Дараагийн үеийн квант компьютер хүний бодсоноос ч илүү хүчирхэг, чадалтай. Одоогийн бидний хэрэглэж байгаа компьютерийг квант компьютертэй харьцуулах юм биш. Хэт их хөгжсөн квант компьютер нь нууцлагдсан ямар ч мэдээллийг эвдэх бөгөөд банкны ямар ч код, хамгаалалтыг цуцалж өндөр зэрэглэлийн бүсчлэл рүү түвэггүй нэвтэрч чадах хүчин чадалтай гэсэн мэдээлэл бий. Америкийн NSA буюу Тагнуулын алба улс орнуудын тагнуулын зориулалттай нууц мэдээ сэлтийг уг компьютерийн тусламжтайгаар цуглуулаад асар өндөр үнэ хүргэж зарах зорилготой гэх хардлага ч байдаг. Гэвч эрдэмтэд уг компьютерийн тусламжтайгаар нууцлагдсан мэдээллийг эвдэж тайлна гэж хэзээ ч байхгүй гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм.
АНУ-д өндөр үзүүлэлт бүхий квант компьютерийн довтолгооноос хэрэглэгчийн нууц мэдээллийг хамгаалах технологийг бий болгочихоод байгаа юм. Квант компьютер дэлхийг хамарч, нийтийн хэрэглээнд нэвтрэх хүртэл хугацаа их байгаа учир одоогоор уг компьютерийн талаар дэлгэрэнгүй болоод түгээмэл мэдээлэл хомс, эрдэм шинжилгээ судалгааны түвшинд байгаа гэж болно. Гэтэл АНУ-ын Холбооны аюулгүй байдлын албанаас “Онлайн худалдаа, гүйлгээ, банк идэвхитэй хөгжиж, банкууд уламжлалт харилцаанаас татгалзаж, онлайн руу хүчтэй татагдаж байгаа. Иймээс банкны шилжүүлэг болон гүйлгээ зэргээ квант халдлагаас сэргийл. Квант довтолгооноос сэргийлэх шифрлэлтийн аргыг хэрэглэх шаардлагатай байна” гэсэн сэрэмжлүүлгийг хоёр жилийн өмнөөс хүргэсээр байгаа нь квант компьютерийн аюул хол биш, бидний дэргэд байгааг илтгэж байгаа юм. Тус агентлаг эл халдлагаас сэргийлэхийн тулд судалгаанд асар их мөнгө, хөрөнгө цаг хугацаа зарцуулж байгаа аж. Голланд улс, “Google” компани ч квант компьютерийн заналхийллээс сэргийлж хамгаалалтын шифрлэлтэд анхаарал хандуулж байгаа бөгөөд 2025 онд гэхэд улс орнуудын Засгийн газруудыг квант компьютерийн эсрэг хамгаалалттай болчихсон байвал зүгээр гэдгийг мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд зөвлөөд байгаа юм.
Улс төрийн болон бусад зорилгоор 2026 он гэхэд хамгийн өндөр нууцлалтай гэх мэдээллийг эвдлэх чадвартай квант компьютерийг зохион бүтээх магадлалтай аж. Эхлээд уг компьютер энгийн компани, байгууллага, үйлдвэрийн мэдээллийг эвдэлж нууцлалд нь халдах юм байна. Харин Квант компьютер буюу “D-wave” компанийн Ерөнхий захирал Верна Браунелла “Квант компьютерийн эрин аль хэдийнэ эхэлчихсэн. Хөгжил нь хангалттай биш ч түүний ололт амжилтуудыг аль хэдийнэ ашиглаад эхэлчихсэн” гэж мэдэгдээд байгаа юм.
Үүлэн технологи, үүлэн тооцоолол гэх үгс мэдээллийн технологид нэвтрээд удаж байна. Үүл гэхээр сарниад алга болчихдог, барьцгүй гэж үл итгэсэн маягаар хандаж, iPhone дээрх iCloud гэх үйлчилгээнээс болж олон хүн хувийн зураг, бичлэгээ хакеруудад алдсан элдэв хэргийг сөхдөг. Үнэндээ үүлэн технологи шиг найдвартай зүйл үгүй. Уг технологийг бүрэн гүйцэт ашиглаж чаддаггүй, ашиглаж сураагүй хэрэглэгчдийн алдааг л хакерууд отоод сууж байдаг гэсэн үг. Үүнээс улбаалаад үүлэн компьютер гэдэг ойлголт ч гарч ирсэн. Twitter, Facebook, Google зэргийг реклам сурталчилгаанаасаа л ашиг олдог гэж дэлхий нийтээрээ ойлгодог ч энэ мэт онлайн олон нийтийн үйлчилгээнүүд АНУ-ын Засгийн газрын NSA байгууллагад үйлчилдэг PRISM нэртэй хяналтын аппаратын сенсорууд байсан нь илчлэгдсэн нь асуудлыг анхаарлын төвд авчраад байгаа юм. Үүнийг энгийнээр өгүүлбэл монголчууд бид тус тусдаа фэйсбүүк хаягтай. Нэг үгээр агаарт та бид тус тусдаа үүл болон дэгддэг гэсэн үг. Өдөр болгон өөрийнхөө нүүр хуудсанд цаг үетэй холбоотой, холбоогүй элдэв мэдээлэл хийж, олон сэдвээр мэтгэлцэж, харилцан мэдээлэл солилцдог. Үүнийг фэйсбүүкийн эзэд ажиглаад Монголын өнөөдрийн байдлыг тэр бүх мэдээллийг базаж өнөөх олон мянган үүлийг бөөгнүүлээд дүгнэсний эцэст чухал гаргалгаа, бодит байдлын талаарх дүн шинжилгээ, хэрэгтэй мэдээллийг NSA-д зардаг гэнэ.
Усан, ууран, тогон, дотоод шаталтын гэсэн дөрвөн технологийн үеийг даван туулаад та бид үүлэн тооцооллын эрин буюу технологийн тав дахь хувьсгалын үедээ явж байна. Одоо зургаа дахь хувьсгал нь эхэлж байгаа юм.
Квант гэхийг нанотай адилтгаж хэмжээс төдий зүйлийг яриад байна гэж бодож болохгүй. Бүх цаг үеэс ялгарч чадах цоо шинэ, хачирхалтай онол дээр тулгуурлан гарч ирсэн ойлголт гэж үздэг юм байна. Атомоос ч жижиг хэмжээнд яригдах тийм өчүүхэн технологи. Атомыг задлаад электрон, нейтрон, протон болдог. Электрон, нейтрон, протоныг цааш задлах боломжгүй гэж үзээд эгэл бөөмс гэж нэрлэсэн бөгөөд үүнээс кварк гэж ойлголт гарч ирсэн билээ. Тэгэхээр эгэл бөөмсөөс ч жижиг зүйл квант компьютер дээр яригдаж байгаа юм. Квант компьютер нь хязгааргүй хэмжээтэй санах ойтой, ямар ч мэдээллийн нууцыг тайлж, тагнуулын зорилготой ямар ч далд мэдээллийг илрүүлэх чадалтай. Тэгэхээр ийм хүчтэй компьютерийн эрин рүү та бид удахгүй орох учраас эрдэмтэд, математикчид “Хэрвээ квант компьютер бүтээгдчихвэл” гэсэн нөхцөлтэйгээр квант криптографийг ч хүртэл боловсруулаад эхэлчихсэн байгаа нь биднийг тайвшруулж байгаа юм.
Квант компьютер бий болох мэдлэг, инновацийн орчин хангалттай бүрдсэн ч бодит амьдрал дээрх физик платформоо л хүлээж байгаа юм. Уламжлалт, бидний одоогийн хэрэглэж байгаа компьютер мэдээллийг тэг болон нэг гэсэн хоёр төрлөөр ээлжлэн шалгадаг бол квант тооллын систем нь мэдээллийг нэгэн зэрэг 0 ба 1 гэж хадгалах учраас өнөөдөр байгаа хамгийн хурдан компьютероос ч хурдан тооцоолол хийнэ гэсэн үг. Ингэхээр ой санамжийн хувьд элдэв өө ярихгүйгээс гадна хурдны хувьд бас ямар ч асуудалгүй.
Д.САРУУЛ