Categories
мэдээ нийгэм

“Коронатай дайтсан нь” гэдэг эмгэнэлт жүжиг

-ЕРӨНХИЙ НАЙРУУЛАГЧ У.ХҮРЭЛСҮХ, НАЙРУУЛАГЧ Я.СОДБААТАР, Ч.ХҮРЭЛБААТАР,Т.МӨНХСАЙХАН ГОЛ ДҮРҮҮДЭД…?!-

Г.ЖАМЬЯН (МУСГЗ)

Бүтэн жил, “гэрийн хорионд” сууж байхдаа ийм эмгэнэлт жүжиг үзнэ гэж даанч бодоогүй юмсан. Энэ аюулт цар тахлыг ч манайхан дор нь дараад авна даа гэж итгэж байлаа. Энэ итгэлийг Ө.Энхтүвшин, Д.Сарангэрэл, Нямхүү… нар өгч байсан юм. Эрүүл мэнд, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, хил гааль цагдаа хүчнийхэн, сэтгүүлчид… бүгд нэг хүн шиг сэтгэл зүтгэлээр хандан цар тахлыг хазаарлан барьж, дотооддоо нэг ч халдвар гаргалгүй, ганц ч хүн үхүүлэлгүй бүтэн арван сарыг үдэж билээ. Энэ баатарлаг үйлстнээрээ бид бахархаж байсан. Дэлхий гайхаж, дээд тэнгэр хүртэл нар хураараа ивээж байсан. Цөөн хэдэн эрх мэдэлтэн мөнгийг нь авч халаасалчихаад “мөрөөрөө үх” гэсэн шиг муухай царайлж байхад манай ард түмэн гутраагүй, шантраагүй, шийдвэр бүхнийг нь дагаж байснаас ганц ч иргэнээ энэ аюулт тахлаар алдаагүй юмсан. Дуулгавартай, ухаалаг ард түмэн гэдгээ энд л харуулж байсан.

Сонгуулийн “солио” хөдөлсөн. АНУ-ын хар машин хувь заяаг шийдэх болсон. Бүх мөнгө тийшээ урссан. Одоо ч тийшээ урсаж байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль гэж ер бусын “зодоон” болно гээд ам дамжсан яриа аль хэдийнэ хүчээ авсан. Америк нөхөртэй монгол эмэгтэй анх түрүү Ерөнхийлөгчид өрсөлдөх санаатайгаа интернэтээр цацлаа. Бидний эрүүл мэнд, амь нас ч хамаагүй болж. Нам,сонгууль, хар машин л “шүтээн” болж байх шиг байна.

Уул нь, энэ коронавирус гэх цар тахлыг хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэг уг үндэсгүй дараад авах бүрэн боломж байсан гэж манайхан үздэг. Эрх мэдэлтнүүд дэндүү назгайрсан, мөнгө хөрөнгөө ард түмнээсээ харамласан, судалгаа дүгнэлт хийгээгүй гэж олон түмний буруутгаж байгааг би хувьдаа хүлээн зөвшөөрдөг. Тэр дундаа Улаанбаатарыг тэр чигтээ гаргуунд нь гаргасан. Бусад аймаг хотуудад гарсан халдварыг яаж түргэн дарж авав?! Хариуцаж, удирдаж байгаа хүнээс л болж байна. УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн дараа коронавирустэй гардан “тулалдаж” байсан бүх удирдлагыг өөрчилсөн. Эрх баригчдын өмөг түшиг болсон хүмүүсийг гаргаж ирсэн. Эндээс л корона гэдэг “эмгэнэлт жүжиг” эхэлсэн дээ. Би хэдэн баримт авъя.

