Арилжааны банкууд зээл олгохдоо нэг хувийн шимтгэлийг иргэдээс авдаг асуудлаар Улсын дээд шүүх өнгөрсөн баасан гаригт шийдвэр гаргажээ. Иргэн А арилжааны банкнаас зээл авахдаа нэг сая төгрөгийн шимтгэлийг өгсөн асуудлаар шүүхэд хандсан аж. Анхан болон давж заалдах шатны шүүхээс банкийг иргэнд шимтгэлийн мөнгийг буцааж олгох ёстой гэж үзсэн ч Улсын дээд шүүх банк шимтгэл авах болсон баримт нотолгоог гаргах ёстой гэжээ. Энэ нь цаашид арилжааны банкуудад давуу эрх олгож болзошгүй гэж зарим хуульчид үзэж байгаа юм. Энэ талаар хуульч өмгөөлөгч О.Батхүүтэй ярилцлаа.
-Улсын дээд шүүхийн өнгөрсөн баасан гаригийн шийдвэр банкуудад давуу эрх олгож болзошгүй гэж зарим хуульчид онцолж байна. Үнэхээр тийм боломж олгочихов уу. Иргэд шимтгэлээ буцаан авах нөхцөл байна уу?
-Улсын дээд шүүх 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд арилжааны банкны зээлийн нэг хувийн шимтгэлтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр бол зээл авагч иргэний талд гарсан. Яахав, өмнөх шийдвэрээс өөр нэг нь хөөн хэлэлцэх хугацааг гурван жил болгосон байсан. Энэ бол иргэний маргаан байсан учраас Иргэний хуульд гэрээний талаар зааснаар гурван жил байдаг учраас ингэж шийдсэн хэрэг.
Энэ талаар Улсын дээд шүүх тайлбар гаргасан байсан шүү дээ. Гол агуулга нь арилжааны банк зээл олгохдоо зардал гэж нэг хувийн шимтгэл аваад байгаа. Нэхэмжлэх гаргагч иргэн банкийг шимтгэлийн мөнгөө зарцуулж байгаа зардлаа нотол гэж шаардсан.
Тэгэхэд банк нотолгоо гаргаж өгч чадаагүй. Тиймээс Дээд шүүх шийдвэр гаргахдаа банк иргэнээс авч буй шимтгэлийн мөнгө үндэслэлтэй байх ёстой гэж үзлээ. Энэ тохиолдолд банк шимтгэлээ нотолж чадаагүй учраас иргэнд буцаан олгохоор болж байна.
-Тэгвэл иргэд шүүхэд хандаж болох уу. Гол нь шимтгэлээ буцаан авах боломж бүрдэв үү?
-Боломжтой. Би энэ асуудлыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн гаргаж тавьсан. Түүнээс өмнө иргэд шүүхэд хандаад нэхэмжлэлээ авч байсан. Дараа нь авсан. Тиймээс иргэд нэг хувийн шимтгэлээ буцаан авахаар шүүхэд хандах боломжтой. Гол нь одоогоор ипотекийн зээлтэй 106.000 хүн байдаг юм байна. Тэд бүгд шүүхэд хандвал шүүхийн ачаалал маш хүнд болно. Тиймээс арилжааны банкууд энэ нөхцөлийг харгалзаад шийдвэрээ өөрчлөх ёстой. Гэвч одоогоор банкууд өөрсдөө шүүхэд хандаад байгаа учраас иргэд шимтгэлээ нэхэмжлэхээс аргагүй.
-Хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэлээ. Тэгэхээр үүнээс өмнө зээл авч байсан иргэд хандаж болох уу?
-Болно. Хөөн хэлэлцэх хугацаа 10 жилээр хэвээр байгаа.
-ШӨХТГ-аас арилжааны банкуудад торгууль тавьсны хариуд шүүхэд дуудагдаад байгаа. Та энэ хэрэг дээр ажиллаж байгаа гэсэн. Процесс ямар шатанд явна вэ?
-Арилжааны долоон банк ШӨХТГ-ыг захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Нэг агуулгатай асуудлаар хандсан учраас шүүх хэргийг нэгтгэдэг. Одоогоор нэгтгэх шатанд явж байгаа болов уу. Цаашлаад нотлох баримт цуглуулах, шүүх хурлын тов зарлах гээд үргэлжилнэ.
-Ер нь арилжааны банкууд нэг хувийн шимтгэлийг бүрмөсөн зогсоох ёстой юу, эсвэл шимтгэлийнх нь зардал үндэслэлтэй байх ёстой. Хуулийн хүрээнд та тайлбарлаж өгөөч?
-Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай урт нэртэй хууль бий. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэчилсэн хууль нь мөрдөгдөж эхэлсэн. Өмнөх хуулин дээр банк шимтгэл авахыг огт зөвшөөрдөггүй байсан. Харин хуулийн шинэчлэлээр энэ тухай заахдаа шимтгэл авч болно, гэхдээ тэр нь үндэслэлтэй байх ёстой гэж үзсэн. Миний харж байгаагаар ипотек, цалингийн зээлэнд ямар ч зардал гарахгүй. Эдийн засагч нь байрыг нь очиж үзээд зураг авч ирэх ёстой гэдэг ч тэр бүр очдоггүй. Бүх материалаа иргэн өөрөө бүрдүүлдэг. Харин бизнесийн зээлэн дээр зардал гарах боломжтой. Түүнийгээ л үндэслэлтэй нотлох ёстой гэж үзэж байна.