Categories
мэдээ цаг-үе

Хуурамч мэдээ, тролл

“Улаан талбай дээр мотоцикл үнэгүй тарааж байна” гэсэн мэдээ социализмын үед гарч гэнэ. Одоо бол хуурамч мэдээ гэх биз. Гэхдээ Зөвлөлт засгийн үед гарсан онигоо ёсоор бол үнэхээр тийм юм болохын хувьд бол болсон гэх. Гагцхүү багаахан хэдэн алдаа байсан нь нэгд, Улаан талбай биш Невийн өргөн чөлөө, хоёрт, мотоцикл биш унадаг дугуй, гуравт, тараах биш хурааж авч байсан юм гэдэг.

Ийм “багаахан” алдаа бүхий хуурамч мэдээ өдгөө харин үзэл суртлын асар том дайн болтлоо өргөжжээ. Дайн гэхийн учир нь ОХУ-ын хувьд ийм мэдээ бэлтгэдэг бүхэл бүтэн армитай болсон байна. Оросуудын “веб-бригады” гэдэг ийм армийг дэлхий даяар “Оросын троллууд” хэмээн нэрийднэ. Нэгэнт дайны хэмжээнд хүрсэн учраас улс орнууд хуурамч мэдээлэл, харь орны үзэл сурталд үл автах, сөрөг тэмцэх стратеги боловсруулан, тусгай алба үүсгэн ажиллаж эхэлжээ.

ТҮҮХ

Ийм арми, интернэтэд хуурамч мэдээ бэлддэг тусгай ажилчид байдаг тухай хамгийн анх 2003 онд Оросын сэтгүүлч Анна Полянская, Андрей Кривов, Иван Ломако нар нийтлэлдээ бичжээ. Сэтгүүлч Анна Полянская нь ОХУ-ын улс төрийн нэрт зүтгэлтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч Галина Старовойтовагийн туслахаар ажиллаж байсан хүн. Галина гишүүн ялангуяа Орос дахь цөөнх үндэстний эрхийн төлөө тэмцдэг байжээ. Харамсалтай нь түүнийг 1998 онд, Санкт Петербург дэх гэрт нь буудан хороосон, хэргийн эзнийг өнөөг хүртэл олоогүй буй. Гурван сэтгүүлчийн судалж үзсэнээр 2000 оны үед Оросын интернэт ертөнцөд маш жигтэй өөрчлөлт гэнэт буй болжээ. Оросын интернэт Рунетийн орчинд 1998-1999 оны үед нийт бичлэг, бичээчдийн 70 орчим хувь нь ардчилсан, либерал үзлийг дэмждэг байж. Гэтэл, ердөө ганцхан жилийн дотор буюу 2000 он гарсаар гэнэтхэн интэрнэт орчин дахь бичлэг, сэтгэгдлүүдийн 70 хувь нь ардчилал, либерализмын эсрэг агуулгатай болсныг сэтгүүлчид сэжиглэн, эрэн сурвалжилснаар Оросын тусгай албаныхны зохион байгуулсан тусгай, баг, ажилтнууд ийм зүйл хийж байгааг анх мэдээлсэн байна.

2012 онд Анонимус хэмээх хак бүлэглэлийн Орос дахь салбарынхан Наши-Оросын залуучуудын холбооны даргын цахим шуудан руу нэвтрэн, бүх мэдээллийг нь авч чаджээ. Наши гэдэг нь хуучны Комсомолын маягаар ажилладаг, Оросын төрийг дэмждэг залуусын байгууллага юм. Тус холбооны дарга Якеменко ажилтнууддаа бичсэн захидалдаа вэб-бригад буюу троллуудын бичсэн бичлэг бүрийг хэрхэн үнэлэх, яаж шагнасан зэргээ нэн нарийн бичсэн байсан нь ил болжээ. Нэг сэтгэгдлийг 85 рубль буюу тухайн үеийн ханшаар бол гурван ам.доллараар үнэлсэн байв. Жишээлбэл, “Лева Савва (I Pad-аар шагнагдсан) энэ сард 651 сэтгэгдэл бичиж 44 хэлэлцүүлэг өрнүүлсэн-50 мянган рубль, Миша Кудрявцев (I Pad-аар шагнагдсан) 366 сэтгэгдэл-48 мянган рубль. Регина Кирютина 150 сэтгэгдэл-18 мянган рубль. Ажлын норм долоо хоногт 60 сэтгэгдэл, зургаан хэлэлцүүлэг, нэг сэтгэгдлийг 85 рубль, хэлэлцүүлгийг 200 рублиэр үнэлнэ” хэмээн бичжээ. (Коммерсант сэтгүүл, Анастасия Каримовагийн нийтлэлээс)

