УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр Киноны тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс баримтлах соёлын бодлого”-д баримтат болон уран сайхны кино туурвих орчин нөхцлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Түүнчлэн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт киноны салбарын үйл ажиллагаа, киноны эрх зүйн байдлыг хуульчлахаар заасан.
Дээр дурдсан үндэслэл шаардлага болон Монгол киног дэлхийн зах зээлд гарган өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, мөн киноны салбарыг зах зээл, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчинг бий болгох зорилгоор Киноны тухай хуулийн төслийг боловсруулсан болохоо Улсын Их Хурлын даргад танилцууллаа.
Хуулийн төсөлд кино урлагийн салбарт хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсэн дотоод, гадаадын байгууллага, хувь хүн, хөрөнгө оруулагчдад эдийн засаг, татварын таатай орчин, урамшууллын оновчтой механизмыг нэвтрүүлэх, Монгол Улсад кино үйлдвэрлэж байгаа гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад оруулсан хөрөнгийнх нь 40 хүртэлх хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгох, кино бүтээх зориулалтын тусгай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварөөс чөлөөлөх, киноны салбарыг дэмжиж өгсөн хувь хүн, аж ахуйн нэгжийн хандив, хөрөнгийг орлогын албан татвараас чөлөөлөх зэргээр киноны салбарыг хөгжүүлэх, дэмжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ.
Түүнчлэн хуулийн төсөлд киноны талаарх нэр томъёог нэг мөр цэгцэлж, киноны мэргэжлийн байгууллагуудын эрх зүйн байдал, тэдгээрийн чиг үүргийг тодорхойлсон байна.
Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж боловсруулсан бөгөөд Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн тарифын тухай хуульд нэмэлт оруулах тухай төслүүдийг хамтад нь боловсруулснаа өргөн мэдүүллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.