Бразил улсад зохион байгуулагдаж буй 46 дахь удаагийн “Копа Америка” тэмцээнийг дэлхийн 80 улсад 72 телевиз шууд дамжуулан үзүүлж байна. Хэсгийн шатны 18 тоглолтонд 46 гоол орсон нь нэг тоглолтонд дунджаар 2.56 гоол орж байна гэсэн үг юм. Хасагдах шатны тоглолтууд энэ сарын 27-нд Бразил, Парагвайн багуудын тоглолтоор эхэлнэ.
Бразил- Парагвай
Тэмцээнийг зохион байгуулагч Бразилийн шигшээ баг хэсгийн шатандаа Боливи, Перугийн багуудыг хожин, Венесуельтэй тэнцсэнээр “А” хэсгийг тэргүүлэн хасагдах шатнаа шалгарч байна. Тэд хэсгийн шатандаа хамгийн олон буюу найман гоолыг оруулж, ганц ч гоол хаалгандаа алдаагүй байгаа юм.
Бразил улс түүхэндээ дөрвөн удаа тус тэмцээнийг нутагтаа зохион байгуулахдаа бүгдэд нь аваргалж байсан билээ. Багийн гол тоглогч Неймар энэ удаагийн тэмцээнд бэртлийн улмаас оролцож чадаагүй ч Барселона клубын хагас хамгаалагч Филиппе Коутиньо хэсгийн шатанд онцгой тоглолтыг үзүүлээд буй юм.
Парагвайн шигшээ баг “Копа Америка” тэмцээний сүүлийн 10 тоглолтондоо ганц ч хожоогүй (5 тэнцэж, 5 хожигдсон) байгаа.
Парагвайн шигшээ баг энэхүү тэмцээнд 1953, 1979 онуудад түрүүлж байлаа. Тэд хамгийн сүүлд 2011 онд финалд шалгарсан ч Уругвайд хожигдож байсан юм. Хоёр багийн сүүлийн таван учраанд бразилчууд нэг хожин, дөрөв тэнцээд байгаа юм.
Венесуель – Аргентин
Венесуелийн шигшээ баг 2007 онд “Копа Америка”-г нутагтаа зохион байгуулж анх удаа энэ тэмцээний хасагдах шатанд шалгарч байсан түүхтэй. ДАШТ-д оролцож үзээгүй Венесуелийн шигшээ багийн хамгийн том амжилт нь 2011 оны тус тэмцээнд IV байрт шалгарсан явдал билээ. Гэхдээ Венесуелийн шигшээ баг сүүлийн таван “Копа Америка”-гаас дөрөв дэх удаагаа хасагдах шатанд шалгарч байна.
Энэ тэмцээний “А” хэсэгт багтсан Венесуелийн шигшээ хэсгийн шатанд Перу болон Бразилийн шигшээ багуудтай гоолгүй тэнцэж, Боливийг 3:1-ээр хожив. Английн Ньюкасл клубын довтлогч, шигшээ багийнхаа бүх цаг үеийн мэргэн бууч Саломон Рондон энэ багийн гол тоглогч юм.
“Копа Америка” тэмцээнд 14 удаа түрүүлсэн Аргентиний шигшээ баг энэ удаагийн тэмцээнд ногт ганзагалж ирсэн нь тодорхой юм. Сүүлийн хоёр “Копа Америка” тэмцээний финалд шалгарсан ч Чилийг хожиж чадаагүй Аргентины шигшээ баг энэ тэмцээнд нийтдээ 14 удаа мөнгөн медаль авсан түүхтэй. Тэд хэсгийн шатанд Колумбийн шигшээ багт хожигдон, Парагвайтай тэнцэж, Катарыг хожсоноор хасагдах шатанд шалгараад байна.
Хоёр багийн сүүлийн таван учраанд Аргентин хоёр хожиж, хоёр тэнцсэн бөгөөд хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сард нөхөрсөг тоглолт хийхэд Венесуель хожиж байлаа.
Колумби – Чили
“Копа Америка”-г 2001 онд түрүүлж байсан Колумбийн шигшээ баг ирэх онд энэхүү тэмцээнийг Аргентин улстай хамтран нутагтаа зохион байгуулна. Тэд хэсгийн шатны бүх тоглолтондоо хожиж ганц ч гоол хаалгандаа алдаагүй амжилттайгаар хасагдах шатанд шалгарч буй юм.
Колумбийн шигшээ баг 2001 оноос хойш анх удаагаа хэсгийн шатны бүх тоглолтондоо хожоод байна. Тэд 2001 оны “Копа Америка” тэмцээнд хэсгийн шатны бүх тоглолтондоо хожиж улмаар тухайн тэмцээнд түрүүлж байсан билээ.
Сүүлийн хоёр “Копа Америка” тэмцээнд түрүүлэхдээ ганцхан хожигдсон Чилийн шигшээ баг энэ жил аваргаа хамгаалан тоглож буй юм. Тэд хэсгийн шатандаа Япон, Эквадорын багуудыг хожиж, Уругвайд хожигдон хэсгийнхээ хоёрдугаар байрт шалгарсан билээ.Хоёр баг сүүлийн таван учраандаа гурав тэнцэж, нэг нэг хожоод байна.
Уругвай – Перу
Тус тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн Уругвайн шигшээ баг энэ жил түрүүлэх өндөр магадлалтай багуудын таамагт дээгүүр нэрлэгдэж байгаа юм. Луйс Суарес, Эдинсон Кавани хоёрын төгс хослол Өмнөд Америкийн цомыг авах эсэхийг цаг хугацаа л харуулах биз. Тэд хэсгийн шатандаа Японтой тэнцэн Эквадор болон Чилийн багуудыг хожиж хэсгийнхээ тэргүүн байраар шалгарсан юм. Энэхүү тэмцээний цомыг 15 удаа өргөсөн Уругвайн шигшээ баг 2019 он гарснаас хойш ганц ч тоглолтонд хожигдоогүй байгаа билээ.
Харин уг тэмцээнд хоёр удаа түрүүлсэн Перугийн шигшээ баг хэсгийн шатандаа Венесуельтэй тэнцэж, Боливийг хожин, Бразилд хожигдож хэсгийнхээ гуравдугаар байраар хасагдах шатанд шалгарсан юм. Хоёр багийн сүүлийн таван учраанд Уругвайн шигшээ баг дөрвөн удаа хожсон бол хамгийн сүүлд хоёр жилийн өмнө таарч тоглоход Перугийн шигшээ баг хожиж байлаа.
У.ЧИНЗОРИГ