Categories
мэдээ нийгэм

Киноны тэрбумтан эрхэм

Steven Allan Spielberg зурган илэрцүүдАмерикийн кино найруулагч, продюсер, кино зохиолч, кино жүжигчин Стивен Аллан Спилберг (англ. Steven Allan Spielberg) АНУ-ын Охайо мужын Цинцинатти хотод 1946 оны 12 сарын 18-нд жүүд гэр бүлд мэндэлжээ. Эцэг Арнольд нь ресторанд төгөлдөр хуур тоглож хажуугаар нь цахилгааны инженерээр ажилладаг байв. Спилберг хүүхэд ахуй наснаасаа найзуудтайгаа 8 мм-ийн хальсан дээр богино хэмжээний кино хийж ресторанд 25 центээр үзүүлж, эгч нь энэ үед попкорн зарж давхар мөнгө олж эгч дүүс бага наснаасаабизнес эрхэлдэг байжээ.

Спилберг 1958 онд буюу хөвгүүдийн скаутад байх үедээ Сүүлчийн халз тулаан зохиомжийг найман миллиметрийн хальсаар бүтээн шагнуулж байжээ. 1963 онд 16 настай Спилберг 140 минут үргэлжлэх шинжлэх ухааны адал явдалт “Галт гэрэл” киног 500 долларын өртөгтэйгээр бүтээж байлаа. Түүний мэргэжлийн анхны бүтээл телевизийн олон ангит Шөнийн Галлерей (1969) кинонд алдарт жүжигчин Жон Крауфорд 64 насандаа тоглож, нас барах хүртлээ Спилбергтэй дотно нөхөрлөдөг байсан гэдэг. “Универсал Пикчерс-“тэй 1971 онд богино хугацааны гэрээ байгуулснаар “Тоглоомын нэр” цуврал киноны найруулагчаар ажиллах болж удалгүй 1971 онд “Овен Маршал”, “Өмгөөлөгч”, “Коломбо” зэрэг телевизийн цуврал кинонууд дээр нэгэн зэрэг найруулагчаар ажиллаж байв. “Универсал пикчерс”-тэй байгуулсан гэрээний хугацаанд дөрвөн ч кино бүтээж тухайн үедээ чамлахааргүй амжилт олж чадсаныг тухайн үеийн кино шүүмжлэгч Дилли Павел олзуурхан бичсэн байдаг. Түүнчлэн 1970 оны эхэн үед үзэгчид ихээр татагдаж байсан “Буг чөтгөр” телевизийн цуврал кинотой эн тэнцэхүйц “Хөнөөл” телевизийн цуврал киног 1972 онд бүтээж амжив. Телевизийн киноны мастер, Оскарын шагналт жүжигчин Мартин Ландаутай ажиллах гэрээ байгуулж чадсан нь Спилбергт том аз завшаан болж чадсан гэдэг. Гэрээний дагуу Ландаутай хамтран гурван телевизийн кино хийсэн. Спилбергтеатрын кино бүтээх ажлаа “Шугерлэнд Экспресс” (1974) киногоор эхэлжээ. Уг кинонд гэр бүлээ цуцлуулж байгаа хосын цагдаагийн байгууллагаар дамжуулан хүүхдүүдээ асрамжлах хэргийн талаар үүсч буй маргаантай асуудал, түүнээс үүдэн гарах үйл явдлын өрнөлийг харуулдаг. Оскарын шагналт жүжигчин Голди Хаун тоглосон уг кино Каннын кино наадмаас “Шилдэг дэлгэцийн бүтээл шагнал” хүртсэн байна.

Продюсер Ричард Занук, Дэвид Браун болон жүжигчин Ричард Дрэйфуз нартай хамтран алуурчин махчин загасны тухай “Эрүү “нэртэй аймшгийн киног 1975 онд бүтээж 470,653,000 долларын ашиг орлого олсоноороо бокс оффисыг тэргүүлж Оскарын шагналыг гурван номинацид хүртэж залуу Спилберг саятны тоонд багтаж дэлхий даяар нэр нь түгжээ.

Ам-2, Кинг Конг, Супермэн зэрэг киног найруулахаас татгалзаж улмаар жүжигчин Ричард Дрэйфузтай хамтран харь гаригийн тухай зөгнөлт “Гурав дахь угсаатантай учирсан нь” киногоо 1977 онд бүтээжээ. Уг кино нь Оскарт зургаан номинацаар нэр дэвшиж найруулагчаар ажилласан Спилберг анх удаагаа нэр дэвшин киноны багийнхан хоёр төрөлд (зураглаач – Вилмос Зигмунд болон дууны эффектийн ажлын тусгай шагнал – Фрэнк Варнер) хүртжээ. Дараагийн кино дэлхийн хоёрдугаар дайны үйл явдлыг харуулсан “1941” (1979) кино нь “Колумбиа Пикчерс”-тэй хамтарсан инээдмийн төрлийн бүтээл юм.

1977 онд Спилберг өөрийн найз Жорж Лукасын “Оддын дайн”, 1981 онд “Индиана Жонсын адал явдал”, “Лост Аркын дээрэмчин” киноны багт орж ажиллав. Оддын дайн болон Индиана Жонсын адал явдал кинонууд нь Холливудын алтан үеийн бүтээлд тооцогддог шилдэг бүтээлүүд болсон.

