Яагаад ч юм бидний уншдаг бүхий л уран зохиол, үлгэр, ардын аман зохиол тэр битгий хэл бурхны сургаалд ч хувийн өмчийг элдвээр ад үзэн буруушаасан байдаг хэмээн итгүүлдэг. Энэ нь худал бөгөөд зориуд төөрөгдүүлсэн зорилтот сургаал юм. Социализмын үед уран зохиол, жүжиг киноны баатрууд нэг их хөрөнгөнд дургүй хүмүүс гардаг. Тэд байгаагаа хамт олон гэх хэсэг хүмүүстэй хуваагаад найрлаад дуусч байгаагаар үзүүлдэг. Энэ үзэл санаа одоо ч бат бөх байсаар байна. Тиймээс нөгөө уран зохиолын баатрууд дээр бурхан хүртэл нэмэгдчихээд хувийн өмчтэй байх муухай, өмчтэй хүн бусдадаа гэм тарьчихсан мэт гөлөлзөж байх ёстой гээд байгаа нь тэр. Үүнийг төр засагэс үйлдлээр дэмжиж байдаг. Яагаад тэр вэ. Хувийн өмч нь хүнийг төрөөс чөлөөтэй байх боломжийг бий болгодог. Мөн эрх баригчдын үйл ажиллагааг чөдөрлөж, шударга ёсыг тогтоож байдаг.
Шударга бус явдал гэж өмчийн эрхийг зөрчихөөс л үүсдэг. Хувийн өмч бол шударга бөгөөд чөлөөт нийгмийн үндэс суурь юм.Харин өмчгүй хүний хүсэл тэмүүллийг төр эрхэндээ оруулж чаддаг. Тийм учраас л төр засаг болж өгвөл хувийн өмчөөс нь хүмүүсийг салгах, үгүй ядахдаа хүмүүсийг өмчинд дургүй болгож хүмүүжүүлэхээр санаархдаг. Иймээс л шунаг сувдаг сэтгэлтэн хэмээн өмчтэй хүмүүсийг доог тохуу болгох гэж оролдож байдаг. Гэхдээ та бүхэн анзаарсан байх. Хүмүүсийн шунаг сувдаг, баян тарганыг гайхаж байгаа хэнээс ч гэсэн өмсч байгаа гутлыг нь ч юм уу, цамцыг нь гуйгаад үзээрэй. Дээрэмдэх тонох гэлээ гээд танаас тас харамлан цамнах вий. Тэр өмчинд дургүй биш гэдгийн наад захын баталгаа нь л энэ шүү дээ.
Ж.САНДАГДОРЖ