Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Баттөмөр гишүүн танилцуулсан. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавих шаардлагыг тогтоох, хэрэглэгч өөрт тохирсон үйлчилгээг сонгон авахад шаардлагатай санхүүгийн мэдлэг, боловсролыг үнэ төлбөргүйгээр авах, санхүүгийн үйлчилгээтэй холбогдсон гомдол, маргааныг шүүхийн бус замаар мэргэшсэн байгууллагаар хурдан, шуурхай шийдвэрлүүлэх зэрэг харилцааг зохицуулах зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачилжээ.
Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад гишүүд төслийн санхүүгийн хэрэглэгч гэдэгт иргэдээс гадна банк, санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авдаг аж ахуйн нэгж, төрийн байгууллага, Засгийн газрын тусгай сан зэрэг бусад этгээдийг хамруулж, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг нэмж тусгах, иргэдэд санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох зэрэг тунхаглалын шинжтэй, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зохицуулалтаас илүүтэй хэрэглэгчийн эрхийг бүтээгдэхүүний түвшинд хамгаалсан, санхүүгийн өдөр тутмын харилцаанд тулгардаг асуудлыг шийдсэн зохицуулалтыг төсөлд тусгах асуудлыг анхаарах нь зүйтэй хэмээн хэлсэн байна. Түүнчлэн зээлийн хүү буурах механизмыг бүрдүүлэх, нийт банк, санхүүгийн байгууллагууд дээр төвлөрөөд байгаа эх үүсвэрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ялангуяа хөрөнгийн зах зээл рүү оруулах сонирхол, нөхцөлийг бүрдүүлэх талаар тусгах, төслийг Иргэний хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай зэрэг бусад хуультай сайтар уялдуулах, банкны бүтээгдэхүүний нөхцөлийг уян хатан болгох, түүнд тавих Монголбанкны хяналтыг сайжруулах асуудлыг анхаарах шаардлагатай гэж үзлээ. Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан банк-зээлдэгчийн харилцааны тэнцвэрийг хангах, монполь хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байдлыг зохицуулсан эсэхийг лавлаж, ажлын хэсгээс хариулт тайлбар авсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Баттөмөр нар төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 39 гишүүний 23 буюу 59.0 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.