Олон улсын нэр хүндтэй кино наадмын нэг Киотогийн олон улсын оюутны кино наадам энэ жил 19 дэх удаагаа 7 хоногийн турш үргэлжилж бямба гарагт шилдгүүдээ тодруулна.
Энэ жил тус кино наадамд дэлхийн оюутан залуусын 539 бүтээлээс 16 кино шилдгээр шалгарч дараагийн шатанд үлджээ. Сүүлчийн шатанд үлдсэн эдгээр бүтээлд Монголын залуу найруулагч Ц.Дэнсмаагийн “Зам” кино багтжээ. Уг кинонд малын хулгайтай тэмцэж байгаа цагдаа нарын үйл явдлыг кран ашиглан 360 градусын тойргоор, ямар нэг эвлүүлэггүй ганц планаар үргэлжлүүлэн авснаараа онцлог юм. Мөн дүрүүд нь дэлгэцэнд орж гарах мөч бүрийг урлагийн өндөр түвшинд, богино хэмжээний киноны стандартаар сонирхолтойгоор үзүүлж чадсан нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.