Нэгдүгээрт: Цар тахалтай улаан гараараа тулалдаж, туршлага суусан хүмүүс, тухайлбал Засгийн газрын шадар сайд Ө.Энхтүвшинг халаад У.Хүрэлсүх өөрийнхөө баруун гарын найз гэгддэг, ЖДҮ-гийн хамсаатан Я.Содбаатарыг шадар сайд бөгөөд УОК-ын даргаар томилж байгаа юм. Энэ хүн цар тахал гэдгийг мэддэг ч юмуу, үгүй ч юмуу бүү мэд. Сайд байгаад огцорсон, сайнгүй л нэр хүндтэй хүнийг аваачаад залчихсан. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг чөлөөлөөд олон түмэн огт мэдэхгүй нэг залууг сайд болгож байгаа юм. Т.Мөнхсайхан, сайн залуу байж болно оо. Хамгийн гол нь энэ хүнд үед гол яамаа туршлагатай эрдэмтэн мэргэд, нэр хүндтэй вируслогчидоороо удирдуулж болно шүү дээ. Манай улсад, Монголдоо төдийгүй олон улсад танигдсан, шүтэгдсэн вирус судлаачид, нэртэй эмч нар олон байна. Тэднээсээ сайд болгож яагаад болоогүй юм? Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Нямхүүг халах гэж мөн ч их оролдлоо доо. Хувь заяа нь яаж эргэхийг бүү мэд. ОБЕГ-ын дарга, хотын дарга, ер нь бүгдийг л өөрчиллөө. Энэ өөрчлөлтүүдийг харахад дандаа л хувийн эрх ашгийг хөндсөн, улс эх орны эрх ашгийг гаргуунд нь хаясан байдал ажиглагдаад байгаа юм. Арван сар, нойр хоолоо мартан цар тахалтай “ноцолдсон” хүмүүсээ зайлуулаад юу болов? Коронавирусийн халдвар Монголд мянга хол давлаа. Гуравхан сая хүнтэй Монголыг бусад улс оронтой харьцуулбал аймаар тоо шүү. Халдварыг дотооддоо алдаж хичнээн ч аймаг, хотыг хамрав даа? Хэд хэдэн хүн нас барлаа. Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлыг сунгаад л байгаа.

Хоёрдугаарт: Засгийн газар, Монголбанк “мөнгөгүй” гэж гүрийсэн хэвээрээ л байна. Ард түмэндээ хэлдэг үг нь энэ. Цаанаа ямар байгаа билээ. Монголбанкинд зөвхөн валютын нөөц 4,5 тэрбум ам, доллар байгаа гэж зарлагдаад байгаа. Төвийн банкны тэр том танхим дүүрэн алт хураачихсан.Миний сонссоноор бол энэ их нөөц хөрөнгийг байгалийн гамшиг сүйрлийн үед хэрэглэхээр нөөцөлдөг юм гэсэн. Тэгвэл одоо л ид хэрэглэхээр үе нь болоод байгаа юм биш үү?! Дэлхийн улс орнууд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө яаж анхаарал тавьж байна гээ. АНУ, Хятад мэтийн олон улс гүрэн хүн арддаа бэлэн мөнгө тараалаа. Д.Трамп одоо АНУ-ын бүх иргэддээ 2000 ам.доллар тараая гэж уриалаад байгаа. Бразил баячуудаасаа асар өндөр татвар хураамж авлаа. Ер нь улс болгон л ийм шийдвэртэй арга хэмжээ авч байх юм. Тэгтэл манай эрх баригчид ард түмнээ харж хандсан жүжиг тоглож байгаа. Ерөнхий сайдын, биднийхээ төлөө авч байгаа 23 арга хэмжээ гэгчээс одоо болтол хэрэгжсэн зүйл байна уу?! Бараг үгүй дээ. Зүгээр л телевизээр жүжиг дэглэж ард түмнийхээ амыг хаагаад байгаа. Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүх хүндээ нэг сая төгрөг бэлнээр олгоё” гэлээ. МАН, Засгийн газрын удирдлага зөвшөөрсөнгүй. Олон нийтийн саналаар бол дундаас доош орлоготой бүх өрхөд 3-5 сая төгрөг, тун боломжгүй бол 2-3 ся төгрөг бэлнээр тарааж хөл хорионы хүнд байдалд орсон иргэддээ нэг удаа тусалъя гэлээ. Мөн л МАН, Засгийн газар чихгүй юм шиг таг чиг! “Дэлхийн хүн амыг цөөлөх” бодлогыг чинь манай эрх баригчид битүүхэндээ дэмжээд байгаа юм биш үү! Хүмүүс бухимдаж байна.

Гуравдугаарт: Ерөнхий сайдын амласан амлалтын нэг гол зүйл нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хувийн хөдөлмөр эрхлэгчдээ дэмжих явдал байсан. Бас л “жүжиг” тоглоод өнгөрлөө. Импортын чухал хэрэгцээтэй зүйл оруулж байгаа 39 аж ахуйн нэгжийг хил гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан. Түүгээр жирийн үйлдвэрлэгчдэд, нийт ард түмэнд нялзаж байгаа зүйл бий юу? Би л олж харахгүй байгаа. Татвараас чөлөөлөгдсөн аж ахуйн нэгжүүд гол нь цалин хангамжаа нэмээд, бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулаад эхлэх байх гэж харж байсан. Ядарсан ард түмэнд нялзсан юм огт алга. Хүмүүсийн дам яриагаар бол “татвараас чөлөөлөгдсөн тэр аж ахуйн нэгж, пүүс компаниуд чинь дарга сайд нарын хамааралтай, тэднийг л дэмжсэн санаачилга байхгүй юу. Ард түмэнд бол ямар ч нэмэргүй” гэх юм. Ортой ч байж магадгүй. Би л хувьд үнээ бууруулсан, үгүйдээ нэмэлгүй хатуу барьж байгаа компаниудыг одоо болтол олж харахгүй л байгаа юм. Жирийн ажилчдын цалин орлогыг нэмэх ч бүр орхигдсон. Татвараас чөлөөлөгдсөн аж ахуйн нэгж, пүүс компаниудыг хэний хамаарлын, хэн гэгч эзэнтэй, ямар хөнгөлөлт эдлээд, жирийн иргэдийн төлөө юу хийснийг нь шалгадаг хянадаг газар байвал, нэг нарийн үзэхэд илүүдэхгүй л болов уу.

Дөрөвдүгээрт: Гамшгийн үеийн бэлэн байдлын зэргийг сунгаж, сулруулж байгаа нь зүгээр л жүжиг! Иргэдийн 80 хувийн “сулруул” гэсэн саналаар гэнэ. Худлаа шүү дээ. Хөгшчүүл, хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “гэрээсээ гарч болохгүй” гээд бараг бүтэн жил хорьчихсон. Тэгсэн чинь залуучууд, архичдыг болохоор сул чөлөөтэй, толгойг нь илээд явуулаад байгаа. Их нарийн аргатай. Телевиз, интернэтээр “архи хориглосноос болж хайран хүмүүс амь насаа алдлаа. Хортой архи уугаад дөрвөн хүн нас барж гэнэ” гээд л шуугиулж, бараг л гашуудал зарлаж байгаа. Энэ чинь өнөөх л архи үйлдвэрлэгчид, борлуулагчдын арга шүү дээ. Архинд дуртайд нь архи, мөнгөнд дуртайд нь мөнгө өгдөг байлгүй. Тэгээд та нар хараарай. Хоёр гуравхан тоо харахад л бүгд ойлгогдоно. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хоногт 70-120 хүн л эрүүлжүүлэгддэг байж. Энэ бэлэн байдлыг сулруулсан аравдугаар сарын 20-нд ганц хоногт 540 хүн эрүүлжүүлэгдэж байгаа юм. Хэд хоногийн дараа өндөржүүлсэн бэлэн байдлыг чангатгаж гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдал зарласан. Тэгэхэд бүх хорио цээрийг чангатгасан хэрнээ, ганцхан архи, вино, пиво хориглолгүй хэвээр нь үлдээсэн. Хотын удирдлагуудын саналыг засгийн газар, УОК дэмжиж байгаа нь тэр юм гэнэлээ. Энэ тухай дарга нар ам ангайх ч дургүй байгаа. Ингээд Улаанбаатар хот шинэ жилийн өмнө тэр аяараа “мансуурах”шиг болсон. Засгийн газар, УОК-ын хуралдаанууд болсон 12 дугаар сарын 4-нд гэхэд 327 хүн эрүүлжүүлэгдэж, 81 хүн согтуугаар машин жолоодон арга хэмжээ авагдсан байна билээ. Сайндаа л хэдэн төгрөгөөр торгоод өнгөрч байгаа л даа. Ийм байхад “коронавирусийг дарна” гэж ямар ч бэлэн байдал зарлаад яах юм?! Энэ өвчний гаралт чинь архитай шууд холбоотой, хаана нийлж архиднав, зугаалж цэнгэнэв, тэнд л голомтлон гарч байгаа. У.Хүрэлсүхийн найруулсан “жүжгийн”гол эмгэнэл эндээ байгаа юм. Шинэ жилийн өмнө зориуд Улаанбаатарыг архинд живүүлсэн хүмүүст арга хэмжээ байхгүй юу? Архи үйлдвэрлэдэг, борлуулдаг найз нөхдийгөө ивээн тэтгэж, Улаанбаатарыг архин далайд живүүлчихээд цар тахалтай тэмцэж байгаа худлаа дүр бүү эсгэ лдээ.

