Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөлийн их уулс дунд

Сайхан чиг урт намар боллоо. Шаравын Сүрэнжав найрагч “Насандаа мартамгүй харсан юм” гэж “Ерэн баатрын дууль”-даа дуун алдсан шиг мартахын аргагүй магнаг хонгор намрыг үзэв. Ийм урт намраар эх нутгийн салхи ис тоосыг минь үргээж хийморь лундаа гээч нь сэргэдэг бол сэргэхээр л явлаа. Их газрын чулуунаас Алтайн өвөр говь Сэгс цагаан Богдын хаяа, өмнийн говийн алтан соёмбот багана Орвог гашууны бор толгойгоос Хорьдол сарьдагийн бадамласан цагаан салхитай Хөвсгөлийн их уулс хүртэл явлаа. Буурал Бадарч ахын минь “Алтай их хайрхны мөнх цаст оргилоос аварга халимны сэрвээ шиг Буйрын мөнгөн долгио хүртэл, аралт тэргэнд хотойсон Монгол шарын даваанаас алтан элс молцоглосон Овоон ингэний ус хүртэл” гэдэг шиг л туушиндлаа. Халуун элгэн нутгийнхаа уул усыг халиаж явах шиг жаргал үгүй сэн. Дэндэвийн Пүрэвдорж гуайн хэлсэнчлэн, уулын толгой будраасай гэхэд будрахгүй, усны шувууд буцаасай гэхэд буцахгүй, уртын дуу шиг уянгалсан урт намрын төгсгөлийг Ёндонпэрэнлэйн Баатарбилэг сайдын хамтаар Монголын шинжлэх ухааны оргил Базарын Ширэндэвийн нутаг Хөвсгөлийн уулс дунд үддэг юм байна. Аливаад бэлгэшээлийг боддог надад ерөөлтэй санагдалгүй яахав.

Дөрвөн уулынхаа дундаас үүр цүүрээр хөдөлсөн бид яах ийхийн зуургүй Лүнгийн сууринг огтолж хатан Туулынхаа гүүрээр гараад Хангайн давааг өгслөө. Цааш галигуулан Цогт хунтайжийн хар балгасны туурийн наахнуур чанх хойш эргээд Бүрэгхангайн уулс, тосон Заамарын хөндийг үйлийн хайч шиг эсгэн Орхон түшээ мөрөн юугаа гаталсан. Их хурлын гишүүн, төрийн сайдтай яваа гээд жаахан зэнзийрхэх маягтай байтал харин өөдөөс өнөө хэдийг минь ярьж сэтгэл уясуулаад орхив. “Өнөө хэд” гэж зохиолч, найрагчдаа хэлж байна л даа. Тэр жил “Болор цом” Архангайд болж Монголын утга зохиолын бурхад бүгд очсон байдаг. Ерэн хоёр настай Бөхийн Бааст гуай бүжин шиг “дэгдээд” очжээ. За тэгээд Бавуугийн Лхагвасүрэн, Пунцагийн Бадарч, Шагдарын Дулмаа, Тангадын Галсан гээд бүгд заларсан байна. “Дэрэнгийн хар азарга” Цэндийн Чимиддорж найрагч хамгийн сүүлд шүлгээ уншсан алтан тайз Архангайн цом юм. Тэрхүү найргийн их чуулганыг ном эрдэнийн шүншигтэй Булган уулынхаа өвөрт зохион байгуулсан хүн Баатарбилэг сайд юм сан. Архангайн засаг ноён байхдаа хийсэн ажлынх нь нэг тэр юм гэнэ лээ.

“Яруу найргийн бурхдын яриаг өдөр шөнийн туршид сонссон. Нэгнээ цаашлуулж байгаа нь хүртэл гоё. Шүлгийнх нь мөрүүдийг хэлж үнэн зүрхнээсээ баярлана” хэмээгээд Лхагвасүрэн гуай “дэлдэн” Бадарчийнхаа Дандар баатарт зориулсан “Миний залуу нас дайны жилийн цэрэг явлаа” дууны “Цэрэг цамцны дөрвөлжин халаасанд цэцэгтэй алчуур нэвт гандсан” гэж гайхалтай хэлснийг нь дурссан. Эрхэм гишүүн, Лхагвасүрэн найрагч шиг толгойгоо үл ялиг сэжиж ирээд яг түүний хоолойн өнгөөр хэлсэн нь Лхагваа ах тамхиа баагиулан Бадарчаа магтаж суугаа нь нүдэнд харагдах шиг болсон сон. Ийм л яриа хөөрөөн дунд өргөн Сэлэнгийг гаталж Хатанбаатарын өлгий нутаг Хутаг-Өндөрийг дайран Хөвсгөлийн Тариалантай золгов. Энэхүү сум суурин Монголын яруу найргийн “Уянгын баатар цагаан хаан” гэгдэх Мишигийн Ширчинсүрэнгийн өлгий. Аав нь Хөвсгөлийн Зүлэгтийн гол Сэлэнгэд цутгах тохойд усан тээрэм байгуулан энгэр нь цул гурил өнжиж арваад настай Ширчинсүрэн тусад орсон ганц ахтайгаа модон анжсаар газар хагалж явсан гэдэг. “Өрөлт Сэлэнгэд түрсэн бяцхан тохой

Өглөө бүрийн наран дор үхрээ тууж гардаг байв аа би

Өнгө тунгалаг голын мөсөн дээр

Өөгүй цагаан чулуу хага мөргөлдүүлж явав аа би…,

“Шангийн хонхор дагаж их сажилсаан би

Шар цоохор хайнагийн дөр их хөтөлсөөн би…” хэмээн өгүүлсний нь учир тийм юм.

Түүнийг аймгийн сургуулийн тавдугаар анги төгсөөд ирэх хооронд хөөрхий ах нь мөнхийн аянд явчихсан байжээ. “Надаас хоёр хуруу өндөр, насаар хоёр нас ах

Ургахын нар шиг улаан царайтай, ухаантай ахтай байсан хүнээ би… гэж хожим харуусан бичсэн байдгийг санаж байна. “Цагаан костюм, цагаан шаахай, цагаан чулуун шилтэй тас хар үстэй Ширчинсүрэн шүлгээ цангинан уншиж байхыг харж жинхэнэ яруу найрагч л ийм сайхан төрдөг байх гэж анх бодсон” хэмээн Цоодол багш минь дурсдаг сан. Ширчинсүрэн гуайн “Шувуутай мод” шилдэг бүтээлийн чуулган Монголын уран зохиолын дээжис ботид хэвлэгдэхэд нь өмнөтгөлийг Цоодол багш бичсэн түүхтэй. Тэр гоё найрагчийг харах хувь надад дутсан ч гэсэн эл бүх учралыг би сэтгэлдээ хадгалж явдаг юм. Зүлэгтийн гол, Тариалангийн энэ уулс надад Ширчинсүрэн гуайн уянгын шүлэг шиг сайхан санагдаад байдаг юм.

Их уул гэж эрдэнийн алтан гилбэртэй юм шиг сонин содон уул. Тэр жил энэ уулын ар шилээр дархад Мийгаа ахтай хамт даваад Хөвсгөл далайн мөсний баярт явж байж билээ. Дархад Мийгаа гэдэг нь Баттөмөрийн Мягмаржав гэж “Болор цом”-ын эзэн аатай найрагч. Анхных нь яруу найргийн номноос “Доошлон буй хунгийн сүрэг шиг долоон сарын цас бударна” гэх мөрүүдийг олж үзэн дуу алдаж байсан сан. Яаж ингэж гоё хэлэв дээ хэмээн бодсон хэрэг. Мань хүн бол үнэндээ бодь нэгэн байсан даа. Ямар сайндаа идэр есийн жавар гялганаж байх цаг дор Монгол орны хамгийн хүйтэн цэгийн нэг Хатгал, Хөвсгөл далайд очихдоо хавар намрын даавуун цувтай тууж явахав. Тэгээд зогсохгүй толгой нүцгэн, хар саарал костюм, нимгэн шар цамцтай уур савсуулан далайн гялгар мөсөн дээр зогсож билээ. “Дархадын хүү даардаггүй юм” гээд огтоос тоож байгаа ч юм алга, түүний өмнөөс хүмүүс дагжаад байсан. Тэрхүү баярт Баатарбилэг сайд Энхбаяр Ерөнхийлөгчийн шадар байхдаа очсон. Мэдээж зам зуурт Мийгаагийнхаа шүлгийг уншиж, мөсний баярын паянг нь ярьж инээд наргиан болгон замын хачир хийж явлаа. Миний бие дээд сургуулийн ширээнээс дөнгөж салаад сонины гал тогоо бараадсан жулдрайхан ахуйдаа 2006 онд их эзэн хааныхаа Их Монгол Улсын түүхт 800 жилийн “Буурал түүхийн жимээр” аяллын бүрэлдэхүүнд багтсан сан. Тавдугаар сарын хорин хоёрны өглөө онгон дагшин Бурхан Халдуны төрийн тахилгад оролцож, Хан Хэнтийн уулсыг таширлан зогсох хийморьтой байж билээ. Тэгэхэд мөн л одоогийн эрхэм түшээ, төрийн сайдтай хамт явж байж шүү. Олон чиг удаа аяны дөрөө нийлсэн байх юм. Отгонтэнгэрээс буцаад алдарт Заг Байдрагийн Хүрэн талын бэлчирт үүх түүх хүүрнэн, хөшөө чулуудын бичээс тайлан зогссон зуны үдшийг санаж байна. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Хөвсгөл аймгийн багш нартай, өнөө салбарынхаа төлөөллүүдтэй уулзалт хийлээ. Тэрээр хорин нэгэн аймгаа тойрч боловсролын салбарын бодлогын асуудлыг нүүр тулан уулзан ярилцаж явна. Хөвсгөл нутаг Баатарбилэг сайдын очсон 19 дэх аймаг нь гэж байсан, цаана нь Увс гээд хоёр аймгийн нэр дуулдсан. Гэтэл саяхан оччихсон байна лээ. Үндсэндээ хорин нэгэн аймгаа бүтэн тойрчээ.

2019 он бол боловсрол, шинжлэх ухааны салбарт эргэлт авчирсан он жил байв. Сайдын албыг аваад өнгөрөгч дөрөвдүгээр сард Монголын багш нарын долдугаар их хурлын Ерөнхий сайдын ивээл дор төрийн ордонд хийсэн. Монголын бүх аймаг, сум, дүүргийн бүхий л сургуулийн багш гэх алдрыг хүртсэн эрхмүүд нэгэн дор чуулж зовлон жаргалаа ярьсан. 800 гаруй багш нар оролцсон тус хурлын хамгийн ахмад нь Намын төв хорооны нарийн бичгийн дарга асан, монгол төрийн зүтгэлтэн, гавьяат багш Цэрэнпилийн Балхаажав гуай байсан. Их хурлаас гарсан шийдвэр төр засгийн бодлогын хэмжээнд яригдсан. 23 жилийн дараа ийнхүү Монголын төр багш нарын долдугаар их хурлыг хийсэн байдаг. Тэгвэл өнгөрөгч намар есдүгээр сарын дундуур мөн л Ерөнхий сайдын ивээл дор “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг төрийн ордондоо зохион байгуулж, шинжлэх ухааны ололт амжилтыг хэлэлцсэн. Шинжлэх ухаан дээр суурилж улс орон хөгждөг гэдэг гарцаа эрдэмтэдтэйгээ нийлж аваад ярьсан. Бага ангийн багшийг алдаршуулан нийгэмд таниулж, тэдний үнэт зүйлийг мэдрүүлсэн “Би багш” телевизийн шоу нэвтрүүлгээс аваад олон бодит ажлыг хэлж болох. Дээрээс нь боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, мөн ирэх оны төсөвт салбарынхаа бүтээн байгуулалтыг түлхүү суулгаж өгсөн, наад зах нь сурагчдын “Үдийн цай”-ны мөнгийг хоёр дахин нэмсэн гээд сайд бол нэлээн нүүр бардам уулзаж байна лээ. Хөвсгөл нутагт ирснийх Ширэндэв гуайнхаа гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэн сүсэллээ. Өнгөрсөн намар оройхон, Эрхүүгийн их сургуулийн 100 жилийн ойд оролцох хувь тохиосон юм. Дэлхийн шинжлэх ухааны гол төвүүдийн нэг гэгдэх тус сургуулийн ханан дээр “Монголын нэрт эрдэмтэн Базарын Ширэндэв энэ сургуулийг төгссөн” хэмээх бичээс бүхий алтан пайз хадаатай байсныг хараад өөрийн эрхгүй бахархаж билээ. Монгол Улсын их сургуулийг үүсгэн байгуулж анхных нь захирлаар ажиллаж байсан, шинжлэх ухааны академийн үндэс суурийг тавьж мөн л ерөнхийлөгчөөр нь он удаан жил ажилласан эрдэм оюуны буурал тив Ширэндэндэв гуайгаа нутгийнх нь тэнгэр дор дурсалгүй яахав. Хонгор намрын халиун шаргал өдрүүд үргэлжилж байгаа хэдий ч Хорьдол сарьдаг, Дэлгэрхааны гурвалжин цагаан оргил руу дөхөх тусам уулын орой ов товхон цастай харагдана.

Тэртээд Эрчимийн нурууны хөх халзан зоо нимгэн цагаан нөмрөгтэй. Энэ л нурууны тэлмэгэр магнайг харж, энтээх Шаарын дөрөлжөөр машины цуваа жирэлзэн өнгөрөхүйг харахуйд Монголын шинжлэх ухааны бас нэг оргил, ялангуяа түвд судлалын онцгой эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатар гуайн гуниггүй гэгээн мэлмий сэтгэлд урганам. Токиогийн гадаад судлалын сургуулийн профессор хэмээн наран улсад суух ахуйдаа тэрээр Доржийн Гомбожав багшаа зүрх алдан санаж, Мөрөнгийн цагаан шөнөө дурссан байдаг. Домогт Фүжи уул үүл манангаасаа салж тунгалагшсан намрын сард Тама голын уснаа хийсэх улаан навчсыг Дэлгэр мөрнийхөө алтан шаргал улиасны навчинд хувирган эх нутаг, эрдэмт багшаа санагалзсан нулимстай тэмдэглэлийг нь уншиж билээ. Гоголийн “Диканьки тосгоны орчин өнгөрүүлсэн нэг үдэш” тууж, Гүржийн их яруу найрагч Шота Руставелийн “Барсан хэвнэгт баатар” туульсын найраглал, Америкийн нэрт яруу найрагч Уолт Уйтмений “Өвсний навч” гээд дэлхийн сонгуудыг бидэнд орчуулж үлдээсэн Дарьгангын хүү Гомбожав Мөрөнгийн төвд хэсэгхэн хугацаанд багшлахдаа “Эсэруагийн эгшиг дуун”, “Огторгуйн цагаан гарьд” агуу их Хүрэлбаатарыг төрүүлсэн юм. Хүрлээ багшийн гэргий “Радиогийн зөөлөн дуут” Бямбажавын Энхтуяа найрагчийн “Он жилийн шилэн шаа хөшиг” шүлгийг Баатарбилэг сайд замын туршид уншиж явсан нь тийм нэг онцгой сэтгэгдэл төрүүлж байв. Молхи би тэртээ 2005 онд Хүрлээ багшаас ярилцлага авах санаатай гэрт нь яваад очлоо. Дэлхийн цараатай, дорно дахины тэр том эрдэмтэн шаврай намайг цаашаа гэлгүй хүлээн авч, оройн хоол хамтдаа идэж их утга зохиолын тухай ярьж суусан. Миний асуултуудыг эхнээс нь харснаа “Өө амархан үүнийг ингээд хариулчихна, энийг ингэчихнэ” гээд л байв, одоо бодох нь надад л үг хэлээд байж. “Сайхан бүсгүй гэж таныхаар хэн бэ” гэх утгатай асуулт байлаа, түүнийг уншихад нь би санаа зовж эрхгүй нүд дальдарсан. Тэгтэл “Охин үрээ хайрла” шүлэг нь олны дунд алдаршсан Энхтуяа найрагч цаанаас “Наадах чинь харин сонирхолтой асуулт байна. Би энэ хүнээс асуух гээд чаддаггүй юм” гэж дэмжлэг өгөв. Хүрлээ багш “Манай Урианхайн нэг шүлэг бий л дээ. Үнээ минь үстэй мисс минь” гэсэн гоо зүйн шүлэг, тэр шүлгийн мөрүүдээр би энэ асуултыг хариулчихна гэв. Тэр сайхан үдшийг миний бие Хөвсгөлийн их уулс, Дэлгэр мөрний хөвөө, Эрчимийн хөх халзан зоонд бодмоглож зогссон.

Эрээнцавын Нямсүрэн гэдэг шиг Алагцавын Майнбаяр гэж том найрагч энэ их уулсын дунд суудаг. Түүнтэй анх намайг “Шинэ нутаг” хэмээх бүтээлээр нь уулзуулсан хүн бол Хөвсгөлийн Арбулагийн хүү Уламбаярын Мэргэнбаяр анд минь юм. Намайг цом авсан жил Майнбаяр ах “Өвсний шувуу” номоороо яруу найргийн төрөлд “Алтан-Өд” гардсан сан. Бас нэг “Алтан-Өд” Хөвсгөлд байдаг нь “Цэцүүхэй” Ганболд зохиолч. Тэр хоёртойгоо уулзаж халуун дулаан яриа өрнүүлсэн нь мэдээж. Өглөө эртээ Мөрөнгөөс хөдлөхөд уулсын мөнгөлөг зоон дээгүүр нарны гэрэл гялбаж гулсаад үгээр хэлэхийн арга алга. Дархадын цэнхэр хотгороос Монголын төрд суусан эрхэм гишүүн Лхагваагийн Мөнхбаатартай удахгүй улаан тайга, Алаг шишгэдийн хөндий, дархад зоны нутаг Хорьдол сарьдагийн уулсаар явна гэж тохирсных ч болоод тэр үү, нэг л гоёхон. Тэр өглөөний мандаж буй нар шиг тунгалаг.

“Урт намрын сүүлчийн ганц навч шиг бодол

Уймраа дуутай шувуу болж цээжин дотор дэвнэ

Уулсын өргөн бэлийг ороож урссан голоос

Уран бидэр шигшрэх нь ээмэгний чинь чимээ шиг” гэж Эрдэнэ-Очир ахын шүлгийн мөрүүд бий. Дэлгэр мөрний хөвөөг эмжээрлэн өнгөрөхүйд Уран мандал хайрхан ёстой нэг уран бидэр шигшрэх шиг харагдсан. Энэ намрын уянгын шигтгээ нь эрдэнийн мөнгөн талсттай Хөвсгөлийн уулс болчихов уу даа. Тэртээ хойно, Монголын минь хойморт Бүрэнхааны бадамласан цагаан оргил амьдрахуйн сайхныг шившин үлээж байх шиг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *