Categories
мэдээ цаг-үе

КИНО ШҮҮМЖ: “Өвлийн тууж”-д цагдаа нар хаачсан бэ?

“Өвлийн тууж”. Нээлтээ хийгээд удаагүй ч энэхүү кино анхаарал татна. “Хоёр гүүрний цаана”, “Надын аав мангар” ч гэх шиг мангар мангар нэртэй кинонуудыг бодвол анхаарал татахуйц оновчтой, улирал, цаг үеэ мэдэрсэн нэрийг уран бүтээлчид бүтээлдээ өгч чаджээ. Нөгөөтэйгүүр уг кино нь “үнэмлэхүй санаа”-н дээр үндэслэсэн аж. Энэ нь, сүүлийн үед манай нөхөд Холливүүдийн кино сценар дээр тулгуурлан кино хийдэг болсны нэгэн илрэл.

Тэгэхээр “үнэмлэхүй санаа” гэж юу хэлээд байгааг уншигчдадаа тодорхой болгох үүднээс бяцхан тайлбар хийе. Холливүүдэд дэлгэрсэн “A high concept” гэсэн нэр томьёо нь “үнэмлэхүй санаа” гэж орчуулагддаг. “Үнэмлэхүй санаа” гэдэг бол кино сурталчилгааны чанараас үл шалтгаалан хар аяндаа үзэгчдийн анхаарлыг татдаг үйл явдал гэсэн үг юм. Тухайлбал, эр эмийн явдал, хүчирхийлэл, паян, аллага, цөмийн дайн, ДОХ, гэх мэт. Энэ тухай Оросын кино зохиолч А.Червинский “Кино зохиол бичихийн нууц” номдоо дурдсан нь бий. Харин “Өвлийн тууж” киноны тухайд бол аллага болон хүчирхийлэл аль алийг нь илт үзүүлэх ба тэдгээр нь киноны цөм болжээ. Үүнийг киноны үйл явдалтай уяж тайлбарлах гээд үзье.

СОГТУУ ЖОЛООЧИЙН ХАР ГАЙ

Нэгэн согтуу эр (СТА, жүжигчин Б.Батмэнд) баярын туузаа мөрөвчилсөн хэвээр гуйвлан явсаар машиндаа сууж буйгаар кино эхэлнэ. Тэрээр байгууллагынхаа шинэ жилийн баяраас тарж яваа бололтой. Тэгтэл, гудамж талбайд өнгө өнгийн гэрэл анивчиж, сэтгэл гэгэлзүүлсэн арванхоёрдугаар сарын нэгэн үдэш аав, охин хоёр гэртээ харихаар явж байлаа. Мөнөөх согтуу жолооч (киноны нэр нь Ганзориг) хэн нэгнийг дайрч орхино доо гэж бодож дуусаагүй байтал Охиноо тэврэн зам хөндлөн гарахдаа эхнэртэйгээ утсаар ярьж явсан залуу машинд дайруулав. Энэ үед ширээ засаад нөхөр, охин хоёроо хүлээж байсан Ерөө бүсгүй (СТА Б.Хулан) утасныхаа цаанаас хий дэмий л дуу алдана. Харин согтуу толгой Ганзориг тэр даруй эрүүлжин машинаасаа бууж юу хийж орхисноо харчихаад хэргийн газраас ум хумгүй зайлан одов.

Ерөө бүсгүй дарс ууж, уйлж ганихран суугаагаас үзвэл нөхөр, охин хоёр нь нэгэнт үгүй болжээ гэж ойлгогдоно. Харин кадр шилжмэгц Ганзориг гэртээ унтаж байх агаад эхнэр нь үглэн, угзчин сэрээнэ. Шартсан царайтай Ганзориг хоёр хүн дайрчихаад зугтсан гэхэд юу ч болоогүй юм шиг байх аж. Шоронд явах ёстой түүнийг эхнэр нь ажлаасаа халагдлаа гэж загнаж үглээд байх нь гайхаш төрүүлнэ. Гэтэл хэрэг явдал аль хэдийнэ шийдэгдэж, Ганзориг хэргээс мултарчээ. Чухам яаж, яагаад гэдэг нь кинонд даан ч тодорхойгүй. Тэрийг ёстой чөтгөр л мэдэх байх даа.