1982 онд Спилберг шинжлэх ухааны хүүрнэл зохиолын төрөлд тооцогдох “И.Т” хэмээх кино бүтээсэн ба балчир хөвгүүний найз сансар огторгуйгаас ирсэн зочин И.Т нарын хоорондын харилцааны талаарх зөгнөлт үйл явдал гардаг. “И.Т” кино нь Оскарын найман номинацид нэр дэвшиж байлаа. 1982-1985 онд Спилберг “Полтергест” (1982) киноны зохиолыг бичиж продюсерээр, “Харанхуйн бүс” (1983) өргөн дэлгэцийн бүтээлийн хоёрдугаар найруулагчаар, “Гууни” (1985) киноны зохиолыг бичилцэж найруулагчаар нь ажиллажээ. 1984 онд “Индиана Жонс ба Мөхлийн агуй”, 1985 онд “Ягаан өнгө” кинонд найруулагчаар ажиллав. “Ягаан өнгө “бүтээл нь 1900-гаад онд болж буй Африк гаралтай Америк бүсгүйн амьдралыг харуулсан ба шоу хөтлөгч Офра Уинфри, Алтан бөмбөрцөг-ийн эзэн Вууфи Голдберг нар тоглон Оскарын арван нэгэн номинацид өрсөлдөж байжээ. 1987 онд Жон Малкович, Кристиан Бейл нарын тоглосон “Нарны эзэнт гүрэн” кинонд найруулагчаар ажиллаж, уг кино Оскарт нэр дэвшиж байв. 1989 онд “Индиана Жонс ба Сүүлчийн загалмайтны аян дайн” киног найруулж уг цуврал киноны өмнөх баг болох найруулагч Жорж Лукас, жүжигчин Харрисон Форд нарыг болон шинээр жүжигчин Шон Коннерийг дуудаж тоглуусан ба уг кино тухайн жилдээ бокс оффист Бэтмэн-тэй зэрэгцэн өндөр ашиг орлогыг олж байсан түүхтэй. Ричард Дрэйфузийн тоглосон “Дандаа” киног 1989 онд найруулсан нь түүний анхны романтик бүтээл болсон юм. 1991 онд жүжигчин Робин Виллиамсын тоглосон Петер Пэний адал явдал бүхий “Хук”, 1993 онд үлэг гүрвэлийн цэцэрлэгт өрнөж буй үйл явдлыг харуулсан “Юрийн Галавын цэцэрлэг” зэрэг дэлхий дахинд өндөр ашиг олсон орлого бүхий гайхалтай киноны найруулагчаар ажиллав. Спилбергийн дараагийн кино “Шиндлерийн бүртгэл хэмээх” 1100 хүнийг фашистуудаас аварч буй эрийн үйл явдлыг харуулсан Оскарын шагнал хүртсэн кино нь Америкийн кино хүрээлэнгээс гаргасан Америкийн хамгийн алдартай 10 бүтээл /1997 онд/ жагсаалтын 9-д жагсаж байсан бол 2007 онд 8-д дэвшжээ. Стивен Спилберг “Ах дүү Блюз” (1980), “Мангас” (1984), “Ванилла тэнгэр” (2001), “Остин Паверс алтан үеийнхэнтэй” (2002) зэрэг кинонуудын туслах дүрд тогложээ. Спилберг анхны эхнэр жүжигчин Ами Ирвингтэйгээ 1985 онд гэрлэж байжээ. Харин 1989 онд тэд гэр бүлээ цуцлуулсан ба Ами Спилбергээс 100 сая доллар авсан бөгөөд тэд Макс Самуэл нэртэй хүүтэй. Хожмоо Спилберг “Индиана Жонс ба Мөхлийн агуй” кинонд нь тоглосон жүжигчин Кэйт Кэфшэвтэй 1991 онд гэрлэсэн байна. Спилберг одоо долоон хүүхэдтэй. 1991 онд Спилберг “Старлайт Хүүхдийн Сан”-г байгуулжээ. Энэ нь хүүхдийн эрхийг хамгаалах болон тэдэнд туслах зорилготой тусламжийн хүүхдийн сан юм.

Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан олон олон кино оддыг өөрийн бүтээлээрээ таниулсан Стивен Спилберг дөч гаруй жилийн туршид кино урлагийн төрөлд хүч оюунаа дайчилсан нэгэн. Шинжлэх ухааны хүүрнэл зохиол болон адал явдалт дэлгэцийн бүтээлүүд дээр голлон ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд терроризм, дайн самуун, боолчлолын сэдэв бүхий киног бүтээх ажилд хүч үзэж байгаа. Спилберг Оскар-ын Шилдэг найруулагч шагналыг “Шиндлэрийн бүртгэл” (1993), “Цэрэг Райныг аварсан нь”(1998) бүтээлүүдээрээ авч байжээ. Кино сонирхогчдын маш сайн мэдэх “Юрийн галавын цэцэрлэг” кино нь өндөр ашиг орлого олсон кино жагсаалтад арванхоёдугаарт жагсдаг. Спилбергийн бүтээлүүдээсээ 8.5 тэрбум долларын ашиг олсон учир “Форбес” сэтгүүл түүнийг тэрбумтнуудын жагсаалтад оруулсан. Харин “Тайм сэтгүүл” түүнийг Зууны онцлох 100 хүний жагсаалтад оруулсан нь Стивен Спилбергийг дэлхийн эрхэм болсныг баталдаг.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *