Хятад улс Австралийн нүүрсний экспортод тавьсан албан бус хоригоо цуцалж эхэлсэн тухай мэдээ энэ долоо хоногт цацагдсан юм. Тэгвэл Хятадын тал энэ мэдээллийг баталжээ. Австралид суугаа БНХАУ-ын элчин сайд Шиао ЧианьКанберра хотод сэтгүүлчидтэй уулзахдаа нүүрсний экспортын ямар нэг албан ёсны хориг үйлчлээгүй байгаа, нүүрсийг худалдаж авах эсэх нь Хятадын компаниудын шийдэх асуудал гэж тайлбарласан байна.
Коронавирусийн уг гарлыг олон улсын хэмжээнд судлах уриалгад Австрали улс нэгдсэний хариуд 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн Хятадын засгийн газар тус улсаас зарим бараа бүтээгдэхүүнийг импортлохоо зогсоосон. Үүнд нүүрснээс гадна зарим төрлийн үр тариа, далайн хүнс, дарс зэрэг бүтээгдэхүүнүүд багтаж байжээ. Өнгөрсөн онд Австралид шинэ засгийн газар байгуулагдаж, Энтони Албаниз ерөнхий сайдаар томилогдсоны дараа Хятадтай харилцах харилцаанд нь эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн юм.
Арван нэгдүгээр сард Индонезын Бали аралд болсон “Их 20”-ын чуулганы үеэр Хятадын төрийн тэргүүн Си Жиньпин, Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз нар уулзсан юм. Ингэснээр Хятадын засгийн газар төрийн өмчит компаниуддаа Австралиас нүүрс авахыг зөвшөөрсөн байна. Австралийн нүүрс олборлогчид ч Хятадын талаас Австралиас нүүрс нийлүүлэх хүсэлтүүд хүлээн авч эхэлсэн гэж “Reuters” мэдээлжээ.