Манай улс өнгөрсөн онд БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтээ илэрхийлсэн. Энэхүү хүсэлтийн дагуу өнгөрсөн онд БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Гэрчилгээ, бүртгэлжүүлэлтийн газраас мэргэжилтнүүд ирж мах нядалгааны болон боловсруулах үйлдвэрүүдэд тандалт судалгаа, эрсдлийн үнэлгээ хийгээд буцсан юм.
Тухайн үед эрсдлийн үнэлгээгээр тэнцсэн боловч зарим нэг шаардлагыг хангаагүй үйлдвэрүүдийн дутагдлыг МХЕГ-ын хяналтан дор засч залруулан, өнгөрсөн сард Хятадын талд аж ахуй нэгжүүдийнхээ мэдээллийг хүргүүлсэн. Үүний дагуу Хятадын Гэрчилгээ бүртгэлжүүлэлтийн газраас энэ сарын 13-нд доорх аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох зөвшөөрөл олгожээ.
Тухайлбал дулааны аргаар боловсруулсан 20 орчим төрлийн үхэр хонины мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох зөвшөөрлийг “Мах маркет”, “Монгол эко мах” ХХК-ууд, үхэр, хонины махны нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг “Мах маркет”, “Грийн грэйс лэнд”, “Монгол эко мах”, “Дархан меат фүүд” гэсэн дөрвөн компанид олгосон ба эдгээр аж ахуйн нэгжүүд нь дулааны аргаар боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах аж. Харин адууны махан хөлдөөсөн бууз, банш экспортлох эрхийн “Хаан хүнс” ХХК, адууны махны нядалгааны үйлдвэрийн хувьд “Монгол эко мах”, “ Дархан меат фүүд” ХХК-ууд адууны хөлдүү гулууз махыг экспортлох зөвшөөрлийг авсан байна.
БНХАУ-ын махны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд Хятадын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан тайлангаас үзвэл, хонины махны хэрэглээний нэг хүнд ноогдох хэмжээ нь 2002 онд 2,47 кг, 2010 онд 3,01 кг, 2015 онд 3,23 кг болсон байна. Хонины махны импорт 2011 онд 82,7 мян.тн, 2012 онд 123,7 мян.тн, 2013 онд 254,0 мян.тн болж өсчээ.