“Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх, тайлагнах, хэлэлцүүлэх, хяналт, шинжилгээ хийх, хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Олон улсын гэрээний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний дагуу Арьс үндсээр алагчлах үзлийг устгах хороо, Эрүү шүүлтийн эсрэг хороо, Хүчээр алга болгохын эсрэг хорооны гомдол, мэдээлэл хүлээн авч, шийдвэрлэх эрх хэмжээг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийг холбогдох гэрээний хороонд хүргүүлэхийг Засгийн газарт даалгахаар; Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилт хариуцах төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээлэл дамжуулах, солилцох цахим мэдээллийн нэгдсэн санг бий болгохыг үүрэг болгохоот төсөлд тусгасан байна. Монгол Улсын олон талт олон улсын гэрээ болон холбогдох тайлбаруудыг орчуулж, хэвлэн нийтлэх, олон улсын гэрээний хэрэгжилт хариуцсан төрийн албан хаагчдыг чадавхижуулах, олон улсын гэрээний талаарх иргэдийн боловсролыг дээшлүүлэх, олон улсын гэрээний зүйл, заалтын практик хэрэглээг бий болгох зорилгоор хуульчдад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулах, гэрээний хэрэгжилтийг тайлагнахад шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусгуулах арга хэмжээ авахыг; Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний дагуу энэ тогтоолын хавсралтад дурдсан хуульд өөрчлөлт оруулах болон анхдагч хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахын зэрэгцээ энэ дагуу тусгайлсан хавсралт бэлтгэсэн байна.
Ажлын хэсгийн танилцуулга болон Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асууж, Ц.Мөнх-Оргил гишүүнээс хариулт авав. Эрүүдэн шүүх, хүчээр мэдүүлэг авах гэх зэргээр хууль бусаар мэдүүлэг бүрдүүлэхтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх асуултад Ц.Мөнх-Оргил гишүүн хариулахдаа “Монгол Улс нэгдэн орсон олон талт 255 гэрээ, конвенц байгаа юм. Эдгээрээс дээрх 30 конвенцын хэрэгжилтийн талаарх тайланг тогтмол олон улсын байгууллагад хүргүүлж, тухайн конвенцын хороод, экспертүүдээс бүрдсэн хороод манай тайланг хэлэлцээд шүүмжлэл, санал, зөвлөмж өгдөг. Тэр дундаас Арьс үндсээр алагчлах үзлийг устгах хороо, Эрүү шүүлтийн эсрэг хороо, Хүчээр алга болгохын эсрэг хороонд Монгол Улсын иргэд гомдол гаргах, энэ дагуу гаргасан шийдвэрийг нь Монгол Улсын Засгийн хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлдэг бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрмөөр байгаа юм. Энэхүү бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөөгүй учраас Монгол Улсын иргэдээс дээрх олон улсын байгууллагад хүргүүлсэн хүсэлтүүд хэлэлцэх бололцоогүй болчихдог. Мөн Эрүү шүүлтийн эсрэг хорооны бүрэн эрхийг Монгол Улс хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энэ асуудал олон улсын жишгээрээ шийдэгдэх боломж бүрдэнэ” гэв. Үргэлжлүүлэн тэрбээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах ажлыг төрөөс авч хэрэгжүүлж байгаатай зэрэгцэн хүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн хүмүүст ямар арга хэмжээ авах талаар, төрийн тусгай албан хаагчдын үйлдсэн эрүү шүүлт, зүй бус үйлдлийг хэрхэн мөрдөн шалгах талаар тодруулсан Б.Энх-Амгалан гишүүний асуултад хариулт өгсөн. Дотоодын хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцтой зөрчилдөх тохиолдолд олон улсын гэрээ, конвенцоо баримтлах зохицуулалттай, шүүх дээр ийм тохиолдол гардаг эсэхийг Д.Цогтбаатар гишүүн тодрууллаа. Сүүлийн 5-6 жилд л шүүхүүд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын заалтуудыг эш татан хэрэг шийддэг практик тогтож байгаа, тиймээс Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын албан ёсны орчуулга, хэвлэлтийн асуудал нэн чухал гэдэг хариултыг Ц.Мөнх-Оргил гишүүн өгсөн.
Улсын Их Хурал аливаа олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орохыг соёрхон батлахад Монгол Улс тэр гэрээ, конвенцын дагуу олон улсын хуулийн өмнө хариуцлага хүлээж эхэлдэг. Тэгэхээр тэдгээрийн албан ёсны орчуулга, хэвлэлтийн асуудалд Хууль зүй, дотоод хэргийн яам анхаарч ажиллах нь зохистой гэдэг байр суурийг Д.Цогтбаатар гишүүн илэрхийлээд “Энэ нь цаашлаад иргэд, олон нийтийн эрх ашгийг хангах, хамгаалах асуудалтай холбогдоно” хэмээн тодотгов.
Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, санал, дүгнэлттэй танилцлав.
Үргэлжлүүлэн “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Ц.Мөнх-Оргил гишүүний танилцуулсан төслийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн юм. Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналаар мөн санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 80 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.