Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 27 минутад эхэлж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Эдгээр хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын гишүүн Л.Ганболдоор ахлуулсан ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 88 саналын томъёолол, найруулгын шинжтэй багцалсан 7 санал, дагалдах бусад хуулийн төслүүдийн талаарх 11 саналыг бэлтгэсэн юм. Хуралдаанаар эхлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх 2, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх 3, Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх 1 саналаар тус бүрд нь санал хураан шийдвэрлэлээ.
Үргэлжлүүлэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 23, найруулын 3 саналын томъёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Тухайлбал, бусдад ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжив. Мөн ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн өөрчлөн найруулахыг дэмжсэн. Стандартад нийцсэн утааны шүүлтүүргүй дизель хөдөлгүүртэй автобус, ачааны машиныг замын хөдөлгөөнд оролцуулсан, эсхүл агаарын бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой нутаг дэвсгэрт хориглолт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хориглосон бүсэд түүхий нүүрс тээвэрлэсэн, эсхүл нэвтрүүлэхээр авч явсан бол зөрчилтэй эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн төслийн 1 дүгээр зүйлийн 11 дэх заалтын 1 дэх хэсгийг дээр дурдсанаар өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томъёолол дэмжигдлээ. Ийнхүү Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Хог хаягдлын тухай, Нийгмийн даатгалын тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг зөрчсөн тохиолдолд, мөн төрийн тусгай хамгаалалт тогтоосон бүсийн агаарын зайн дэглэм зөрчих, хүүхдийн эрхийг зөрчих гэх зэрэг асуудлаарх төсөл дэх зохицуулалтуудыг өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн.
Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Усан замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх болон Эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай ажлын хэсгийн саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх ажлын хэсгийн саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Тухайлбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 10 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм.
10/4.12 дугаар зүйлийн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17 дахь хэсэг:
2. Эрх бүхий албан тушаалтны энэ хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэр, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол, гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг зохих журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргана.
3. Хураан авсан үндэсний болон гадаад валютыг тусгай дансанд байршуулна.
4. Хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах талаар гаргасан оролцогчийн хүсэлтийг үндэслэн, тэдгээрийг хадгалах асуудлыг эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн шийдвэрт тусгайлан зааж болно.
5. Тусгай хадгалалт, хамгаалалт шаардлагатай хөрөнгө, орлого, эд зүйл, шинжилгээний обьектыг шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтан, шинжилгээний байгууллагын шинжээчийн саналаар тухайн байгууллагаас өөр байгууллагад хадгалуулж болно.
6. Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах, хамгаалах, хяналт тавих үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтан тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.
7. 3өрчлийн хэргийг харьяаллын дагуу, эсхүл шүүхэд шилжүүлэхдээ хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн хамт хүргүүлнэ.
8. Зөрчлийн хэргийг шүүхэд шилжүүлэхэд овор хэмжээний хувьд болон бусад шалтгаанаар хөрөнгө, орлого, эд зүйлийн хамт хүргүүлэх боломжгүй бол түүнийг шүүхийн шийдвэр гартал зохих журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг зөрчлийн хэрэгг хавсаргана.
9. Эрх бүхий албан тушаалтны хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, шинжилгээний обьект нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл зөрчлийг шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд зүйлийг эзэмшигчид нь буцаан өгөх боломжгүй тохиолдолд шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.
10. Эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг хүлээн авсан шүүх ажлын 2 өдрийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.
10.1. хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх;
10.2. хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэх;
10.3. худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах;
10.4. устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх.
11. Эрх бүхий албан тушаалтны энэ хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан шийдвэр, эсхүл зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг буцаан олгохоор заасан боловч энэ зүйлийн 10.1, 10.3, 10.4 дэх заалтад заасны дагуу тухайн хөрөнгө, орлого, эд зүйлийг шилжүүлсэн, худалдан борлуулсан, устгасан тохиолдолд эзэмшигчид нь адил төрөл, чанарын эд зүйлийг олгох, эсхүл үнийг төлнө.
12.Эрх бүхий байгууллага нь энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасан ажиллагааны тэмдэглэл, устгасан, шилжүүлсэн, худалдан борлуулсан хөрөнгө, орлого, эд зүйлийн жагсаалтыг зөрчлийн хэрэгт хавсаргана.
13.3өрчлийн хэргийн материал, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх болон энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасан ажиллагааны журмыг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор хамтран батална.
14.Шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасан зөрчлийн хэргийн улмаас хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийн талаар энэ зүйлийн 15 дахь заалтад заасан шийдвэрийг гаргана.
15.Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргахдаа зөрчил шалгах ажиллагааны журмын дагуу хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
15.1.эзэмшигчид нь буцаан олгох;
15.2.устгах;
15.3.улсын орлого болгох;
15.4.зөрчлийн хэрэгт хадгалах.
16.Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг буцаан олгох нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэлтэй, эзэмшигч, өмчлөгч нь тодорхойгүй, эсхүл хуулиар хориглосон, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахаар бол эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 15.2, 15.3 дахь заалтад заасан шийдвэрийг гаргана.
17. Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хадгалах шаардлагатай бол энэ зүйлийн 15.4 дэх заалтад заасан шийдвэрийг гаргана.”
Мөн зөрчлийн холбогдогчийг мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцуулахаараар эрх бүхий албан тушаалтан дуудан ирүүлэхтэй холбоотой зохицуулалтын талаарх төслийн 1 дүгээр зүйлийн 20, 21 дэх заалтыг мөн зүйлийн 12, 13 дахь заалт болгон шилжүүлж өөрчлөн найруулахыг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү дээрх төслийн талаарх зарчмын зөрүүтэй 9 санал, найруулгын 1 саналаар тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.
Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авлаа. Прокурорын байгууллагын 70, 80 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай шийдвэрийг Улсын Их Хурлын баталж ирсэн бөгөөд энэ дагуу 20 оны 08 дугаар сарын хоёр дахь 7 хоногт ойн өдрийг тэмдэглэх тухай шийдвэрлүүлэхээр төслийг өргөн мэдүүлсэн байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжснээр энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан байгуулсан юм