаанбаатар-Ховд аймгийн хот хоорондын автобусанд суугаад Ховдод ирсэн. Замдаа мэдээж зорчигчидтойгоо хамт хооллосон байж таарна шүү дээ. Ховд аймагт 9-ний орой ирсэн учраас дахиад хоноглох хэрэгтэй болсон гэсэн. Хоёрдугаар сарын 11-нд жижиг машинд суугаад гэртээ ирсэн хүүхэд.

-Сэжигтэй байдал хэзээ илэрсэн бэ. Хүүг тань ханиалгаж, халуурч байсан учраас тусгаарласан гэж албаныхан мэдээлсэн?

-Жаахан халуурч байснаас өөр зүйл байгаагүй. Гэртээ ирэнгүүтээ усанд орсон. Хоол, цай ч сайн идэж чадаагүй байхад би эмнэлэг аваад явсан юм. Тэр үед орой 20:00 цаг болж байсан байх. Үнэндээ би л хүүгээ тийм байдалд оруулсан хүн. Би өөрөө төрийн албан хаагч учир энэ айхавтар өвчний талаар мэдээлэл тогтмол авч байгаа. Гадна, дотноос ирсэн хүмүүс нутаг орондоо үзүүлэх ёстой гэхээр нь хүүгээ ирэнгүүт цай хоол ч сайн өгөхгүйгээр эмнэлэгт аваад очсон. Эмнэлэгт очоод эмчтэй нь энэ тухай маш нухацтай ярилцсан. Тэр үед хүү маань ч эмчид “Эрээнээс Бээжинд очоод галт тэргээр ирсэн. Олон газраар урт замд явсан учраас толгой жаахан өвдөж байна. Мөн олон хоног мах идээгүй болохоор Эрээнд ирэхдээ мах идсэн” гэдгээ хэлсэн. Тухайн үед эмч болон миний гаргасан алдаа бол хүүгээ яг хаагуур, хаагуур явсан гэдгийг нарийн сайн асууж тодруулаагүй л явдал юм билээ. Бид энэ айхавтар өвчний талаар л яриад өнгөрсөн. Ингээд би хүүгээ эмнэлэгт орхиод 21:00 цагийн үед хоол авч ирэхээр гэр лүүгээ явсан юм. Гэртээ иртэл хамаатан садан, найз нөхөд, ажлын хүмүүс утсаар яриад “Танай хүүгээс коронавирус илэрсэн хэрэг үү” гээд л сүйд болсон. Хүүхдүүд хүртэл “Аав аа, интернэтэд ийм мэдээлэл гарчихаж” гээд үзүүлсэн. Хартал “Баян-Өлгий аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрлээ”, “Ганболд гэх нөхөр ямар ч хяналтгүй олон газраар явсан байна” гэсэн утгатай хүүгийн маань нэр устайг нь зарлачихсан мэдээлэл гарчихсан байсан. Бид маш их шоконд орсон.

-Хүү тань хаагуур яаж явснаа нарийн сайн тайлбарлаагүй, зугтаасан. Өөр олон хүмүүсээс асууж сураглаж байж хаагуур явсныг мэдсэн гэсэн шүү дээ?

-Урт замд яваад ядарч ирсэн хүнийг хэл амгүйгээр шууд аваачаад хорьчихоор хүү маань битгий хэл би шоконд орсон. Тэгээд л нарийн тодорхой зүйл асуухад хэлээгүй юм билээ. Уг нь бол анх эмчдээ өөрийнхөө талаар тайлбарласан шүү дээ. Зугтаасан зүйл байхгүй. Хүнийг сэтгэл санааны дарамтад тэгж шууд оруулж болохгүй. Дэргэд нь би байсан. Надаас хэрэгтэй мэдээллүүдээ эмч нар асууж болох байсан. Тэгээгүй. Ингээд хүүг маань 72 цаг тусгаарлаж, манай гэрийнхнийг ч гэрийн хорионд оруулахаар болсон. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд маш их цочирдмоор мэдээллүүд гарч байсан. Түүнд л их харамсаж байна.

-Хүү тань юу гэж байх юм. Уулзсан уу?

-Хүүтэйгээ нэг удаа ярьсан. Надад уурласан. “Та яаж байгаа юм бэ. Би өөрийнхөө биеийг мэднэ. Тэр өвчний талаар ч мэдэж байгаа. Халуун газарт явж байгаад Монголд, хүйтэн газарт ирэхээр халуун, хүйтэн харшиж бие эвгүйрхэж байгаа. Гэтэл та намайг Монгол даяар, нутаг орон, найз нөхдийн дунд эвгүй байдалд оруулчихлаа” гээд уурласан. Би өөдөөс нь “За яах вэ, эрүүл байвал болно. Тайван бай” гэсэн дээ.

-Коронавирус илрээгүй болох нь батлагдчихлаа. Хүү тань гэртээ гарсан уу?

