Эхэндээ эдийн засаг хямраагүй, зүгээр л хүндрэл гарч байгаа юм гэх дүгнэлтийг мэргэжилтнүүд өгч байв. Гэтэл эдийн засаг хямарсан гэдгийг сүүлийн саруудад бүхий л сувгаар мэдээлж, дампуурлаа зарлахад бэлэн болсон 15 орны наймдугаарт Монгол Улс явж байгааг хэллээ.
Төр засгаас хэмнэлт хийж, яам, агентлагуудын дарга нарын тансаг хэрэглээг хасч, илүү дутуу зардлыг багасгах үүргийг өгч ер нь хаа хаанаа хэмнэлтийн горимд шилжээд байна. Олон улсад эх орныхоо нэрийг унагахгүйн тулд бас бус юм хийж байгаа дуулдана. Ямартай ч төр засаг маань хямралыг аль болох хүндрэлгүй, эх орноо элгээр нь мөлхүүлчихгүйхэн шиг даван гарахын төлөө ажиллаж байна гэж үзнэ.
Харин иргэдийн хувьд эдийн засгийн хямралтай энэ үед яажшуухан амь зууж байгаа вэ. Хямрал нийгмийн дунд, дундаас доош түвшний амьжиргаатай иргэдэд илүү хүчтэй мэдрэгдэж, хямралыг дагасан үзэгдлүүд гарч ирэх болов.
Ялангуяа сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын оршин суугчдад хямрал жинтэйхэн тусч байна. Хотын захын дүүрэг, гэр хорооллуудад хямралаас үүдэлтэй үзэгдлүүд гарч ирсээр. Ойр хавийн айлуудынхаа хоол хүнс, ахуйн жижиг сажиг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг дэлгүүрүүд данс тооцоо хөтөлдөг дэвтрээс гадна өрийн зузаан дэвтэртэй болчихож. Айлууд талх, будаа, гурил, төмс, тос зэрэг хүнсний наад захын хэрэгцээгээ хангахын тулд ийн зээл тавьж байгаа аж.
Ломбардуудын хувьд зээл авсан иргэд хүүг нь сунгаж, барьцаанд үлдээсэн эд зүйлс, хөрөнгөө буцааж авч чадахгүй байгаагаас хуучин эд зүйлсийн худалдаачид болон хувирчихаад байна. Захын хорооллуудад ийм дүр зураг харагдах болсон бол хотын төвд дэлгүүр хоршоонууд бараа, бүтээгдэхүүндээ 50-70 хувийн хямдрал зарлачихсан, зоогийн газар, ресторан, кафегаар байнгын үйлчлүүлэгчдийн тоо нэг дахин багасчихжээ. Хямрал жирийн айлуудын амьдралд яаж нөлөөлж байгааг хэдхэн жишээгээр өгүүлбэл ийм. Харин хур хөрөнгөтэй, насаараа идэх хоолоо олчихсон олигархи гэж нэрлэдэг хүмүүст хямрал тийм хүчтэй нөлөөлөхгүй байгаа бололтой. Гадаадад аялсаар, брэндээ өмссөөр.
Бид төр засгаасаа “Цалин нэм”, “Ажлын байр олго” гэж шаардахаасаа өмнө өөрт байгаа нөхцөл боломжоо харах хэрэгтэй юм. Хувийн секторт ажилладаг иргэдийн хувьд юм болгонд төр рүүгээ бурууг өгч, юм нэхээд байдаггүй, бор зүрхээрээ болгож бүтээсээр явдаг. Эдийн засагт хийсэн судалгаагаар “Үндэсний баялаг бүтээгчид”-ийг нийтээрээ дэмжиж, хийе бүтээе, үйлдвэрлэе гэсэн хүн бүрийг анхаарах болсноос хойш дотоодын жижиг дунд үйлдвэрлэлд эерэг өөрчлөлт гарч ирэх болж. Худалдан авагчдад “Үндэсний үйлдвэрлэгчээ дэмжинэ ээ” гэсэн код ч суужээ. Юм хийе гэвэл хямралын үед л хөдөл. Тэгвэл хямрал дуусахад та тэрбумтан болно гэдэг хуулиар хөдөлж байгаа олон үйлдвэрлэгч, бизнесменүүд байна.
БНСУ-ын хямралын үед иргэд нь өөрийн чимэг зүүлт, чихэн дэх алт, монетон эдлэлүүдээ улсдаа тушааж, хамтдаа хүндрэлээс гарахын төлөө зүтгэж байсан түүхийг бүгд мэднэ. Грек улсын хямрал дээд цэгтээ хүрч, улс нь бүхэлдээ хямарсан. Тус улсын иргэд чухам юунаас болж хямрал нүүрлэснийг тогтоогоод эхний ээлжинд тансаг хэрэглээнээсээ татгалзах нь зүйтэй гэдэг дээр байр сууриа нэгтгэсэн. Афин хотын 54 настай бизнесмен Фина “Хямрал нэг л өглөө манай цонхон дээр ирсэн. Хөршийн маань хүү манай гал тогооны өрөөнөөс гарах хоолны үнэрийг үнэртээд нүдээ аниад зогсч байсан. Хямрал чимээгүй ирдэг юм билээ. Би хямралд өртсөнөө мэдээгүй. Шинэ гутал өмсч үзэлгүй гурван жил болсон байсан. Өмнө нь ямар баян тансаг, дутагдах зүйлгүй амьдардаг байснаа бодох цаг гарч ирсэн. Хямрал гэдэг нэг бодлын ухралт ч хүнд маш том ухаарал өгдөг. Харин одоо би хямрахаа больсон. Өөрт олддог жаахан орлогоо зөв зүйтэй зарцуулж, өр тавин байж шинэ даашинз худалдаж авахаа больсон” гэж Францын нэгэн сонинд ярилцлага өгөхдөө дурджээ.
Хувийн байгууллагад ажилладаг 27 настай ганц бие залуу “Би өмнө нь долоо хоногт, эсвэл 14 хоногт нэг удаа дүү нараа дагуулж энд тэнд очиж үнэтэй хоол идэж өдрийг өнгөрүүлдэг байсан. Харин хямрал эхэлснээс хойш дүү нартайгаа тэгж явахаа больчихсон. Яагаад ч юм бүү мэд. Авдаг цалин хэвээрээ мөртлөө л цалин хүрэлцэхээ байсан. Ер нь хямрал гэдэг чинь толгой дээрх тансаглал гэх илүү малгайг тайлдаг үзэгдэл юм шиг ээ” гэж ярина. Нэг нь Грекийн эдийн засгийн хямралд өртсөн 54 настай эмэгтэй, нөгөөх нь хямарчихаад байгаа Монгол Улсын залуу иргэн. Тэд ийн ярьж байна.
Цалингаа нэмүүлье гээд хямарчихсан байгаа төр засаг руугаа хашгирахаас урьд иргэд өөрсдөө хямралаас гарах төлөвлөгөө зохиох хэрэгтэйг хямралаас амжилттай гарсан орнуудын иргэд зөвлөдөг. Хорь, гучаадхан хүнтэй компанийн захирал том жийп машин лизингээр авахаа түр хойшлуулаад ажилчдынхаа нэг сарын цалинг ч болтугай бүтэн өгье гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Ямар нэг баяр, тэмдэглэлт өдрүүдийг ажлаа хоёр, гурван хоног зогсоож байгаад тэмдэглэж, баярлаж, найрладгаа ч болих нь зүйтэй. Хоёр өдөр найрлахад 2-3 сарын цалинтайгаа тэнцэхүйц хэмжээний зардал гаргадаг. Тийм болохоор шинэ жилийн баяр, цагаан сарын золголт, наадам, ойн баяр зэрэгт аль болох мөнгө зарахгүй, ер нь тэмдэглэхээс татгалзах нь одоо хамгийн зөв шийдвэр.
Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Увс, Баян-Өлгий, Завхан аймгуудаар явж, хөдөөний малчид, аймгийн төвийнхөнтэй уулзахад тэдний амнаас л лав “Хямарч байна” гэх үг дуулдаагүй юм. Харин “Хотоос ирсэн хүмүүс л хямарч байна гээд байх юм. Аргагүй биз. Бие засч, машинаа зогсоолд тавих тоолондоо мөнгөний асуудалд орооцолддог юм чинь хямрахаас ч яах вэ. Бид яах вэ. Идэх мах, уух сүү нь бэлэн улс. Илүү зардал гаргах биш. Хэдэн малынхаа хойноос явсаар өдрийг бардаг. Тэр болгон гар дээр мөнгө орж ирдэггүй болохоор мөнгийг нэг их тоохгүй юм. Эдийн засгийн хямрал гээч нь биднээс холуур өнгөрч байх шиг” гэцгээнэ. Малчид, хөдөө орон нутгийн иргэдийн хувьд өмсөх хувцас, идэх хоол байвал болоо. Илүү тансаг юманд шунаж, хармаа хотоо хоосолдоггүй. Тэгэхээр тэд хямрахгүй байгаа гэдэг нь худал биш.
Хотынхон л хямралд илүү өртөөд байгаа гэдэг нь олон зүйл дээр нотлогдоно. Автобус байхад суухгүй. “Такси амар. Олон хүнтэй чихэлдэж, хувцас муухай болохгүй” гэнэ. Цайны газарт орж хооллохгүй. “Үгүй ээ, хотын төвд гадны сүлжээ ресторан нээгдэж байгаа гэсэн. Тийш очъё” гэх бөгөөд аливаа энгийн юм, өмнө байснаа үгүйсгэсэн байр сууринаас хандацгаана. Хавар намартаа өмсөх гуталтай байж, моод хөөж олныг цуглуулах бөгөөд эрчүүд нь өөрсдийгөө машингүй бол хүний тооноос хасагдана гээд лизингээр ч хамаагүй машинтай болж зээлийн дарамтад орно. Энэ бүгд л эргээд биднийг хямруулаад байгаа юм. Хямрал дуустал хэдэн сар автобусандаа суугаад, элдэв илүү тансаглалаа болиод даруухан явчихвал уг нь болчих юм. Монголчууд ходоод нь хонхолзож байвч хуруундаа алт зүүчихсэн явдаг, хүний нүдэнд ядуу харагдахаас ичдэг ганган улс. Гадны тусламжийн байгууллагынхан хотын захын нэгэн айлд хувцас хунар хандивлахаар очтол тогоо дүүрэн хонины мах чаначихсан, эхнэр нь чихэндээ монет, гартаа алтан бөгж зүүчихсэн угтсан явдал болсон гэдэг. Бид ийм улс.
Илүү маяг, гангараандаа мөнгө зарахаа больчихвол хямралын энэ үед том нэмэр болно доо. Иргэн бүр хямралаас гарах төлөвлөгөө зохиож, хэмнэлтийг амьдралдаа баримталж эхэлбэл яасан юм. Төр хямралаас гарахын тулд бүхий л талаар анхаарч байхад иргэд нь өөрсдөд нь хамаагүй мэт тансаглаад байж болохгүй. Үдийн цайнаар үнэтэй ресторанд хоолоо хүлээж цагаа алдсанаас шуурхай үйлчилгээтэй цайны газарт хямдхан ч гэсэн амттай хоолоор үйлчлүүлнэ шүү дээ. Ажлаа тараад элдэв газраар орж мөнгө төгрөгөө үрснээс эртхэн шиг гэртээ очиж байвал энэ нь иргэн таны хямралын эсрэг явуулж буй нэг төлөвлөгөө. Улс том бодлого явуулж хямралаас гардаг бол иргэн нь жижиг ч хамаагүй хэмнэлтийн төлөвлөгөө зохиож эдийн засгийн хямралын эсрэг зогсдог.
Д.ГАНСАРУУЛ