Хүн бүр өдөр тутамдаа хэрэглэж заншсан, эвсэл бие махбодь нь цаанаас шаардаад байдаг ч гэж хэлж болохоор байнга хэрэглэдэг бүтээгдэхүүн байдаг. Үүний нэг бол кофе. Сүүлийн үед “coffee bean”, “coffee shop3 гэх хаягтай олон газар нээгдэж байна. Эндээс Монголчуудыг кофег ямар түвшинд хэрэглэдэг болсныг харж болно. Мөн албан байгууллага, айл гэрт кофены хэрэглээ нэмэгдэж байгаа. Ажил дээрээ ирээд, эвсэл ажлаасаа гарахдаа заавал кофе уудаг болж. Зарим хүн үүнийгээ муу зуршил гэж боддог. Тэгээд кофе уух болгондоо өөрөөсөө кофе уух уу, цай уух уу гэж асуудаг болов уу. Яагаад гэвэл кофе уух нь сайн, муу гэсэн хоёр талтай. Гэхдээ өөрсдөө цай юу, кофе юу гэж асуусан хэрнээ кофегоо уух нь элбэг байдаг.
Яагаад кофег сонгодог вэ
Кофенд хүнийг донтуулж болдог ид шидтэй ургамал байдаг. Энэ нь кофе сонгох үндсэн шалтгаан болдог. Нэг уусан хүнийг дахиад уумаар санагдуулдаг, донтуулдаг кофеин гэдэг ургамал байдаг байна. Кофеин мөн дотроо олон төрлийн бодис агуулдаг. Эдгээр бодисын дийлэнх нь хүний тархины судсыг өргөсгөж, ажиллах чадварыг нэмэгдүүлдэг, амьсгал, зүрхний үйл ажиллагааг цочроох нөлөөтэй байдаг аж. 1950-иад оны үед анагаах ухааны үүднээс кофе уух нь хүний биед сайн гэж тайлбарладаг байжээ. Харин 1960, 1970-иад оноос кофе зүрхэнд муу гэж ярьдаг болсон гэнэ. Харвардын их сургуулийн нэгэн эрүүл мэндийн институтээс 28 жилийн турш кофены талаар маш том судалгаа хийсэн ч хүний биед муу гэдгийг нь тогтоож чадаагүй байна. Харин кофений хэмжээг нь тааруулж ууж байх ёстой гэсэн үр дүнд хүрч байжээ. Кофег өдөрт 2-3 аягаас илүүгүй өглөө, өдөр, үдээс хойш нэг уухад болно гэж үзжээ. Гэхдээ хүний биед хамгийн үр дүнтэй цаг нь өглөө гэж үзсэн байна. Энэ хэмжээ нь хүний биед ашигтай сайн нөлөө үзүүлнэ гэж үзжээ. Харин түүнээс их уувал хортой бүх шинж тэмдэг илэрнэ гэсэн үр дүн гарсан байна. Монголчууд ихэнхдээ өглөө эрт өлөн үедээ кофе ихээр уудаг. Тиймээс өглөө кофе уух нь хүний биед ямар нөлөө үзүүлдэгийг Анагаах ухааны доктор, пропессор Д.Даваадоржоос зөвлөгөө авсан юм.
Шигтгээ-1
Кофе уух дуртай 40-75 насны хүмүүсийг судалгаанд хамруулахад энэ насны хүмүүс кофе уудаггүй хүнтэй харьцуулахад цөсний чулуу үүсэх магадлал 50 гаруй хувиар бага гарчээ. Гэхдээ аль болох өглөө юм уу өдөр уух нь илүү үр дүнтэй гэсэн судалгаа байдаг юм байна.
Д.Даваадорж эмч өглөө болон үдээс өмнө кофе уух нь хүний биед сайн нөлөөтэй гэж зөвлөсөн. Уух гэж байгаа кофе нь уусгадаг, найруулдаг биш байвал илүү үр дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, чанадаг, буцалгадаг кофе хэрэглэвэл илүү сайн юм байна. Тэрээр өглөө кофе уух нь дараах гурван зүйлд маш сайнаар нөлөөлдөг гэж зөвлөв.
