Өнгөрөгч наймдугаар сарын 30-нд Хөвсгөл нууранд таван хүн завьтай яваад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Ослын улмаас амиа алдсан таван иргэний дөрөв нь насанд хүрээгүй хүүхэд байсан нь олон нийтийг цочирдуулаад байна. Хэрэг болсон өдөр эзэнгүй шахуу байсан Хөвсгөл нуурын хөвөөнд моторт завины чимээ нутгийн иргэдэд тод сонсогджээ. Гадаад, дотоодын жуулчид нутаг буцсан тул далайд тэр бүр завь гарах нь багасдаг аж.
Нутгийн иргэдийн ярьж буйгаар нууранд явж байсан завь гэнэт хамраа дээшээ босгож, тэр дороо хөмөрч, дээр нь сууж явсан иргэд аюултай байдалд оржээ. Ойр орчмын хүмүүс завь гарган очсон боловч тэднийг аварч чадаагүй байна.
Харамсалтайгаар амиа алдсан таван иргэн садан төрлүүд байсан аж. Эдгээр амиа алдсан хүүхдүүд нэг айлын хүүхдүүд эсвэл загасанд явж байгаад амиа алдсан зэрэг янз бүрийн мэдээллүүд хэвлэлээр цацагдсан. Мөн уг хэрэг явдал юунаас болсон шалтгааныг тодруулж, үнэн бодит мэдээллийг хүргэх үүднээс манай сонины сэтгүүлч Д.Даваасүрэн хэрэг болсон газар руу очиж, нутгийн ард иргэдтэй уулзаж, цуврал сурвалжлага бэлтгэж ирсэн юм.
Энэхүү сурвалжлага “Өдрийн сонин”-ны өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн байгаа. Цуврал сурвалжлагын үргэлжлэлийг маргаашийн дугаарт мөн хүргэх болно.
Э.МӨНХ