Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энэ үеэр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Нийслэлд 275 сургууль байгаагаас төрийн өмчийн 148, төрийн бус өмчийн 127 сургууль байна. Гаднаа спорт талбайгүй 161 сургууль байгаагийн 52 нь төрийнх, 109 нь хувийнх” хэмээн танилцууллаа.
Харин Нийслэлийн Спорт хорооны дарга Ж.Ганболд “Сургуулиудын биеийн тамирын талбайг газар дээр нь шалгаж байна. Өнөөдрийн байдлаар 11 сургуулийн биеийн тамирын талбайн газар маргаантай байгаагаас хоёр нь шүүхийн шатанд яваа. Үлдсэн есөн сургууль аж ахуйн нэгж хоорондын маргаантай байна. Тухайлбал, хөл бөмбөгийн талбайд дулааны шугам татчихаад эргэж засаагүй асуудал бий” гэлээ. Хувийн сургуулиуд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг учраас олонх нь биеийн тамирын талбайгүй. Иймд биеийн тамирын талбайтай байх шаардлага тавьж буй аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийтийн эзэмшлийн талбай, газар, ногоон байгууламжийг зориулалтын бусаар ашиглахыг хориглож, нүдний цөцгий мэт хайрлаж, зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авна” гэжээ.