1.Цөс хөөлгөх үйлчилгээтэй
Өглөө кофе хэрэглэснээр цөсний чулуу үүсэхээс сэргийлдэг юм байна. Кофеиний найрлагад орсон ургамал нь хүний биед тустай орон төрлийн бодис агуулдаг байна. Мэдээж хэтрүүлж хэрэглэвэл хор болох аюултай гэдгийг санах хэрэгтэй. Өглөө кофе ууссанаар цөс хөөлгөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд цөс чулуужилтаас сэргийлж болдог аж. Хүний цөс өтгөрснөөс болж цээж, хоолой хорсдог. Мөн цөсний өвчин сэтгэл гутрал, уурлаж бухимдахаас болж хөдөлдөг байна. Тэгвэл кофенд хүний сэтгэлийг тайвшруулдаг учраас цөс чулуужих өвчлөлөөс сэргийлдэг.
Шигтгээ-2
Японы эрдэмтэд өглөө бүр кофе уух нь хорт хавдар тусахаас сэргийлнэ гэдгийг тогтоосон байна. Жишээ нь өдөрт хоёр аяга кофе уудаг хүмүүс элэгний хорт хавдар тусах магадлал нь кофе уудаггүй хүмүүсийнхээс 41 хувиар бага гарчээ.
2. Хавдрын эсрэг үйлчилгээтэй
Кофеины найрлага дахь клорген нь хавдар үүсэхээс сэргийлдэг ургамлын тоонд багтдаг байна. Өглөө өлөн байх үедээ уувал үр дүн илүү мэдрэгдэг байна. Хүний биеийн алдагдсан калогори нөхөх хүч кофеины ургамалд агуулагддаг байна.
3.Шээс хөөлгөх үйлчилгээтэй
Шинжлэх ухаан кофеин нь шээс хөөх үйлчилгээтэй болохыг нотолсон байдаг байна. Тиймээс өглөө кофе уусанаар шээс хөөлгөхөд хамгийн сайн нөлөө үзүүлдэг юм байна. Мөн өглөө өлөн дээр кофе уувал гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг учраас биеийн ялгадас гадагшлуулах нөлөө үзүүлдэг аж. Гэхдээ өдөрт их хэмжээгээр кофе хэрэглэвэл шээс их хэмжээгээр хөөлгөснөөс болж кальцийн дутагдал оруулах магадлал өндөр байдаг гэнэ. Тиймээс өглөө уух нь хүний биед сайнаар нөлөөлдөг байна.
Шигтгээ-3
Өглөө сэрүүлэг дуугарсны дараах 30 минутад кофе уух нь ихээхэн ач тустай гэдгийг олон орны эрдэмтэд нотолсон байдаг гэв. Швед болон Дани улсын судлаачид өглөө кофе уух нь хүнийг эрч хүчтэй байлгахаас гадна ой санамжийг сайжруулдаг гэж үзжээ. Хижээл насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ой санамжид кофены хэрэглээ хэрхэн нөлөөлдгийг дээрх судалгааны баг авч үзсэн байна. Кофе байнга хэрэглэдэг 1049 хүн дээр 21 жилийн турш ажиглалт хийхэд өдөрт хоёр аяга кофе уудаг хүмүүс огт кофе уудаггүй хүмүүсээс мартамхай болох чанар нь 65 хувь бага байсан байна.
Хэн кофе хэрэглэж болохгүй вэ
Нэг аяга кофе уугаад гар нь салганаж, зүрх нь дэлсдэг хүмүүс бий. Мэдээж тэдгээр хүмүүсийн бие махбод нь кофе хэрэглэж болохгүй гэдгийг сануулж байгаа хэрэг. Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихэссэн, эсвэл ядарсан, их ядаргаанд орсон, стресстэй хүмүүс, зүрх судасны систем нь ямар нэгэн өөрчлөлттэй хүмүүст кофе сөрөг нөлөө үзүүлдэг байна. Зүрхний хэм алдалтын өөрчлөлттэй хүмүүс кофе хамаагүй уувал зүрх дэлсэх, хэм алдах, дотор нь эвгүй мэдрэгдээд байх шинж тэмдэг гарч ирдэг байна. Тиймээс энэ төрлийн өвчтэй хүмүүс хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Шигтгээ-4
Аливаа зүйлд хэм хэмжээ стандарт гэж байдаг. Барилгыг стандартаар нь бариагүй бол хэзээ нэгэн цагт доголдол гардаг шиг кофе ч байна уу, цай ч байна уу, эм тариа ч байна уу хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэвэл хүний биед сөргөөр нөлөөлнө гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Өдөрт 2-3 аяга кофе уух нь зохистой хэмжээнд тооцогддог байна.