Дэлхийн зэсийн том ордууд гэвэл Оюу толгой, Пеббл, Удокан гэж ирээд бий. Пеббл гэдэг нь Аляскийн орд. Удокан нь ОХУ-ынх. Газар зүйн байршлаараа манай улстай их ойрхон. Чита мужид байрлах энэ ордын түүх тэртээ 1949 оноос эхтэй. Дэлхийд нөөцөөрөө дээгүүрт жагсдаг энэ ордыг тус улсын Ойн экспедицийнхэн анх олж байж. Урьдчилсан хайгуулыг нь 1952-1958 онд хийжээ. Харин 1959 онд эдийн засгийн үр ашиггүй гэсэн дүгнэлт гарч хэсэгтээ сонирхлын гадна үлдсэн гэдэг. Гэхдээ энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Жилийн дараа уулын далд малталтаар нэг цооног өрөмдөөд ашигтай орд гэдгийг нь мэдсэн байна. Өрөмдлөгөөр зэсийн нөөц хоёр километр хүртэл үргэлжилж буй нь тодорхой болсон гэдэг. ЗХУ-ын Засгийн газар үүнийг мэдсэн даруйдаа тогтоол гаргаж ордын нарийвчилсан хайгуулыг 1964 он гэхэд хийж дуусгахыг үүрэгджээ. Нарийвчилсан хайгуулын ажил хугацаанаасаа нэг жилээр хоцорч дуусчээ. Ингээд оросууд зэсийн дажгүй нөөцтэй ордоо нэг хэсэгтээ нам жим орхисон байна. Байгаль-Амурын төмөр замын ажил эхлэх үед буюу 1975 онд ордын хайгуул дахин үргэлжилжээ. Үүнээс хойш таван жилийн хугацаанд нарийвчилсан хайгуул хийн хагас үйлдвэрийн туршилт явуулж байж нөөцийг нь шинэчлэн тогтоожээ. ЗХУ-ын Нөөцийн комисс 1981 онд Удоканы ордод цэвэр металлаараа 20 сая тонн зэс бий гэсэн дүгнэлт гаргасан аж. Энэ ордын зэсийн дундаж агуулгыг 1.45 хувь гэж тодорхойлжээ. Энэ бол 1949-1980 оны турш үргэлжилсэн хайгуулын үр дүн байв. Сонирхуулж хэлэхэд наяад онд ордын хөрс хуулалтыг цөмийн дэлбэлэх аргаар хийнэ гэсэн хувилбар ч яригдаж байж.
Забайкальск хязгаарын төмөр замын Новая Чара станцаас 30 км зайд орших энэ ордын лицензийг Орос, Америкийн Удоканы уулын компани 1992 онд анх авчээ. Лиценз авснаасаа хойш ямар ч ажил хийгээгүй учраас зургаан жилийн дараа Оросын төр мэдэлдээ эргүүлэн авсан байна. Сүүлд нь 2008 онд “Металлоинвест” лицензийг 15 тэрбум рублиэр худалдан авчээ. Тэрбумтан Алшир Усмановын “Металлоинвест”-тэй Олег Дерипаскагийн “Союзметаллресурс”, Михаиль Прохоровын “Норникель”, “Русская мед консорциум” өрсөлдөж байж. “Металлоинвест”-ын хувьд “Михайловский ГОК” нэрийн дор өрсөлдөж энэ ордын эзэмшигч болжээ. Удоканы ордыг өнөөдөр “Металлоинвест”-ийн бүрэлдэхүүнд багтдаг “Байгалийн уул уурхай” гэдэг компани хариуцан ажилладаг. “Михайловский ГОК” лицензээ авсныхаа дараа охин компани болох “Байгалийн уул уурхай”-д шилжүүлэн өгсөн түүхтэй аж. 2010 оноос энэ ордод дахин хайгуул хийсэн байна. 2.5 мянган метр уулын далд малталт гэх мэт өчнөөн ажил өрнүүлсний эцэст Удоканы ордын нөөцийг дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг JORK стандартаар баталжээ. Уг ордын зэсийн нөөц цэвэр металлаараа олон улсын стандартаар 25.7 сая тонн, хүдрийн нөөц нь 2.7 тэрбум тонн гэж гарчээ. Удокан ордын ил аргаар олборлох уурхайн хэмжээний хүдрийн нөөц 795 сая, зэсийн нөөц цэвэр металлаараа 9.9 сая тонн гэдгийг ордыг эзэмшиж буй компани хайгуулаараа нотолжээ.
2011 онд хайгуулыг дахин эхэлж, 2012 оны есдүгээр сар хүртэл үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн туршилт хийсний үр дүнд хүдрээс зэсийг 89 хувийн металл авалттайгаар гаргаж авах боломжийг тогтоосон байна.
