Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид Хууль зүйн яамны өмнө хугацаагүй суулт хийнэ гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Учир нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хадгаламж зээлийн хоршоодын хохирол барагдуулах тухай хуудь батлагдсан хэдий ч ажил нь удаашралтай явагдаж байна гэж тэд үзэж байгаа юм. Дампуурлаа зарласан 20 гаруй ХЗХ-нд нэг сая төгрөг хүртэлх хадгаламж эзэмшиж байсан 2000-гаад харилцагч нарын хохирлыг бүрэн барагдуулснаас гадна үлдсэн 6000 гаруй иргэдийн хохирлын тэн хагасыг олгожээ. Ийнхүү хохирлоо гүйцэд барагдуулж чадаагүй иргэдийн төлөөлөл өнөөдрөөс эхлэн Хууль зүйн яамны өмнө хугацаагүй суултаа эхлүүлнэ. Мөн тэд өөрсдийнхөө хохирлыг бүрэн барагдлуулж өгөх хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү нар хүргүүлэх юм байна.