Хөгжлийн банкны гэх хэрэгт яллагдагчаар татагдсан 80 иргэн, дөрвөн аж ахуйн нэгжид холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг саяхан болж, ирэх дөрөвдүгээр сард гэм буруугийн хурлыг товлоод байгаа юм. Уг хэргийн шүүх хурлын талаар “Хэруга Партнерс” хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч А.Базартай ярилцлаа.
-Хөгжлийн банкны хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хуульч, өмгөөлөгчдийн дунд нэлээн маргаан өрнүүллээ. Шүүх процессыг хуульчийн хувьд та хэрхэн дүгнэж байна вэ?
-Бид Хөгжлийн банкны хэрэг гэж яриад байгаа болохоос үүн дотор маш олон төрлийн хэрэг байгаа шүү дээ.
Уг нь хэн, хэнд холбогдуулсан хэрэг вэ гэдгийг нарийн авч үзэх ёстой. Гэтэл Хөгжлийн банкны хэрэг гэж бөөрөнхийлөөд байгаа учраас асуудалд нухацтай хандахгүй байна. Жишээ нь, энэ хэрэг дотор гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэж буруудсан хүн ч бий. Тэр хүн бол хэрэгт хамааралгүй. Энэ мэтчилэн хоорондоо хамааралгүй олон хэргийг нэгтгэж, замбараагүй болгочихлоо гэж харж байна.
-Гэм буруугийн шүүх хурлыг ирэх сард товлосон. Замбараагүй, олон төрлийн хэргийг нэгтгэсэн оролцогч олонтой хэргийн шүүх хурал ямар явцтай болох бол оо?
-Нэгэнт хурдан шийдэгдэхгүй нөхцөл байдал бий болчихлоо. Оролцогчдын тоо олон. Тэгэхээр хавтаст хэргийн тоо олон болчихож байгаа юм. Тэр хэрээр өмгөөлөгч, оролцогч талаас хүсэлтүүд олноор ирнэ. Нэг өмгөөлөгчийн хурал давхцана, өвдөнө, гадаад дотоод явна. Ямар ч шалтгаан гарч болно. Ер нь бол гэм буруугийн хурал эхлэхэд тун хэцүү.
-Тэгвэл ямар хэлбэрээр хийсэн бол шүүх процесс удаашрахгүй байв?
-Хамааралтай хэргүүдээ нэгтгэх боломжтой байсан болов уу. Тэгснээр аль болох тусад нь шүүх хурлаа хийх боломжтой. Жишээ нь, нэг эд хөрөнгийг хоёр хүн нийлж хулгайлсан бол хамтад нь хурлыг хийнэ гэнэ. Гэтэл энэ Хөгжлийн банкны гэх хэрэг дээр дотроо маш олон төрөл, тусгаарлах боломжтой олон холбогдогч бий.
-Хамгийн олон оролцогчтой шүүх хурал товлогдож байна. Шүүхийн практикт ийм хурал болж байв уу?
-Яахав, нотлох баримтууд хамааралтай, холбогдолтой хэргүүдийг нэгтгэж шалгаад нэг дор дүгнэлт өгөх гэх мэт арга хэлбэрүүд бий. Гэхдээ ингэж 80 гаруй хүний хэргийг нэгтгэж байсан түүх Монголын шүүхийн практикт байгаагүй болов уу. Ялангуяа ийм холбогдолгүй хэргүүдийг нэгтгэж, оролцогчдыг нэмэгдүүлж байсан түүх үгүй.
-Олон мянган хуудастай хэрэгтэй богино хугацаанд танилцаж, гэм буруугийн хурлыг товлох боломжгүй байсан гэж хуульчид маргаж байгаа. Үнэхээр тийм нөхцөл байдал байгаа гэж үү?
-Түүнээс болж олон асуудал яригдана. Шүүхийн шийдвэр хуульдаа нийцсэн байх ёстой буюу хуулиа зөв тайлбарлах ёстой. Бодит нөхцөл байдлыг зөв дүгнэх ёстой. Яг юу болов, гэмт хэрэг мөн үү биш үү гэдгийг шүүгч нарийн тогтоох ёстой. Гэтэл хавтаст хэрэг нэмэгдэж, олон хуудастай болох тусам хэргийг нарийн шийдэхэд түвэгтэй болно. Нэг хавтаст хэрэг гэхэд 250 хуудастай. Гэтэл Хөгжлийн банкны хэрэг 400 гаруй хавтастай гэж байгаа. Нэг хавтаст хэрэг 250 хуудастай гэвэл хэдэн арван мянган хуудастай хэрэг болж таарна. Үүнийг нэг шүүгч уншаад алдаа мадаггүй шийдвэр гаргаж чадна гэдэг эргэлзээтэй.
Хоёрт, манайд өнөөдөр тогтсон ойлголт болоогүй нэг зүйл бий. Олон улсад хэргээ боломжит хурдан хугацаанд шийдэх эрх гэж яригддаг. Эрүүгийн процесс удаан үргэлжлэх хэцүү. Хурдан шийдвэрлүүлэх гэдэг шударгаар шүүлгэх эрхийн нэг элемент. Бодож үзье. Батаа гэж хүний хэрэг байлаа. Тэр хүн хэргээ хурдан шийдвэрлүүлэх сонирхолтой. Бусдаас шалтгаалж хэрэг нь удааширвал эрх нь зөрчигдөнө. Тиймээс ийм хэргүүдийг урьдчилсан хэлэлцүүлгээр тусгаарлаад шийдэх ёстой байсан болов уу.
-Гэм буруугийн хурлаар тусгаарлах боломжтой юу?
-Урьдчилсан хэлэлцүүлгээр шийдээгүй бол боломжгүй.
Өөр нэг сонин зүйл бол урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах хүсэлтүүд гарсан л байх. Түүнийг шийдэхгүйгээр гэм буруугийн хурлыг товлочихож байгаа нь дутуу ажиллагаа болж харагдаад байгаа. Үүнийг яаж шийлдэх вэ гэдэг асуудал болно. Одоо бол гэм буруугийн хурлаар мөрдөн байцаалтад буцаахгүй гэж үзээд байгаа шүү дээ.
Өөрөөр хэлбэл, сая болж өнгөрсөн урьдчилсан хэлэлцүүлэг хэлбэр төдий л шүүх хурал боллоо. Ямар ч асуудлыг шийдэхгүйгээр гэм буруугийн хурлаар шийднэ гэж байна.
-Шүүх хурал эхэллээ гэхэд хэр хугацаанд үргэлжлэх боломжтой вэ. Олон оролцогчтой учраас сараас дээш хугацаа орно гэж хуульчид онцолж байна?
-Өмгөөлөгчдийн гаргаж байгаа хүсэлт бодит байвал шүүх хурал хэдэн ч удаа хойшилж болно. Харин нэг эхэлчихвэл тасралтгүй үргэлжлэх зарчмын дагуу явна. Нэг сар, хоёр сар ч үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Хүний хувь заяаг шийдэж байгаа учраас хугацаа үүнд хамаагүй. Харин оролцогчид бэлэн байх ёстой.
Нэг зүйлийг онцлоход шүүх хурал ажлын 40 хоногт үргэлжиллээ гэхэд иргэн Батаагийн асуудлыг нэг өдөр л хэлэлцэхэд хангалттай байвал үлдсэн 39 хоногт тэр иргэнд эрүүдэн шүүлт болно. Өөрийнхөө огт хамааралгүй асуудлыг 39 хоног сонсох хэрэг гарна шүү дээ.
-Энэ хэргийг олон нийтийн зүгээс яаралтай шийдвэрлүүлэхийг шаардаж байгаа. Өмгөөлөгчдийн зүгээс шүүхээс хэргийг хурдан хугацаанд товлож байгаа нь хүний эрх зөрчигдөх нөхцөл болж болзошгүй гэж мэдэгдэж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Үүнийг нэг мөр болгохын тулд шүүх процессыг шударгаар явуулахыг олон нийт шаардах ёстой. Шүүх хурлыг ил тод нээлттэй явуулах ёстой. Олон нийтэд ил тод мэдээлэл өгч явах хэрэгтэй.