2010 оны арваннэгдүгээр сард уг ордын лиценз эзэмшигч компани Забайкальскийн удирдлагатай нийгэм, эдийн засгийн гэрээ байгуулжээ. 2012 оны намар олон улсын инженерингийн “Флюр” компаниар ТЭЗҮ-ээ хийлгэхээр болжээ. “Флюр”-ыг Сайншандын аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ дээр ажилласан гэдгээр нь монголчууд андахгүй. Өнгөрсөн оны гуравдугаар сард Оросын засгаас Алс Дорнод болон Байгалийн бүс нутгийг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн хөтөлбөр гэж баталжээ. Удоканы ордыг ашиглалтад оруулах төслийн хүрээнд баталсан аж. Энэ оны хоёрдугаар сард олон улсад нэр хүндтэй “Флюр”, “SRK consulting”, “Knight piesold” зэрэг компаниуд Удоканы ТЭЗҮ-ийг хийж дуусгажээ. Удоканы ордын хүдрийн нөөц JORK стандартаар 2.3 тэрбум тонн гэж гарчээ. Зэсийнх нь нөөц металлаараа 24.6 сая тонн гэсэн дүн гарсан байна. Энэ нь Оросын зэсийн нийт нөөцийн 60 хувь гэсэн үг. Харин манай Оюу толгойн хувьд 36 сая тонн зэс, 45 сая унци алтны нөөцтэй. Тэгэхээр Удоканыг зэсийн нөөцөөрөө Оюу толгойтой өрсөлдөхүйц гээд ойлгочихож болно. Сүүлийн мэдээгээр Удоканы уулын баяжуулах үйлдвэрийн барилга бүтээн байгуулалтын ажлыг 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд эхлүүлэхээр төлөвлөжээ. Ашиглаж эхлэх хугацаа нь 2017 оны зургадугаар сарын 25. Энэ өдрөөс хойш Удоканы ордоос хүдэр олборлож эхэлнэ гэсэн үг. Удоканы уурхайг 2024 оноос бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах гэж байна.
“Металлоинвест” анх “Таван жил хагасын дараа олборлолтыг 12 сая тонн хүдэрт хүргэх, долоон жилийн дараа 36 сая тонн хүдэр олборлох” нөхцөлөөр Удоканд эзэн сууж байж. Таван жилийн дараа гэсэн тохироогоор бол өнгөрсөн онд энэ ордын олборлолт эхлэх учиртай байв. Харин ирэх онд хүдрийнхээ олборлолтыг 36 сая тоннд хүргэж нэмэгдүүлэх ёстой байж. Гэтэл өнөөдөр Удокан ашиглалтад ороогүй хэвээр байгаа. Олборлоход хүнд хэцүү, төвөгтэй нөхцөлд байршдаг, хөрөнгө оруулалт их хэмжээгээр шаардана гэсэн шалтгаан яригддаг. Дашрамд дурдахад “Металлоинвест” ордыг ашиглахад хэрэгтэй дэд бүтэц, олборлолт дээр “Ростехнологи”, “Норникельс металл”-тай хамтран ажиллах санал тавин ажиллаж байгаа юм билээ.
Удокан ордыг төлөвлөсөн хугацаанд нь буюу 2013 онд ашиглаж эхлээгүйг Чита мужийн Забайкальск хязгаарын нэгдүгээр орлогч дарга хоёр шалтгаантай гэж тайлбарлажээ. Эхний шалтгаан нь эрчим хүчний дэд бүтэц тавих, хоёрдугаар шалтгаан нь төмөр замын нэвтрүүлэх чадлыг сайжруулах гэнэ. Удоканы ордыг ашиглая гэвэл 500 КВт-ын 1200 км эрчим хүчний шугам тавих шаардлагатай юм байна.
Удоканд эзэн суусан “Металлоинвест” Орост хэн бэ?
“Металлоинвест”-ийн эзэн Алишер Усманов бол Оросын шинэ баян. Дэлхийн баячуудыг эрэмбэлсэн “Форбес”-ийн жагсаалтад 40 дүгээрт бичигддэг эрхэм. Тэр 2013 оны есдүгээр сарын 26-нд “Ордыг ашиглахад зургаан тэрбум ам.доллар хэрэгтэй” хэмээн мэдэгдсэнийг “Коммерсант” онцолжээ. Тус компанийн зүгээс ордыг ашиглахад 6-8 тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн мэдэгдлийг хийгээд байгаа аж. “Металлоинвест” төмрийн хүдэр, төмрийн баяжмалыг дэлхийн зах зээлд нийлүүлдэг, нөөцөөрөө дэлхийд хоёрт ордог төмрийн хүдрийн орд эзэмшдэг. Тус компанийн эзэмшдэг ордын нөөц олон улсын JORK стандартаар 14.6 тэрбум төмрийн хүдрийн нөөцтэй нь тогтоогдсон, 150 жилийн турш ашиглах нөөцтэй аварга орд аж. Төмрийн баяжмалын бөөрөнцгийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч компани. Өнгөрсөн онд гэхэд ОХУ-ын төмрийн баяжмалын 37 хувийг, төмрийн баяжмалын бөөрөнцгийн 57 хувийг үйлдвэрлэжээ. “Металлоинвест”-ийн вант улсын эзэмшилд Лебединск Михайловскийн уулын баяжуулах үйлдвэр, Осколоскийн электро металлургийн комбинат, төмрийн хаягдал боловсруулдаг “УралМетКом” үйлдвэрүүд багтдаг.
Удокан Яагаад бидэнд Чухал гэж?
Олборлоход хүнд хэцүү нөхцөлд оршдог гэдэг утгаар нь оросууд өнөөдрийг хүртэл Удокандоо гар хүрээгүй. Сүүлийн жилүүдэд оросууд Удоканоо эдийн засгийн эргэлтэд оруулна гэж эрчимтэй ажиллаж эхэлсэн нь Оюу толгойтой холбоотой гэж ярьдаг. Биднээс урьтаж хөдлөх сонирхол өндөр байсан ч дэд бүтцийн бэрхшээл, хөрөнгө мөнгөний дутмаг байдлаас болж хөдөлгөж чадалгүй өнөөг хүрсэн нь энэ ордын түүхээс харагддаг. Өнөөг хүртэл гэдэгт Шанхайн уулзалтаас өмнөх өдрүүд орно. Харин Шанхайн уулзалтаас хойш буюу В.Путин, Си Жиньпин хоёр 40 гаруй гэрээнд гарын үсэг зурж эдийн засгийн цоо шинэ бодитой харилцааг үүсгэснээс хойш байдал өөрөөр эргэсэн. Хамгийн том үр дүн гэхэд л хоёр том хөршийг холбосон төмөр замын маршрут өнөөдрийнхөөс 700 км-ээр богиносно. Тэдний дунд хийсэн өчнөөн тохирооны зөвхөн нэг хэсэг нь гэхэд л энэ. Цаашлаад худалдаа эдийн засгийн чиглэлийн маш олон бодитой төслүүд хоёр гүрний дунд хэрэгжиж эхлэх гэж байна. Бидэнтэй хамаатай төслүүдийн нэг гэхэд л зэс байна. Тодруулж хэлбэл Удоканы орд. Монголын Оюу толгойн зэсийн баяжмалыг авах зах зээл нь Хятад. Оросууд ч удахгүй Удокан ордоос тэдэнд зэсээ нийлүүлж эхлэх нь. Шанхайн уулзалтын үеэр хийсэн том гэрээнүүдээрээ дэлхийн эдийн засагт шинэ зам үүсгэсэн хоёр гүрний аль алинд нь Удоканыг хөдөлгөх сонирхол бий. Өмнө нь хий, ашигт малтмалаа Европ руу зараад мөнгө олчихдог байсан оросууд Украины асуудлаас болж том зах зээлээ алдсан. Удоканыг хөдөлгөе гэж яарахгүй өнөөг хүрсэн нь ч Европ хэмээх том зах зээл өмнө нь байсантай холбоотой. Харин одоо байдал өөрчлөгдсөн. Хятад, Солонгос, Японд хийгээ нийлүүлэхээр болсон ОХУ-д Удоканыг үнэд хүргэх сонирхол ч бий.
Удоканы санхүүжилтийн хувьд бүр анх В.Путиныг Ерөнхий сайд байх үеэс л Хятадтай хамтрах алхам эхэлсэн юм билээ. В.Путины айлчлалын үеэр Хятадад болж буй эдийн засгийн форумын хүрээнд Удоканы эзэмшигчид Хятадын худалдаа үйлдвэрийн банк (ICBC)-тай санхүүжилтийн урьдчилсан хэлэлцээрт гарын үсэг зурж байж. Саяын Шанхайн уулзалтын үеэр В.Путин Си Жинпин хоёр алс дорнодын ашигт малтмалыгэргэлтэнд оруулах гэрээг үзэглэсэн. Тодруулж хэлбэл Забайкальскийн Удоканыг зэсийн ордыг хамтран эзэмших гэрээг үзэглэчихлээ.
Удоканыг 2024 онд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна гэж байгаа ч үүнээс ч өмнө ажиллуулж эхлэх нөхцөл бүрдчихсэн гэсэн үг. Оюу толгойн ил уурхайн олборлолт хэвийн явагдаж буй ч энэ ордын үнэ цэнийн 80 хувь нь агуулагдсан гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт хэзээ шийдэгдэх нь бүрхэг хэвээр байгаа.
Бидэнд ийм сул тал бий ч Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй үргэлжлүүлбэл давуу талууд бас бий. Оюу толгойн хувьд нөөцөөрөө Удоканоос илүү, бас алтны агуулгатай гэдгээрээ давуу. Оюу толгой төслийг хэрэгжүүлэгч “Рио” бол дэлхийд том тоглогч. “Рио”-д хувь, ашгаа ахиухан авахын тулд баяжмалаа ахиу үнээр борлуулах сонирхол бий, тэр сонирхлоо хэрэгжүүлэх хүчирхэг нөлөөг ч урд хөршийн зах дээр тогтоочихсон. Тэгэхээр дэлхийн хэмжээнд яригдах Оюу толгой гэж том ордын нөөцийн 80 хувь нь агуулагдаж буй гүний уурхайн бүтээн байгуулалтаа цаг алдалгүй үргэлжлүүлэх л бидний хувьд чухал болоод байна даа.
Ц.Баасансүрэн