Ерөө бүсгүй ерөөс дарс уухаар төрсөн мэт дэлгүүр орсон ч гагц дарс л авах аж. Амьдралаас нэгэнт уйдан ганихарчээ. Нөхөр, охиноо зуурдаар алдсан болохоор л тэр биз гэж хэн ч түүнийг зөвтгөж болно. Гэвч Ерөө бүсгүй нөхөр, охин хоёрынх нь гэнэтийн үхэлд хэн буруутай вэ гэдгийг гадарлахаар барахгүй, Ганзориг хөнөөсөн гэдгийг мэдэж байлаа. Ганзориг ганц хүүтэй юмсанж. Нэгэн өдөр Ерөө хүүгийнх нь сургуулийн гадаа Ганзоригтой нүүр тулна. Хүүг нь Ерөө хөтөлчихсөн явж байхыг харсан Ганзориг ухаан алдах шахав. Тэгээд, “Манай гэр бүлээс холхон байгаарай. Намайг ямар ч буруугүй гэдгийг цагдаа шүүхийн байгууллага тогтоочихсон шүү” гэж Ерөөд омогдоно. Харин Ерөө хариуд нь “Хэзээ нэгэн өдөр чамайг нохой шиг үхэхийг үзэх болно” хэмээн өчих билээ.

Энэ завсар учир битүүлэг аллага үйлдэгдэнэ. Алуурчин (СТА Э.Мөнхтөр) угаалгынхаа өрөөнд байх цогцосноос цагийг нь салган шүүгээний нүдэнд байх бугуйн цагныхаа цуглуулгад нэмж хийв. Киноны зохиомж ёсоор энэ бол ердөө л киноны гол баатрыг үзэгчдэд танилцуулж, үзэгчийн сонирхлыг татах замаар гол сюжет рүү хөтөлсөн урьтал нөхцөл байлаа. Алуурчинг Энэрэл гэнэ. Гаднаасаа бол дэгжин хээнцэр, нуруулаг, царайлаг залуу. Гэвч дотроо бол хүн үхэхэд шалтгаан хэрэггүй гэж үздэг цуврал аллага үйлдэгч. Киноны 20 гаруй минутад тэрээр дахиад л нэг хүн алав. Энэ удаад хохирогч өөрөө алуурчны гэрт нь орж шүүгээнээс нь ахынхаа цагийг олсноор Энэрэл ахыг нь алсан гэдэгт бат итгэлтэй болно. Улмаар алуурчинг хөнөөхөөр буу агсан гэрт нь хүлээвч эцэст нь өөрөө алуулдаг билээ. Киноны зохиолч Б.Буяндэлгэр гол баатраа үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн дүр (хэдийгээр алуурчин ч гэлээ) байлгахын тулд чармайж ажилласан нь үүнээс харагдана. Баатар өөрийн хийж буй үйлдэл, ажил мэргэжилдээ чадварлаг байх нь үзэгчдэд эерэг хандлага төрүүлдэг. Энэрэл үнэхээр хүн алахдаа мэргэшсэн агаад буутай хүнийг нүцгэн гараараа нударчихаж байна. Гэм нь хөшгөө ярчихаад гэрээс гарснаа, аллага үйлдэж буйг нь хэн нэгэн цонхоор харсан байж болзошгүйг сүүлд анзаарав. Гэвч киноны туршид нэг ч цагдаа үзэгдсэнгүй.

ЦАГДААГ ЧӨТГӨР АЛГАДЖЭЭ

Тэр олон аллага, киноны туршид зургаа, биш ээ долоон (эсвэл ес байх) хүн үхчихээд байхад ч цагдаа хаана яваа юм бүү мэд. Одоо л нэг гараад ирэх болов уу гэтэл байдаггүй шүү. Энэ чинь тоглоом шоглоомоор хэлэхэд бурхан албаар аллагыг нуун дарагдуулаад байгаа хэрэг биш үү. Эсвэл манай улс цагдаа, шүүхгүй болчихсон гэх гээд байна уу. Холливүүдийн кинонд цагдаа нар нь дандаа хожимдож ирдэг ч гэлээ ямар ч л байсан ирдэг юм шүү дээ. “Өвлийн тууж” уран сайхны кинонд болохоор цагдаа гэсэн үг хоёрхон удаа дурдагдаад л гүйцээ. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр, Б.Тулгаа найруулагч аа цагдааг киноноосоо бүр арчиж хаячихаад аллага үйлдээд байдаг чинь арай гэнэн юм биш үү.

Нөгөөтэйгүүр бас нэг учир битүүлэг зүйл бий. Мөн л цагдаатай холбоотой. Ерөө бүсгүй гансран санааширч явахдаа Энэрэлийг гэртээ хүн нухаж байхыг нь харчихжээ. Нэг ёсондоо санамсаргүйгээр аллагын гэрч болчихож байна. Гэтэл тэр цагдаад мэдэгдсэнгүй. Яагаад тэр билээ. Уг нь нөхөр, охин хоёроо зуурдаар алдсан, тэр тусмаа бусдад хөнөөлгөсөн эмэгтэй хүн ийм зүйлтэй эвлэрээд дуугүй өнгөрч болох уу даа. Гээд бодоод үзвэл кинонд нэг цагдаа, ядахнаа хоёрын зэрэг цагдаагийн ажилтан хальт ч болохнээ гарч ирж болох байсан. Ерөө бүсгүй алуурчин залууг өөртөө урвуулан ашиглаж Ганзоригийг хөнөөлгөх төлөвлөгөө боловсруулсан байлаа ч эргэлзэж тээнэгэлзэх, адаглаад нэг удаа утсаа шүүрч болох байлаа. Тэгтэл Б.Тулгаа найруулагч мөн л цагдааг арчиж орхиод Ерөө, Энэрэл хоёрыг шууд нүүр учруулж байх юм. Энэ чинь жирийн үзэгчдэд жигтэйхэн ойлгомжгүй санагдаж байгаа даа. Эцэст нь Ганзориг, Энэрэл хоёр бие биенээ хөнөөж, хоёр цогцосны дунд үлдсэн Ерөө бүсгүй мөн л цагдаад гавлуулалгүй өнгөрчих юм. Чөтгөр алгад гэж, цагдаа хаачсан байсан юм бэ?! Өвлийн ойд цуурайтах буун дууг сонсох чихтэй амьтан байгаагүй юм гэж үү дээ. Цагдааг үнэхээр чөтгөр алгаджээ.

ХҮЧИРХИЙЛЛЭЭС ХҮЧИРХИЙЛЭЛ ТӨРӨХ ҮҮ?

Энэрэл бол гол баатар гэдгийг дээр дурдсан билээ. Ерөө, Ганзориг нар бол ердөө гол баатрыг тододгогч хамтрагч дүрүүд. Ялангуяа Ганзоригийн дүрээр аливаа кино уран бүтээлд зайлшгүй байх ёстой, тухайн киноны уран сайхны талыг нь өргөж өгдөг салбар сюжетыг сайн гаргаж өгснийг энд онцлох хэрэгтэй байх. Ганзориг ялгүй үлдсэн ч, хоёрын хоёр хүний амь бүрэлгэчихсэн болохоор амьдрал нь яаж өөдлөх билээ. Цаагуураа бүх зүйл нь, ажил үйлс нь нураад ирж байна. Эхнэр нь ажилгүй болсон архичин гэж байнга үглэж яншин залхаана. Хүү нь гар утас нэхнэ. Хүүгээ гар утастай болгох гэж улайм цайм хүний утас булааж зугтана. Түүндээ гутран архи ууна. Бас нэгэн гэр бүлийн дарамт, хүчирхийлэл л тэнд харагдаад байх. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг ойлголтод дан ганц эр нь эмийгээ хүчирхийлээд байдаг юм биш. Эм нь ч бас эрийгээ элдвээр хэлж сэтгэл санааг нь гутаах байдлаар хүчирхийлж байдаг гэдгийг харуулжээ. Мөн манай өнөөгийн нийгэмд 40-өөс дээш насныхан ажил орлоготой болно гэдэг үлгэрийн далай болсныг ч Ганзоригийн жишээ гэрчилнэ. Ийм салбар сюжет нь үзэгчийг уйдаахгүйгээр үл барам тухайн баатрын дүрд үзэгч өөрийгөө тавьж жишин зэрэгцүүлж үзэх боломжийг олгодог.

