Шинэ жилийн баярыг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсээс дүүрэг бүр нутаг дэвсгэрийн хэмжээндээ шинэ жилийн баярын уур амьсгалыг бүрдүүлэх үүрэг өгсөн. Энэ үүргийн дагуу нийслэлийн 9 дүүрэг аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран гудамж, талбайд гэрлэн чимэглэл хийж, шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүллээ. Тухайлбал, СХД –ийн “Талх чихэр” ХХК цаа буга хөлөглөсөн өвлийн өвгөний цас мөсний хотхон, Налайх дүүргийн 7 хорооны 22 байгууллага, 8 аж ахуйн нэгж гэрлэн чимэглэл хийж, 2 дугаар хорооны Хуульчдын гудамжны 29 модыг чимэглэсэн байна. Баянгол дүүрэг “100 өвлийн өвгөний баяр”-ын парадыг Дүүргийн Энэбиш, Ард Аюуш, Энхтайвны өргөн чөлөөнөөс гадна гэр хорооллын гудамж, талбайд зохион байгуулснаараа өмнөх жилүүдээс онцлог болсон. Мөн Багануур дүүрэг Д.Нацагдоржийн гудамжны дагуух мод болон төв талбайнхаа гэрлэн чимэглэлийг хийж бүрэн асаасан байна. Хан-Уул дүүргийн Чингис хаан нисэх онгоцны буудал, “АПУ” ХХК, “Таван богд” ХХК, “MSM” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагууд шинэ жилийн уур амьсгал бүрдүүлж, иргэддээ бэлэг барьжээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.