Иргэдийн орон сууц худалдан авах чадвар муудаж, түрээсийн орон сууц сонирхох болсныг далимдуулж залилангийн гэмт хэрэг хийж, бусдыг хохироох тохиолдол нэмэгдсэнийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тодруулбал, улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 5400 гаруй залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний ихэнх хэсгийг орон сууцны залилангийн гэмт хэрэг эзэлж байна. Залилагчид түрээслэгч нарт хуурамчаар үйлдсэн ордероо үзүүлж, өөрийн байр гэж итгүүлэн, бусдын байрыг дамлан түрээслүүлэх гэмт хэрэг нэмэгджээ.
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээллээс харахад, зөвхөн залилах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд 2019 онд 13 тэрбум, 2020 онд 67.2 тэрбум төгрөгийн хохирол амсчээ. Харин 2021 оны тоон мэдээ нэгтгэгдэж гараагүй байгаа ч өнгөрсөн жил энэ төрлийн гэмт хэрэг эрс өссөн аж. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар мөн л залилах гэмт хэргийн тодорхой хувийг байр түрээслэх нэрээр залилан хийж байгаа тохиолдол эзэлжээ.