Хятадын Коммунист намын Төв хорооны тавдугаар бүгд хурал Бээжин хотноо энэ сарын 26-нд эхэлсэн. Хаалттай болж буй уг хурал гурван хоног үргэлжилж, өнөөдөр өндөрлөнө. БНХАУ-ын дарга Си Жиньпин 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө бүхий төслөө танилцуулжээ. Энэ удаагийн хурал хэд, хэдэн онцлогтой юм. Юуны өмнө таван жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа тоон үзүүлэлт бус, ямар асуудлыг голлох, хэрхэн шийдэх гэдэгт анхаарал хандуулах гэнэ.
Барууны орнууд Хятад улсын стратегийн технологид нэвтрэх боломжийг хязгаарлаад буй. Тиймээс тус улсын эрх баригчид импортын барааг юугаар орлуулах болон дотоод хэрэгцээнд гол анхаарлаа хандуулж байна. Гадны ажиглагчид БНХАУ-ыг ирэх арван жилд дэлхийн хүчирхэг эдийн засаг болгох Си Жиньпины зорилтууд улам бүр гүнзгий тусгагдана гэж харж байгаа аж. Нөгөө талаас Хятадын Коммунист намын нэгдмэл байдлыг харуулах зорилгоор энэ удаагийн хурлын үйл явцыг сэтгүүлчдэд хаалттайгаар явуулж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон Хятадын Коммунист намын Төв хорооны дөрөвдүгээр бүгд хуралд төв хорооны 202 гишүүнээс гадна 169 нэр дэвшигч оролцсон гэдэг.
Хятадын эрх баригчид Хятадыг дэлхийн бүх бүс нутагтай дэд бүтцээр холбох “Бүс ба зам санаачилга”, өндөр технологи, үйлдвэрлэлийн гол чиглэлүүдэд дэлхийд тэргүүлэх зорилготой “Made in China 2025”, технологийн салбарт дэлхийд тэргүүлэх “Хятадын стандарт 2035” зэрэг стратеги болон хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг дэвшүүлээд байна. Мөн ирэх таван жилийн төлөвлөгөөндөө урт хугацааны эдийн засгийн стратеги төлөвлөлт, хөгжлийн бодлого болон гадаад харилцааны бодлогыг жолоодох томоохон зохицуулалтуудыг хийх гэнэ. Тухайлбал, АНУ-тай үүсээд байгаа улс төрийн үл ойлголцолтой холбоотойгоор үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, мөн технологи тэр дундаа орчин үеийн хагас дамжуулагч болон хиймэл оюуны салбарыг дэмжихэд онцгой анхаарал хандуулахаар болжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа өнгөрсөн дөрвөн жилийн турш Хятадын эрх баригчдын эсрэг хатуу бодлого хэрэгжүүлээд буй. Тухайлбал, Хятадын технологийн дэвшлийг сааруулах зорилгоор “Huawei”, “ZTE” болон “Hikvision” зэрэг тус улсын технологийн томоохон компаниудын үйл ажиллагаанд хориг тавьсан. Тиймээс Хятадын тал технологийн салбар дахь энэхүү тодорхойгүй байдлыг өөрсдийн нөөц бололцоон дээр тулгуурлан шийдвэрлэх зохицуулалтууд хийх нь гарцаагүй гэж ажиглагчид өмнө нь онцолж байв.
БНХАУ 2016-2020 оны буюу 13 дахь таван жилийн төлөвлөгөөний дагуу эдийн засгийн бүтцийн хувьд экспортоос илүү дотоодын хэрэглээний өсөлтөд найдах чиглэлд шилжсэн. Тус улс сүүлийн таван жилийн хугацаанд дотоодын хэрэглээ, аялал жуулчлалыг дэмжих бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж ирсэн юм. Харин ирэх таван жилийн үндэсний хөгжлийн төлөвлөгөөнд дотоодын зах зээлд үргэлжлүүлэн анхаарал хандуулж, тэр дундаа нийгмийн эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл болон аялал жуулчлалыг түлхүү дэмжих бодлого барих гэнэ. Хятадын Коммунист намын Төв хорооны дээрх хурлаар хэлэлцсэн 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөг ирэх оны гуравдугаар сард болох Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаар эцэслэн батлах юм байна.
Дашрамд хэлэхэд, Хятадын эрх баригч Коммунист намын 100 жилийн ой ирэх онд тохионо. Харин 2022 онд Коммунист намын XX Их хурал болох юм. Уг хурлаар Си Жиньпины эрин үе болон түүний удирдлагын ирээдүйг хэлэлцэх аж. Тиймээс ажиглагчид энэхүү үйл явдалд Хятадын Коммунист намын 100 жилийн ойгоос илүү өндөр ач холбогдол өгч байна. Эрдэмтдийн үзэж буйгаар Си Жиньпин ХКН-ын XХ бүгд хурлаар өөрийн эрх мэдлээ тэлж, БНХАУ-ыг удирдах хугацаагаа дор хаяж дахин найман жилээр сунгах боломжтой гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм.
Д.ЦЭРЭНДОЛГОР