Хятадын алдарт сагсан бөмбөгч Яо Мин, бусад 10 хүний хамтаар Ангараг гаригт очих элчээр томилогджээ. Энэ тухай Хятадын Сарны судалгаа, сансрын инженерингийн төвийн мэдээллээс иш татан “Sina” цахим хуудаст мэдээллэсэн байна. Энэ нь Хятадын сансрын хөтөлбөрийг олон улсад сурталчлах зорилготой ажээ.
Өдгөө 36 настай Яо Мин спортоос хөндийрч, бизнес эрхлэн, олон нийтийн ажилд оролцож буй юм байна. Тэрээр Хятадын хамгийн баян, хамгийн алдар хүндтэй хүмүүсийн нэг юм. 2002-2011 онд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) “Хьюстон Рокетс” багт тоглож байсан. 2009 онд Яо Мин “Шанхай Шаркс” багийг худалдан авч, сүүлийн үед сагсан бөмбөгийн тэмцээний тайлбарлагч хийх болжээ.
Дашрамд дурдахад, Хятад улс 2020 онд Хайнань мужийн Вэньчан сансрын буудлаас “Чанчжэн-5” хэмээх зөөгч пуужинг Ангараг гариг руу хөөргөхөөр төлөвлөсөн байна.