Монгол Улсын Их Хурлын дарга
Зандаахүүгийн Энхболдод Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.04.22/ Ерөнхийлөгчийн Хүний эрх,
хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн мэдүүллээ. Улсын Их Хурлаар
2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийг
шинэчлэн баталсан. Энэхүү хуулиар шүүхийн тогтолцоо нэгдмэл байх зарчмыг
тогтоож, хяналтын шатны шүүхээс бусад шүүхийг Монгол Улсын шүүхийн
тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг баримтлан нутаг
дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан
тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг маргааны тоог харгалзан засаг захиргаа,
нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны
зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулсан.
Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн
тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь
хэсгийн 1-8 дахь заалт, 2 дугаар зүйлийн нэг, хоёр дахь хэсгийн 1, 2, 4
дэх заалтуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Иймд Шүүх байгуулах
тухай хуулийн дээрх зүйл заалттай холбогдон үүсч буй асуудлыг нэг мөр
шийдвэрлэх зорилгоор хуулийн төсөл боловсруулсан болохыг Улсын Их Хурлын
даргад танилцуулав.
Хуулийн төсөлд одоо үйл ажиллагаа явуулж
буй давж заалдах шатны 19 шүүхийг 26, дүүргийн 8 шүүх 16 болгох,
ингэснээр шинээр 15 шүүх байгуулагдахаар тусгажээ. Шинээр 13 аймагт
байгуулагдах давж заалдах шатны шүүхийн шүүн таслах хэвийн ажиллагааг
хангахад шаардлагатай давж заалдах шатны шүүгч, шүүхийн захиргааны
ажилтны орон тоо, шүүхийн тасралтгүй үйл ажиллагааг хангах техник,
зохион байгуулалтын ажилд нийтдээ 10.4 тэрбум төгрөг шаардагдах талаар
хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна. Хуулийн хэрэгжилтийг
оновчтой зохион байгуулснаар төсөвт хүндрэл учруулахгүйн зэрэгцээ Шүүх
байгуулах тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх
боломж бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч үзжээ. Улмаар давж заалдах шатны
шүүхийг иргэдэд ойртуулж, шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийг
баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн
хуулийн суурь зарчим хангагдах нөхцөл бүрдэнэ гэжээ хэмээн Улсын Их
Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс
мэдээлэв.