Харин Энэрэлийн хувьд хар багаасаа гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ. Эцэг нь гэж хүний адаг. Эхийг нь байнга зодож дарамтлан элдвээр хараан зүхнэ, Хардаж сэрдэнэ. Эх нь ажил хийж, олсон орлогыг нь эцэг нь ууж дуусгаад дараа нь зодож дарамтална. Үнэхээр тийм харгис хэрцгий эцэг хүн амьдрал дээр байдаг бол аймшиг, гамшиг, там гэхээс яалтай. Улмаар Энэрэлийг зургаахан настай жаалхүү байхад эцэг нь эхийг нь зодож хөнөөжээ. Энэрэлийг гаднаас орж ирэхэд тархиа хага цохиулсан эх нь газар үхлүүт хэвтэж байх агаад хэрцгий балмад эцэг нь хүү рүүгээ ч улангасан дайрахад бэлхэн харагдана. Ээж нь зугт хүү минь гэж хүчлэн хэлж буйг сонсоод Энэрэл гэрээсээ гарч зугтах билээ. Гэхдээ бүр мөсөн зугтаад явчихсангүй. Эцгийгээ унтсан хойно гэрээ тэр чигт нь шатааж байгааг дэлгэцнээс олж үзлээ. Аймшигтай хүчирхийлэл болоод эцэг, эх хоёроосоо тэр ингэж хагацжээ. Өөрөөр хэлбэл, Энэрэл зургаан настайдаа анх эцгийгээ шатааж хөнөөжээ. Түүнээс хойш алуурчны замаар явах болжээ гэсэн санааг уг кино багийнхан дэвшүүлж байна. Энэ бүхнийг үзэгчид Энэрэлийн зүүдээр дамжуулан мэдэх билээ.

Зүүд гэснээс зүүдэн дотор их юм бий. Энэрэлийг багад ээж нь “Алтаншагай хүү” гэдэг үлгэр ярьж өгдөг байжээ. “Алтаншагай хүү, алтан шагайтай юмсанжээ. Алтан шагай хүүгийн эцэг нэгэн өдөр шуламтай таарч идүүлэхийн даваан дээр Алтаншагай хүүгээ шуламд өгөхөөр тохирч амь аврагджээ…” хэмээх үлгэр Энэрэл хүүд хар багаас нь нөлөөлж хэн нэгэн хүн өөрийг нь хэзээ нэг өдөр золиослох юм шиг үргэлж айдас хүйдэстэй амьдарч иржээ гэж ойлгогдоно. Магадгүй энэ л сэтгэлзүйн байдлаасаа болж тэрээр зожигрон ганцаардаж, өөрийгөө золиослогдох, тав тухыг нь алдагдуулах тохиолдол бүрийн эсрэг тэмцэж, зарим тохиолдолд “нухаж” орхиход бэлхэн явж ирсэн шиг.

Гэвч Энэрэл, Ерөөтэй танилцаж учирсан хэдхэн хоногт хэн нэгнийг хайрлаж чадах хүн гэдгээ батлан харуулж, эцэст нь өөрөө золиослогдоно. Харин амийг амиар төлүүлнэ гэж хатуу шийдсэн Ерөө бүсгүйн хувьд зорьсондоо хүрч. Ганзоригийг үгүй хийж байж санаа нь амарч байгаа ч, хэдийгээр энд аллага үйлдэгдсэн ч Ерөөд бол энэ нь амжилт юм. Гэвч, “Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг үнэлж дүгнэ” гэдэг. Хэрэв Ерөө өшөө хорсолдоо тэгтлээ автаагүй бол, Ганзориг амьд, Энэрэл ч амьд үлдэж болох байсан. Ерөө ч аз жаргалтайгаар хэвлийдээ бүрэлдэн буй үрдээ “Алтаншагай хүү”-гийн үлгэрийг ярьж өгөхгүй байхсан биз ээ.

Ингэхэд киноны хэлэх гэсэн санаа юу байсныг та ойлгов уу, би ч бас барим тавин таамаг төдий зүйлийг л хэлж чадах байна. Уг нь аливаа кино уран бүтээлд “Logline” буюу киноны хэлэх гэсэн санааг найруулагч, уран бүтээлчид нь өөрсдөө ганц өгүүлбэрт багтаан илэрхийлэх ёстой ч манайд энэ нь ёс юм шиг гээгдэх юм даа.

Миний дэвшүүлсэн “Lo­gline” бол: Өдөр бүр та хэн байхаа сонгодог.

Г.Лхагвадорж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *