Categories
мэдээ цаг-үе

Коронавирусийг дарангуйлж, хүчийг нь сулруулдаг “Фавипиравир” буюу “авиган” эм

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл улс орон бүрийн мөрөөсөл болоод байгаа коронавирусийн эсрэг “Авиган” эмийг Японоос авчирч буй талаар өөрийнхөө фэйсбүүк хаягаар мэдэгдсэн. Тэрээр “Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлыг боломжтой бүх хэлбэрээр Засгийн газар шийдвэрлэж байгаагийн нэг үр дүн энэ. Үнэ өндөр, шинэ брэнд эм” гэж тодотгосон нь олон хүний анхаарлыг татлаа.


“АВИГАН”ГЭЖ ЮУ ВЭ?

Албан ёсны нэршил нь Фавипиравир, худалдааны нэр нь Авиган (Avigan). Мөн “Фавэйлавэй”, “Т-705” гэх мэтээр нэрлэдэг. Фавипиравир (Favipiravir)-ийн химийн томьёо нь: C5H4FN3O2

БНХАУ-ын Ухань хотод коронавирус дэгдсэний дараахан “Авиган” эм коронавирусээр халдварласан хүмүүсийн эдгэрэлтэд сайн нөлөөтэй байгааг Хятадын эмч нар тогтоогоод “Коронавирусийн эм” хэмээн тодотгосон юм. Үүнийг ОХУ анхааралдаа авч, уг эмийн үйлдвэрлэлтэд даруй анхаарал хандуулахыг холбогдох хүмүүстээ үүрэг болгоод байна. Хэд хэдэн оронд “Коронавирусийн эсрэг эм гарчээ” гэх үнэн худал нь үл мэдэгдэх мэдээлэл явж байсан бөгөөд тэр мэдээнүүдийн ард “Авиган” эм байжээ. Энэ эмийг олон янзаар нэрлэж байсан нь ийнхүү хүмүүст төөрөгдөл төрүүлсэн юм байна.

“АВИГАН”-ЫГ ЗУРГААН ЖИЛИЙН ӨМНӨ ГАРГАЖ АВЧЭЭ

Японы “Fujifilm Toyama chemical” компани одоогоос зургаан жилийн өмнө томуугийн эсрэг “Авиган” эмийг үйлдвэрлэн гаргасан бөгөөд энэ эмийг Эбола, чичрэг өвчний үед хэрэглэж байжээ.

Харин энэ эм нь шинэ коронавирус (Ковид-19)-ийн эсрэг үйлчилгээтэй болох нь зарим туршилтаар батлагдаад байгаа учир олон улсад эрэлт үүсгэж, улс орнуудын Засгийн газар уг эмийн үйлдвэрлэгчдэд хандаад байгаа юм. Үүнээс үүдэн Японд “Авиган” эмийг “Ковид-19”-ийн эсрэг эмчилгээний зорилгоор ирэх зургадугаар сараас эхний удаад 100 хүн дээр туршихаар болжээ. Харин Хятад улс энэ эмийг туршилтад оруулж, нааштай үр дүнд хүрээд байна. Хятадын эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд “Авиган” эм коронавирусийн халдвар авсан өвчтөний уушгины үйл ажиллагааг сайжруулах нөлөөтэйг тогтоосон тухай олон улсад мэдээлэгдээд байна. Хятадын Ухань хотод “Ковид-19”-өөр халдварласан 340 өвчтөнд клиник туршилт хийхэд хөнгөн болон дунд зэрэг хүндрэлтэй өвчтөн дээр сайн үр дүн гарсан бөгөөд эдгэсэн 10 хүний есийнх нь уушги илааршиж байгааг рентген зургаар баримтжуулжээ.

Коронавирусийн улмаас гэмтсэн уушги хожим сэргэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. САРС-аар өвдсөн зарим хүний уушгины хатуурал 6-12 сарын дараа сэргэсэн тухай зарим эрдэмтдийн тэмдэглэл байдаг.

“АВИГАН” УУСАН ӨВЧТӨНҮҮДИЙН БИЕИЙН ХАЛУУН БОГИНО ХУГАЦААНД БУУРЧ, ХАНИАЛГАНЬ НАМДАЖ БАЙНА

БНХАУ-ын Шинжлэх ухаан, техникийн яамны дэргэдэх Биотехнологийн төвийн тэргүүн Жан Шиньминь “Фавипиравир” эмийг эмнэл зүйн үүднээс шинжлэхэд коронавирусээр үүсгэгдсэн өвчлөлийг эмчлэхэд үр дүнтэй болохыг харуулж байна. Энэхүү эмийг хэрэглэсэн өвчтөнүүд илүү түргэн эдгэрч, тэдний уушги хурдан сайжирч байсан” гэжээ. Түүний хэлснээр, Гуандунь мужийн Шэньжэн хотын Ардын гуравдугаар эмнэлэг коронавирусийн халдвар илэрсэн 801 өвчтөнийг судалгаанд хамруулсан бөгөөд тэдний 35 нь “Фавипиравир” эмийг хэрэглэсэн байна. Энэхүү эмийг уусан өвчтөнүүдийн шинжилгээ дөрвөн хоногийн дараа сөрөг дүнтэй гарсан бол бусад өвчтөнүүд дунджаар 11 хоногийн дараа эдгэрч эхэлжээ. Түүнчлэн, энэ эмийг хэрэглэсэн 35 өвчтөний уушгины байдал мэдэгдэхүйц сайжирсан аж. Мөн энэ эмийг Уханийн их сургуулийн дэргэдэх Жуннанийн эмнэлэгт туршжээ. Туршилтад 120 өвчтөн хамрагдсан бөгөөд энэ эмийг хэрэглэсэн өвчтөнүүдийн халуун богино хугацаанд буурч мөн ханиалга нь хөнгөрч байжээ. Тиймээс судлаачид “Фавипиравир” эмийг коронавирусийн эсрэг хэрэглэхийг албан ёсоор зөвлөж, ойрын хугацаанд коронавирусийн халдварын эсрэг хэрэглэх эмийн жагсаалтад оруулахыг санал болгож байгаа юм. “Авиган” нь коронавирусийг дарангуйлж, хүчийг нь сулруулах замаар бусад эмчилгээнд түлхэц өгөх суурь болж байгаа аж. “Фавипиравир” эм нь аюулгүй болох нь тогтоогдож, 2014 онд Японы зах зээлд гарснаас хойш сөрөг үр дагавар ажиглагдаагүй юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *