Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл аймгийн 14 голомтод шүлхий өвчин бүртгэгджээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд энэ сарын 2-нд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэн. Өвчлөл нэмэгдсээр өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Хатгал, Төмөрбулаг, Цагаан-Уул, Шинэ-Идэр гэсэн тавхан сумын 10 багт 14 голомт бүртгэгдсэн байна.

Шүлхий өвчний голомт эрчимтэй нэмэгдэж байгаа учраас гоц халдварт өвчин гарсан тохиолдолд өвчний халдвар тархахаас сэргийлж аймаг, сум, багийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлж хорио цээр тогтоосон үед дэглэмийг чанд сахин мөрдөхийг үүрэг болгожээ.

Тухайлбал, бэлчээр, нутаг сэлгэх, голомтын бүс, сэжигтэй бүсийн өвчтэй мал, амьтныг уг бүсийн гадна байгаа эрүүл мал, амьтантай ус бэлчээрээр нийлүүлэхийг хориглоно. Мөн өвчтэй мал, амьтны хашаа, байр, тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэлгүйгээр ахуйд хэрэглэх, хашаа, байранд мал эмнэлэг, хяналтын ажилтны зөвшөөрөлгүйгээр гаднын хүн оруулахыг, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газраар хүн, мал, амьтан, тээврийн хэрэгсэл нэвтэрч орох, гарах, дамжин өнгөрөх зэргийг тус тус хориглож буй аж.

Мөн шүлхийгээс гадна малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт анх бүртгэгдсэн талаар Мал эмнэлгийн газраас мэдээлсэн. Одоогоор малын халдварт өвчин болох шүлхий болоод арьс товруутах өвчин зэргээс шалтгаалж аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал халдваргүйтгэл хийж байна.

Малын гоц халдварын голомтыг хяналтад авсан бөгөөд тархалтыг хумиж ажиллаж байгаа аж.

Иймд малчдыг үхэртээ өдөр бүр тандалт хийж, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэхийг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас анхааруулжээ. Малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор халдвар бүртгэгдсэн аймаг, сумын Засаг даргын захирамжаар отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна. Мөн өвлийн идэш бэлтгэх үе учир аймгаас орж ирж буй махыг заавал гарал үүслийн бичигт үндэслэж товчоодоор нэвтрүүлж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *