Өчигдөр буюу Лхагва гарагт Хятадын эх газарт Covid-19 вирусийн халдварын 139 шинэ тохиолдол бүртэгдсэн нь өмнөх өдрийн 119 тохиолдлоос өссөн үзүүлэлт болжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд халдвараар өвчилсөн 31 хүн нас барсан байна. Нийт халдварын 134 нь Хубэй мужид, үүнээс 131 нь мужийн төв Ухань хотод илэрчээ.
Лхагва гарагийн байдлаар Хятадын эх газарт шинэ коронавирусийн нийт 80,409 халдварын тохиолдол бүртгэгдэж, 3,012 өвчтөн нас бараад байна.
Тэдгээрээс 52,045 нь бүрэн эдгэрсэн тухай мэдээлжээ.
Сүүлийн өдрүүдэд гадаад улс орнуудаас Хятадад ирэгсдийн дотор халдвар илрэх болсон нь эрх баригчдын санааг зовоож байна. Одоогийн байдлаар ийм 20 тохиолдол бүртгэгджээ.
Өчигдөр Өмнөд Солонгос даяар коронавирусийн халдварын 438 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тоог 5,766-д хүргэсэн байна.
Энэ улсад нийт 35 хүн Covid-19 вирусийн өвчлөлөөр нас бараад байгаагийн ихэнх нь суурь өвчтэй хүмүүс, эсвэл ахмад настнууд байгаа юм.
Өчигдөр илэрсэн 438 тохиолдлын 320 нь тус улсын дөрөв дэх том хот Дэгүд, 87 нь түүнтэй хил залгаа Умард Гёнсан мужид бүртгэгджээ.
Нийслэл Сөүл хотод өчигдөр халдварын дөрвөн шинэ тохиолдол илэрч, нийт тоог 103-д хүргэсэн байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр Хятадын Ухань хотод анх илэрсэн шинэ төрлийн коронавирусийн халдварын тоо дэлхий даяар 95,036-д хүрч, нас барсан өвчтөний тоо 3,282 болоод байна.