АМЬД ТРОЛЛЫН ТҮҮХ

Тролл гэдэг нь угтаа Скандинавын домог үлгэрт гардаг агуй, ууланд бүлээрээ суудаг хүн төрхтэй, аймшигт муухай царайтай амьтдын нэр юм. Өдгөө цагт тусгай байранд сууж, Оросын төр засгийн бодлогоор бусад улсын эсрэг үзэл суртал түгээгч хүмүүсийг ийн нэрийдэх болжээ. Эхэндээ дунджаас илүү цалинтай, тооцоолуурын ард суух ажил гэхээр маш сайхан санал мэт бодогдох боловч он удаан жил жижиг өрөөнд хашигдаад ирэхээр “зомби” мэт болж эхэлдэг хэмээн хамгийн анх элссэн 25 троллын нэг Алексей өдгөө хуучилж байна. “Одоо бол хэн хамаагүй, бөөнөөр нь ажилд авдаг болсон, анх интернэтээр хуурамч мэдээ бичих ажил бол цалин өндөр, тусгай шалгууртай байлаа” хэмээнэ. Шалгуур буюу анхны даалгавар нь Аллен Даллесын тухай нийтлэл бичих байж. Аллен Даллес нь хүйтэн дайны үед АНУ-ын Тагнуулын Төв Газрын даргаар ажиллаж байсан хүн юм. Ингээд сайн бичиж ажилд орсноор хүн бүр Live­Journal хэмээх онлайн сэтгүүл зүйн алдартай платформ дээр гурван өөр нэрээр хаяг үүсгэх даалгавар авсан байна. Нэг нь мэргэжлийн түвшний, маш сайн блог байх ёстой, нөгөө хоёр нь жирийн иргэн мэт байна. Ингээд 12 цагаар ээлжлэн 24 цагийн турш ажиллаж эхэлжээ. Ямар сэдвээр бичихийг цаанаас нь өгнө. Үүнд “ерөнхийлөгч Путин, ерөнхийлөгч Обама, хоёр ерөнхийлөгчийг хамтад нь харьцуулах, Украин, Оросын Батлан хамгаалах яамны гавьяа, алдар нэр, сүр хүч, Сирийн дайн, Оросын сөрөг хүчний нэр хүндийг унагах, Америк эбола вирусийг тарааж буй нь” гэх мэт.

Зарим үед зарим сэдвийг нэн онцолно. Жишээ нь, Сириэс химийн зэвсгийг гаргах ажиллагааг Оросын хараан дор явуулж байх үед энэ сэдвээр өдөрт 6-7 мэдээлэл бичих ёстой байжээ. Алексей цаанаас зохиосон тоог хараад “Сириэс нийт химийн зэвсгийн 30 хувийг устгалаа”, маргааш нь “Өнөөдөр нийт 32 хувийг устгалаа” гэх мэтчилэн бичдэг байв. Дотооддоо хүмүүст ойлгуулах хамгийн чухал хоёр сэдэв нь, нэгд, Навальныйг харлуулах, хоёрт, Крымийг Орос эзэлснийг зөв болгон үзүүлэх.

Харин англи хэлтэй троллуудыг тусад нь байлгадаг ажээ. Тэд нийтийн сүлжээнд хэдэн зуун хуурамч хаяг нээснээ сайрхан ярьдаг байсан аж. Англи хэлтнүүдийн бай нь барууны сонгогчид. Бүтэн хоёр жил жижиг өрөөнд хэдэн арван хүнтэй хамт ийм ажил хийсэн Алексей 2015 оны дунд үед ажлаасаа гарахаар шийджээ. Өдгөө тэрбээр Санкт Петербургт тавилгын бизнес эрхэлж байна. Тэрбээр боловсролтой хүний хувьд юу хийж байгаагаа, хуурамч мэдээ тарааж байгаагаа ойлгож байсан, мөнгө олох арга л гэж үзэж байснаа тайлбарлан яриад “Харин бусад олон хүний хувьд нөгөө хүний тархи угаах ажилдаа өөрсдөө итгээд, бичиж буй мэдээгээ спортын багийн чийрлийдэр хэмээх бүжигчин дэмжигчид адил ухаангүй сохроор шүтэж эхэлдэг” гэсэн юм. (Алексейн Нью-Йорк Таймс-д өгсөн ярилцлагаас)

ЖИЖИГ УЛСУУДАД ЯМАР НӨЛӨӨТЭЙ ВЭ?

Энэ бол ялангуяа ОХУ-ыг тойрсон жижиг улсуудын хувьд зүгээр нэг фэйсбүүкийн маргаан төдий биш, улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм.

“Балтын төмөр хатагтай” хочоороо алдаршсан Литвийн ерөнхийлөгч Далиа Грибаускайтэ “Орос манай руу аль хэдийн довтолсон. Энэ бол хамгийн аюултай дайн буюу мэдээллийн дайн” хэмээн ил тод мэдэгдсэн билээ. Уншигч та санаж байгаа бол Далиа Грибаускайтэг Монгол Улсын эсрэг худалдааны хориг арга хэмжээ авсан хэмээх хуурамч мэдээг орос хэлээр гаргасан, үүнд манайхан ихэд уурсаж, Литва улсыг болон ерөнхийлөгчийг нь нийтийн сүлжээгээр эрчимтэй муулсан билээ. Хожим энэ мэдээлэл худал болохыг хоёр улсын Гадаад яам албан ёсоор мэдээлсэн боловч нийтийн сүлжээн дэх олон хүний хувьд Литвийн талаарх таагүй сэтгэгдэлтэй үлдсэн нь бол дамжиггүй юм. Энэ бол хуурамч мэдээлэл, троллын дайны ганц л жишээ.

Эстоний эх оронч залуус мэдээллийн энэ дайнд оролцож, троллын эсрэг бүлэглэл буй болгожээ. “Тэд тролл юм бол бид элф” хэмээн Кремлийн интернэт сурталчилгааны эсрэг бүлгэм үүсгэсэн Миндаугас ярьж байна. Элф гэдэг нь тролл шиг домгийн амьтан, гэхдээ ихэвчлэн хүнд тустай үйл хийдэг гэдэг. Анх тэд хорь гучуулаа нийлж, Оросын талаас шуурга мэт дамжуулж буй Европыг, НАТО-г, мэдээж АНУ-ыг Эстонийн ард түмнээр үзэн ядуулах гэсэн дайралт довтолгоо бүрийг хаанаас ирж байгааг тогтоон, няцаалт өгч эхэлжээ. Удалгүй эх орныхоо суртал үзлийг хамгаалах гэсэн залуус тэдэн дээр нэмэгдсэн байна. Миндаугас гэвч Эстонд ямар ч асуудал байхгүй гэдэг муйхар үзэлтэн биш. Тэрбээр “Эстонд нийгмийн асуудал бий бий. Гэхдээ гол нь Оросын талаас тэр бүх асуудлыг барууныхны албаар тавьж буй зүйл, манай улсын удирдагчдыг барууны хүүхэлдэй, гар хөл. Оростой нэгдвэл сайн сайхан болно гэсэн маш аюултай сурталчилгаа ирээд буй учраас бид хамгаалан тэмцэж байгаа юм” хэмээн ярьжээ. Хамгийн аюултай нь нөгөө талын троллууд цалинтай, 24 цагаар, бүтэн армиар довтолж байгаа бол Эстонийн Ай Ти мэддэг, эх оронч залуус тэр бүгдийн эсрэг өөрсдийн сайн дураар үзэлцэж байна. Гэхдээ бас чиг тэдний зүтгэлийг бас үнэлж байгаа ажээ. Ригад хуралдсан НАТО-гийн чуулган дээр Литвийн зэвсэгт хүчнээс XXI зууны дайн мэдээллийн чиглэлээр, их өөр болсныг тэмдэглээд энэ дайнд Элф хэмээх бүлэглэлийн залуус чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолсон байна.

БИД ЯЛАГДАЖ ЭХЭЛСЭН

Манай Монгол Улсын хувьд мэдээллийн энэ дайныг хэр нухацтай авч үзэж буйг мэдэхгүй юм. Фэйсбүүк, жиргээгээр троллуудын эсрэг зоригтой дуугардаг, ард олныг үнэн бодитой мэдээллээр сэнхрүүлэхийг хичээдэг цөөхөн хүн бий. Эстоний залуус шиг бүлэглэл болоод тэмцэж арай ч чадахгүй байгаа бололтой. Үүнд зөвхөн улс төр, эдийн засаг, гадаад хэлний мэдлэгээс гадна мэдээллийн технологи, тооцоолуурын чадвар маш чухал. Ямар ч байсан сүүлийн таван жилд энэ дайнд Монгол Улс ялагдаж эхлээд байгаа дүр зураг харагдаж байна. Учир нь маш олон хүн гурав дахь хөршийн бодлогоос татгалзаж, хоёр, тэр ч бүү хэл ганц хөршийн бодлогод уриалж, хаа холын улс гүрнийг манайх руу довтолж байгаа мэтээр үнэхээр итгэсэн болох нь тов тодорхой болжээ. Худлыг мянга давтахад үнэн болдог гэдэг энэ ажээ. Нэгэнт ийм бэлэн угаагдсан тархитай байхад ямар ч улсаас ямар ч үйл ажиллагаа явуулахад бэлэн хөрс болох нь дамжиггүй.

НИЙТЛЭЛИЙГ БИЧИЖ БАЙХ ҮЕД

Энэхүү нийтлэлийг бичиж байх цаг мөчид хуурамч мэдээллийн сонгодог жишээ манай нийтийн сүлжээгээр тарж байлаа. Хуурамч мэдээг зохиохдоо тухайн улс, ард олон, боловсрол мэдлэгт нь тулгуурлан өөр өөр хувилбараар зохиомжилдог ажээ. Өмнө Оросын ард түмэнд зориулж Эбола хэмээх вирусийг АНУ дэлхий даяар цацсан хэмээх мэдээллийг энд тэнд бичих ёстой болсон тухайгаа экс тролл Алексей ярьсан буй. Тэгвэл манай хувьд хүүхдэд Д витамин уулгаж байгаа төслийг “Америкийн дэлхийн хүн амыг багасгах туршилт” гэсэн хуурамч мэдээ фэйсбүүкээр гарч эхэлсэн, олон хүн итгэж, үнэн сэтгэлээсээ үзэн ядаж байна.

“ӨДРИЙН СОНИН”-Ы АНУ ДАХЬ ТУСГАЙ СУРВАЛЖЛАГЧ М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *