Categories
мэдээ нийгэм

Концерт, хүлээн авалттай “Наадам” шоунд язгуур урлагийн сорууд оролцоно

Image result for “Наадам” шоу

Үндэсний баяр наадмын үеэр зохион байгуулах урлаг соёлын томоохон арга хэмжээний нэгийг “Корпорейт хотел энд конвеншн центр”-ээс зохион байгуулах гэж байна. Монголд анх удаа зохион байгуулж буй өвөрмөц консепт бүхий “Наадам” шоу долдугаар сарын 11-нд “Корпорейт хотел энд конвеншн центр”-ийн концертын танхимд болно. Дашрамд дурдахад энэ концертын танхимд “Авъяаслаг монголчууд” шоу болсон юм. Жуулчдад үндэсний язгуур өв урлаг соёлын гайхамшгийг сурталчилах зорилготой “Наадам” шоунд эх орноо дэлхийд сурталчилж яваа Монголын язгуур урлагийн шилдэг уран бүтээлчид оролцох юм байна. Мөн орчин үеийн урлагийн нэрд гарсан хамтлаг дуучид ч ая дуугаа өргөх нь. Шоу хоёр хэсэгтэй өрнөх аж. Эхний хэсэг нь нэг цаг гучин минут үргэлжлэх концерт. Техник технологийн гайхамшиг, найруулагчийн ур чадварыг мэдрүүлнэ гэж онцолж буй уг концертод “Алтан ураг”, “Дэлхий”, “Тэнгэр аялгуу”, “UB drums” зэрэг хамтлагууд, “Баян Монгол” чуулга, “Natur dance” продакшн, дуучин Солонго, төгөлдөр хуурч Ами, уран нугараач О.Цэцэглэн зэрэг уран бүтээлчид оролцохоор болжээ. Шоунд ирсэн хүмүүс “Шанз 3” хамтлагийнхны эгшиглүүлэх аялгууг, Дуурь бүжгийн эрдмийн театрын “Модерн дуэт” хамтлагийнхны дууг шимтэн сонсох нь. Шоуны дараагийн хэсэг нь хүлээн авалтын танхимд партигаар үргэлжлэх аж. Наадмын хуушуур, хөнгөн зуушаар дайлуулж, коктейль шимэнгээ “Жаз лаб” студийн дэргэдэх жаз хөгжмийн хамтлагийн дуунуудыг сонсч, DJ BTB, төгөлдөр хуурч Дооноо нарын хамтарсан үзүүлбэрийг сонирхож, бүжиглэж цэнгэх боломжийг зохион байгуулагчид нь бүрдүүлжээ. “Наадам” шоуны тасалбарын үнэ 60 мянган төгрөг юм байна. Наадмын хуушуур болон хөнгөн зууш тоглолтын тасалбарт багтсан байна. Шоу болох концертын танхим угталтын хэсгээсээ эхлээд л монгол ахуйг мэдрүүлсэн орчныг бүрдүүлнэ гэж зохион байгуулагчид нь онцоллоо. Шоуны тасалбарыг “Корпорейт конвеншн центр”-т болон www.TICKET.mn-ээр худалдаж байгаа аж. Мөн 19001800 дугаарт залгаж үнэгүй хүргүүлж авах боломжтой юм байна.

Ц.СҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *