Өнгөрөгч 2016 оны 12-р сарын 30-ны өдөр
Тавантолгойн нүүрсний ордод нүүрс тээвэрлэдэг байсан монгол жолоочийг
хятад иргэд зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Уг хэргийг
Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн гэх ба хятадууд
олноороо нийлж монгол жолоочийн амь насыг хөнөөсөн гэдгийг эх сурвалж
мэдээлэв. Дээрх хэрэг гарснаас хойш монголын нутаг дэвсгэрт ажиллаж буй
хятад ажилчид болон монголчуудын дунд ихээхэн үл ойлголцол үүсэх болсныг
орон нутгийн иргэд хэлж байна. Мөн сүүлийн үед Тавантолгойд нүүрс
тээвэрлэх монгол жолооч нар ажилгүй болж эрх нь зөрчигдөх болсон гэв.
Тус
аймагт ийнхүү нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор, Өмнөговь
аймгийн Цогтцэций сумын уурхайгаас Гашуунсухайт боомтын чиглэлийн 245 км
нүүрс тээвэрлэлтийн зам дагуу гэрээт цагдаа нар ажиллаж эхэлжээ. Энэ
талаар Өмнөговь аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн
ахлах дэслэгч Т.Түмэнжаргал “Он гарснаас хойш Цагаан хад орчмын замын
нөхцөл байдал маш хүнд болсон. Уул уурхайн ажил эрчимжсэнээр хилээр
гарах тээвэрлэлтийн машинуудын дугаар 50 км үргэлжилсэн байдалтай
байлаа. Энэ байдлыг Цагдаагийн Ерөнхий газар руу мэдээлснээр Цагаан
хаданд замын цагдаагийн тасаг байгуулахаар болсон” хэмээн ярьжээ.