Тавдугаарт: Наад “жүжиг”-ийн чинь оргил хэсэг нь өндөр зардалтайгаар хүмүүсээ гадаадаас татаж авах, онгоцоор хориотой бараа, тухайлбал тамхи тээвэрлэхэд байгаа юм. Монголчуудын тал хувь нь гадаадад байдаг юм байна. Жилийн дотор хичнээн ч мянган хүн ирэв дээ! Ирж очиход учир их байна. Нутгаа, гэр орноо гэлгүй яахав. Хэнчиг л нутаг орноодоо тэмүүлнэ. Гэхдээ, БНСУ-д сурдаг нэг залуу телевизээр: “Эрсдэл тээж, эх орондоо очмооргүй байна”гэж тун үнэн ярьсансан. Энэ бол бодууштай үг шүү. Хилээр орж ирсэн бараг бүх онгоц, машинаас коронавирус илэрч байна. Хамгийн сүүлд гэхэд Улаанбаатар-Франкфуртын тусгай үүргийн онгоцноос долоон халдвар илэрлээ. Тэр зорчигчдоос цаашид хичнээн өвчтөн илрэхийг бүү мэд. Онгоцонд нэг л халдвартай хүн суувал тэр битүү орчинд амархан тарчихдаг, нууцаар хадгалагддаг юм байна. Ирсэн хойно аав ээж, эхнэр хүүхэд, ойр дотныхондоо халдаагаад их л эрсдэлтэй бололтой юм. Монголд чинь тусгаарлах олигтой байр ч бараг алга боллоо. Ийм нөхцөлд “Заавал нутагтаа очно”, “Заавал хүмүүсээ татаж авна” гэдэгт болгоомжтой хандмаар санагдана. Онгоцныхон бол далимд нь нууцаар тамхи зөөх гэж яардаг л бололтой юм. Тусгай үүргийн онгоцонд нууцаар тамхи зөөдөг хүмүүст хариуцлага тооцсон уу? Хав дараад өнгөрсөн үү? бүү мэд.

Зургадугаарт: Засгийн газар “Ядуустаа мөнгө тараахгүй. Харин цахилгаан, дулаан, хогны чинь төлбөрийг тэглэлээ”гэж жүжиглэсэн. Ерөнхий сайд нь үгээ хэлээд бараг дуусаагүй байхад л булхай нь илэрсэн. Үнэгүй болсон цахилгааны ачаалал хэтрээд шугам сүлжээ нь улайсч, бараг л Улаанбаатар “шатахад” хүрсэн юм байх. Засгийн газар нь цахилгаан дулаанаа хариуцсан яамтай, нүсэр бүтэц зохион байгуулалттай газар шүү дээ. Үнэхээр л ард түмнийхээ амьдрал, ахуй нөхцөлийг харсан бол эхэлж судалгаа хийгээд, мэргэжлийн түвшинд хэлэлцээд, Засгийн газартаа оруулж, Ерөнхий сайдаараа хэлүүлмээр юм. Гэтэл, Ерөнхий сайд нь хам хум зарлаж оноо аваад, ард түмэн нь өнөө хүртэл үр шимийг нь хүртэж чадаагүй, телевиз нээх болгонд гомдол санал үргэлжилж байгаа чинь “жүжиг” биш, юу юм бэ?!

Долдугаарт: Улаанбаатарт одоо цар тахал гараагүй эмнэлэг хэд үлдэж байгаа юм? Жирийн өвчтөнүүд очоод оочер дугааргүй үзүүлчих эмнэлэг байна уу? Хот, дүүргийн хэдэн том эмнэлэгт коронавирусийн халдвар голомтлон гарлаа. Хамаг айдас энд л байна. Тэхэд манай эрхэм дээдэс их л уужуу тайван явах шиг. Үндэсний их баяр наадмын тухай, шүүхийн тухай гэхчлэн хууль яриад л, ухаан санаа нь тэнд л байх шиг. Ор дэр хүрэлцэхээ боливол, гэрт нь тусгаарлана ч гэх шиг. “Мунхагийн дотор саруулхан” гэдэг л энэ байх даа. Хотын захиргааг хуйвалдаанаар нүүлгэнэ гээд, барьчихсан том цогцолбор уулын аманд хэвтэж байна. ХСҮТ-ийн хашаанд эмнэлгийн зориулалтаар барьчихсан том барилга бий. Түлэнхийн төвөө яаравчилсан бол өнөөдөр тэр том цогцолбор ажиллаж л байх байсан. Ийм хэрэгтэй зүйлд болохоор хөрөнгө хүч байхгүй гээд хойш нь тавьчихдаг, тэгээд сонгуульд зориулсан аахар шаахар зүйлд баруун солгойгүй мөнгө цацаад байгаад чинь ард түмэн бухимдаж байна, У.Хүрэлсүх ээ! Би тэгээд өөрийг чинь, тойрон хүрээлэгчидтэй чинь “Корона гэдэг эмгэнэлт жүжгийн найруулагч” гээд байгаа юм. Та нарт албан тушаал, алдар цол, эд хөрөнгө, өргөн олны хайр хүндэтгэл бүгд олдоно. Энэ хүмүүсийн чинь эрүүл мэнд, амь нас л эргэж хэзээ ч олдохгүй шүү. Дүү минь сайн бодоорой!!

Наймдугаарт: Энэ аюулт цар тахал чинь хүний хариуцлагагүйгээс л Монголд голомтлон гарчихлаа шүү дээ.“Алтанбулаг боомт”,“Энх саран”, “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг”, “Мөнххада”- төв… гэхчлэн. Эдний ард их том сайд дарга нар байдаг гэж хүмүүс ярьж байна. Хууль хяналтынхан ч байдаг бололтой. Бүх юм нууц. Худал мэдээлбэл хорино шийтгэнэ гээд сэтгүүлчдийн маань хөлийг “тушиж” “амыг барьсан”. Тэгээд худлаа “хариуцлага” яриад байгаа. “Хариуцлага тооцно”,“Хариуцлага тооцож байна”, “Хатуу арга хэмжээ авна” гэж худал сүржигнэдэг. Наад “эмгэнэлт жүжиг”-ийн чинь гол агуулга энэ л байгаа юм. Гарсан хэрэг зөрчил бүхнийг гамшгийн үеийн бэлэн байдлын хуулиар дор бүр нь арга хэмжээ авч, олон түмэнд ил тод мэдэгдээд байсан бол өнөөдөр Монгол Улс ийм хүнд байдалд орохгүй байсан юм. Төр засгийн удирдлага, хууль шүүхийнхэн нь “унтаж” байгаа улс оронд л ийм эмгэнэлт байдал гардаг, үргэлжилдэг байхгүй юу?! “Зориудаар өвчин тараасан” гэдэг зүйл ангиар шийтгэгдэх хүмүүс захаас аван бий шүү.

Есдүгээрт: Дэлхий нийтийн хамгийн сүүлчийн горьдлого вакцин боллоо. Улс гүрнүүд уралдаад л вакцин үйлдвэрлэж туршиж байснаа, одоо хүмүүсээ хэдэн саяар нь тариад эхэллээ. АНУ л гэхэд өдөрт 2 сая хүнээ вакцинжуулж байгаа гэнэ. Манайх уул нь вакцин авна гээд гадаадаас зээл тусламж ч авч байгаа бололтой мэдээлж байсан. Одоо бүр, захиалаагүй, мөнгө төлөөгүй хэдэн улсын тоонд орсон бололтой. Зарим мэдээллээр 2021оны сүүлчээр вакцинжуулах юмуу даа. Улс гүрнүүд хүмүүсээ вакцинжуулаад дууссаны дараа манайх эхлэх бололтой юм. Би тэгээд хардах боллоо. Өнөөх жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгийг далдуур хуваагаад авчихдаг шигээ коронагийн нэрээр баахан зээл тусламж аваад, дээгүүрээ хуваагаад халаасалчихаж байгаа биш байгаа даа?! Ер нь ядарсан ард түмнээ золиослоод юу ч хийж мэдэх хүмүүс байна шүү.

Эцэст нь: Өвгөн сэтгүүлч миний харж байгаагаар бол, та нарыг жүжиглэсээр байтал наад цар тахал чинь хяналтаас гарлаа байна шүү. Хоногт дөч тавиараа гарч байна. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдээ бүх төрлийн татвараас чөлөөлөөд, дундаас доош орлоготой өрх бүрд 2-3 сая төгрөг бэлнээр тарааж Улаанбаатарт 10-15+7 хоногийн тэг зогсоолт хийвэл яасан юм.Ингэж л дарвал дарна. Болгоотугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *