БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийх айлчлалын уулзалтууд албан ёсоор эхэлсэн. Айлчлалтай холбогдуулан Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр БНХАУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага “ЭКСИМ” банкны ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга ноён Ли Руогу болон дагалдан ирсэн бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзжээ.
Энэ үеэр талууд БНХАУ-аас манай улсад өнөөг хүртэл үзүүлсэн зээл, буцалтгүй тусламжийн хэрэгжилтийн талаар санал солилцож, ирээдүйд хамтран ажиллах зорилтоо тодотгон тодорхойлсон байна. Тухайлбал, өмнөд хөрш өнөөг хүртэл манай улсад 800 гаруй сая ам.долларын зээл, 800 гаруй сая юанийн буцалтгүй тусламж үзүүлсэн байдаг ба Энхтайвны гүүр зэрэг хотын төвийн томоохон бүтээн байгуулалтуудыг дээрх дэмжлэгээр байгуулсан түүхтэй. Тэгвэл “Хөгжлийнхөө ид үед яваа Монгол Улстай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээн “ЭКСИМ” банкны ерөнхийлөгч энэ үеэр мэдэгдлээ. Хариуд нь Эдийн засгийн хөгжлийн сайд манай хоёр орны найрсаг харилцаа дээрх бүтээн байгуулалтын он жилүүд буюу 1950-1962 оны хооронд хамгийн оргил үедээ хөгжиж байсныг тодотгоод, харин одоо үед хэрэгжиж байгаа, удаашралтай зарим төсөл, зээлийн явцыг хурдасгах чиглэлээр шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх механизмыг тохиролцох нь энэ удаагийн уулзалтын гол үр дүн байх болно гэж онцолсон байна.
Уг уулзалтын протоколыг баталгаажуулж, шийдвэрт хүрсэн асуудлуудаа цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Тухайлбал, тус банкны зээлээр барих гэж буй анхны хурдны зам, гурван улс дамнасан таван шугам хоолой буюу “Талын зам” төсөл болон бусад төмөр зам, автозам, эрчим хүчний төсөлд санхүүжилт олгох боломжийн талаар энэ үеэр тодорхой тохиролцоонд хүрч чаджээ.
БНХАУ-ын тусламжийн хөрөнгөөр манай улсад Биеийн тамирын ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн гүүр, орон сууц, Толгойтын цахилгаан станц, Шувуун фабрик, Зүүнхараагийн спирт, бал бурмын комбинат, Улаанбаатарын тоосгоны үйлдвэр, Замын-Үүд-Эрээний автозам, Спортын ордон барих төслийн барилга, Улсын мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын барилгыг байгуулж байсан бол зээлийн хөрөнгөөр одоогийн байдлаар Орон сууцны хороолол, дэд бүтэц, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах, Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам, Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн хэсгийн парк шинэчлэл, Мэдээлэл, харилцаа холбооны үндсэн сүлжээний өргөтгөл зэрэг төсөл хэрэгжиж байна.