-Гараагүй байна. “Коронавирусийн тохиолдол биш байна, та тайван бай. Хүү тань ч гомдож уурлаж байгаа байх. Гэхдээ Улсын онцгой комиссын журмаар дахин 72 цаг хянах хэрэгтэй” байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдэгдсэн. Тэр хугацаа нь ирэх даваа /өнөөдөр/ гаригт дуусна. Гэрийн хорио бол өчигдөр /өнгөрсөн баасан гаригт/ тавигдсан. Энэ үйл явдал манай гэр бүлийн хувьд маш хүнд туслаа. Эмнэлэгт хүн яваад очиход хамгийн түрүүнд анхны тусламж үзүүлдэг. Гэтэл хүүг маань тусгаарлаад 30 цаг өнгөрөхөд ямар ч арга хэмжээ аваагүй. 30 цагийн дараа л эмч нар яаралтай хуралдаж арга хэмжээ авч эхэлсэн. Бид очиж асууж тодруулж байж сая нэг эмч нар анхаарал тавьж, эмчилгээ хийж хэлсэн байгаа юм. Хэрэв өөр суурь өвчтэй хүн байсан бол ийм урт хугацаанд бие нь яаж ч муудах эрсдэлтэй байсан.

-Танай нутагт коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ хэр авагдаж байна вэ?

-Хүүг маань анх эмнэлгийн хүлээн авахын нэг өрөөнд тусгаарласан. Түүнээс биш яг энэ өвчний сэжигтэй үед тусгаарлах тусгай өрөө бэлдээгүй байсан. Ингээд бодохоор маш хангалтгүй нь харагдаж байгаа болов уу. Ганц хүүгийн маань асуудал биш, өөр ямар ч төрлийн халдварт өвчин дэгдэхэд тусгаарлах өрөө тасалгаа, эмчилгээ бэлэн байх ёстой. Гэтэл хүүг маань зориулалтын бус газарт тусгаарлаж, 72 цаг өнгөрч байхад сая нэг тусгаарлах өрөө засч янзалж байсан. Буруу ташаа мэдээлэл богино хугацаанд цацдаг хүмүүс өөрсдөө ямар ч бэлтгэлгүй байсан нь их эмзэглэмээр зүйл.

-Олон нийтийн сүлжээнд хүүгийн тань талаар янз бүрийн мэдээлэл гарч байсан. Та уншсан уу?

-Харалгүй яах вэ. Маш хүнд тусахаар мэдээллүүд байна лээ. Миний хүүхэд зориуд тэр хотод очоод вирус аваад Монголоор нэг тараасан утгатай мэдээлэл дийлэнх байсан. Ах дүү, нутаг орны хүмүүст буруу ойлголт өгсөн мэдээлэл маш их байсан. Үнэнийг мэдэж байгаа тулдаа бид тайван байна. Өөр хүмүүс бол амиа хорлож ч мэдэхээр мэдээллүүд байсан. Хамт яваад үзсэн юм шиг л бичсэн байна лээ. Албаны хүмүүс ч тэр, маш хариуцлагагүй хандсан. Ард түмний сэтгэл санааг үймүүлэх, буруу ташаа ойлголт өгөх мэдээллийг цацах ёсгүй. Ховд аймгийн Засаг дарга гэхэд энэ талаар мэдээлэл олон нийтэд өгөхдөө “Ховд аймгийн “Цамбагарав” зочид буудалд Баян-Өлгий аймгийн монгол нэртэй Ганболд гэх казах залуу хоёр хоноод явсан. Буудалд хөл хорио тогтоогоод байна” гэж ярьж байсан. Тэр хүн уг нь аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга хүн. Хүнийг нэр төр, алдар хүнд, яс үндсээр ялгаварлахыг Үндсэн хуулиар хориглодог. Ядаж хүүгийн маань нэрийг нь бүтэн хэлэхгүйгээр мэдээлэл өгч болно оо доо.

Би хүүхдээ өмөөрч төр засаг, ард түмнийг муулах гэсэндээ биш. Ганц манай хүү Монгол даяар сэжигтэй илэрсэн хэрэг биш. Олон аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдэж байна. Дээр нь БНХАУ-аас Монголд 430 хүн өвчин гарснаас хойш орж ирсэн гэж байна. Яагаад тэр хүмүүсийг шалгаж шинжилгээ авч тогтоохгүй байгаа хэрнээ ганц миний хүүг ийм байдлаар олон нийт, нутаг оронд, Монгол даяар муухай харагдуулахаар юм хийчихэв. Үүнд л харамсаж байна даа, ах нь. Цаашдаа ийм байдлыг аль аль талдаа анхаараасай. Би хэдийгээр эцэг нь ч гэсэн хүүгээ өмөөрсөн хэрэг биш. Бодит явдлыг л хэллээ.

-Ганболд танай хэд дэх хүүхэд вэ?

-Манай том хүү. Манайх гурван хүүтэй. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, Монголын ард түмнээс минь энэ айхавтар өвчин холуур өнгөрөөсэй. Өвчний халдвар манайд битгий орж ирээсэй. Монголчууд бид чинь ухаалаг ард түмэн шүү дээ. Энэ дашрамд, Баян-Өлгий аймгийн уидридлагууд, Онцгой комиссын гишүүд, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар болон бидэнд дэмжиж тусалсан бүх хүмүүстээ маш их баярлалаа.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *