Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.05) хуралдаан 11 цаг 07 минутад гишүүдийн 84 хувийн ирцтэй эхэлж, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 3 дугаар дүгнэлт”-ийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Өчигдөр уг асуудлыг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярыг байлцуулж, хэлэлцэх санал гарган, шийдвэрлэснээр хуралдааныг хойшлуулаад байсан юм.

Өнөөдрийн хуралдааны эхэнд тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн талаар танилцууллаа.

Мөн Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр товч танилцуулга, мэдээлэл хийв.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн учир хянуулах нь зүйтэй гэсэн агуулгатай хүсэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 9-нд Цэцэд гаргасан. Мөн 2021 оны гуравдугаар сарын 11-нд бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэсэн өмнөх шаардлагаасаа татгалзаад, зургаан асуудлаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн асуудлыг дахин тавьсан байгаа. Энэ хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэц хуралдаад 3 тоот дүгнэлт гаргасан. Дүгнэлтдээ зургаан асуудлын тав нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж тусгасан бол нэг асуудал нь Үндсэн хууль зөрчсөн гэж тусгасан.

Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт нь Улсын Их Хурлаас Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнгээр сонгон шалгаруулж, Улсын Их Хурал томилох нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулсан шинжтэй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсгийг зөрчсөн гэсэн агуулгатай Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Дэлгэрсайхан нар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяраас асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ш.Адьшаа, Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, Б.Энх-Амгалан нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан нь учир дутагдалтай болсон, дүгнэлт гаргасан үндэслэл нь тодорхойгүй байна гэдэг байр суурийг гишүүд илэрхийлж, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй талаар хэлж байв.

Үргэлжлүүлэн Үндсэн хууль зөрчсөн гэсэн хэсэг тус бүрээр санал хураалт явуулав. Нийт 45 саналын томъёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэсэн. Санал хураалт явуулж дууссанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 3 дугаар дүгнэлтийг Байнгын хороо хэлэлцээд, хүлээн авах боломжгүй хэмээн шийдвэрлэсэн талаарх санал, дүгнэлтийг чуулган нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *