Хувцсан дотроо 102 ширхэг iPhone гар утсыг нуун Хонконг-Шэнжэний хилээр нэвтрүүлэхийг завдсан Хятадын иргэн эмэгтэйг саатуулжээ. Энэ тухай “Kotaku” сонинд мэдээлсэн байна.
Уг эмэгтэйн гадаад байдал нь гаалийн ажилтнуудын анхаарлыг татжээ. Тэрбээр дулаан байгаа үед хэтэрхий их зузаалсан, цээж нь түнтийсэн харагдаж байжээ. Гаалийн ажилтнууд урьдчилсан үзлэг хийснийхээ дараа металл илрүүлэгчээр дамжин гарахыг хүссэн байна.
Энэ эмэгтэй янз бүрийн загварын 102 ширхэг iPhone, 15 ширхэг Tissot брэндийн цагийг биедээ ороон хувцсан дотроо нуусан байжээ. Хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан барааны нийт жин 20 гаруй кг байсан аж. Энэ эмэгтэй гурав хүртэл жилийн ял авч магадгүй байгаа аж.
2017 оны 5 дугаар сард Хятадын хилийн албаныхан Хонконгоос эх газар руу үүргэвчиндээ гар утас хийгээд хилээр гаргахыг завдсан 10 сурагчийг саатуулж байсан юм. Шалгах явцад тэдгээр сурагчид янз бүрийн загварын 145 000 долларын үнэ бүхий 210 ширхэг гар утсыг үүргэвчиндээ авч явж байжээ.