Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд мэдээлэл хийж, ОХУ, БНХАУ-д хийсэн ажлын айлчлалынхаа үр дүнг танилцууллаа.
ОХУ-д хийсэн айлчлалын тухайд хэд хэдэн асуудлаар тохиролцоонд хүрсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ онд хийхээр төлөвлөсөн айлчлалыг оны эхний хагаст, болж өгвөл эхний улиралд багтааж зохион байгуулахаар хоёр талын Гадаад харилцааны яам тохирчээ. Энэхүү айлчлалаар Засгийн газар хоорондын 14, яам хоорондын 10-аад баримт бичигт гарын үсэг зурж эцэслэн батлахаар болсон гэдгийг Ц.Мөнх-Оргил сайд онцоллоо.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын урилгаар энэ сарын 13-14-ний хооронд айлчилсан юм. С.Лавров сайдтай бараг хоёр цаг гаруй олон асуудлаар ярилцжээ.
Чухамдаа ОХУ-тай шийдэгдээгүй эдийн засаг, мөнгө санхүү, улс төрийн асуудал байхгүй. Хамгийн гол нь өмнө нь хийсэн яриа хэлэлцээрийн биелэлтийг хангах ажил үлдээд байна хэмээв.
Тэд 100 тэрбум рубль буюу 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг шийдвэрлэх асуудлаар ярилцжээ. Мөн ОХУ-ын банкнаас 200 сая ам.долларыг Хөгжлийн банк авахаар ярьж байгаа аж. Энэ мөнгөөр Улаанбаатар төмөр зам, эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
ОХУ-ын тал өнгөрсөн хавар их өрийн асуудлыг шийдсэн учраас энэ асуудлыг шийднэ, гагцхүү хоёр тал төслөө тохирох хэрэгтэй, ОУВС-гийн гэрээ хэлэлцээрийг анхааралтай харж байгаа гэсэн хариу өгсөн.
Мөн Эгийн голын усан цахилгаан станцын талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Монголын эрчим хүчний хангамжийг сайжруулахад хоёр тал хамтран ажиллахаар болжээ. Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станц байгуулснаар Байгаль нуурын орчинд хор хөнөөлтэй үгүйг судалж, эрдэмтдийнхээ үгийг сонсож шийдвэрлэхээр болсон байна.
Хятадаас өгөхөөр тохирсон 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдэхээр болжээ.
БНХАУ-д хийсэн айлчлалын талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил:
“Өчигдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай дэлгэрэнгүй яриа хэлэлцээр хийлээ.
Мөн БНХАУ-ын дэд даргад бараалхаж хоёр орны асуудлаар санал солилцлоо.
Хоёр улсын хооронд байгуулахаар бэлэн болоод буй хэд хэдэн асуудлууд байна. Юуны өмнө Монголын “Талын зам” санаачилгыг БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгатай уялдуулна.
Монгол-Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах санамж бичиг байгуулах зэрэг олон асуудлыг ярилцлжээ.
БНХАУ ОУВС-тай тохиролцоо хийж байгааг сайшааж, хамтын ажиллагаагаа тогтвортой төлөвлөхөд ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж байна.
БНХАУ-аас Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк, ОУВС-гаар дамжуулан дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
Хоёр төв банкны хооронд байгуулсан своп хэлэлцээг сунгана гэдгээ илэрхийлсэн. Мөн манай хүсэлтийн дагуу своп хэлэлцээрийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг нааштай шийднэ гэдэгээ хэлсэн.
Өмнө нь олгохоор шийдсэн хөнгөлөлттэй зээлийнхээ хэрэгжилтийг судлахаар болсон. Тухайлбал өнгөрсөн жил БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян манайд өгөхөөр тохирсон 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдээгүй байгаа бөгөөд үүнийг шийдэхээр боллоо.
Энэ мөнгийг манай тал гэр хорооллыг орон сууцжуулахад ашиглана, мөн хоёр орны боомтын Монголын талын дэд бүтцийг сайжруулахаар тохирчээ.