Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Б.Пүрэвсүрэн: Манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр таван байр урагшилсан нь дэвшил биш


Хил хязгааргүй сурвалжлагчидолон улсын байгууллагаас жагсаасан энэ жилийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс таван байр урагшилжээ. Цар тахлын энэ үед дэлхийн 180 улс орноос 68 дугаарт жагссан үзүүлэлттэй байгаа юм. Энэ талаар Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр манай улс таван байр ахиж, 68-д жагссан мэдээлэл байна. Хэдийгээр Монголд хэвлэл мэдээлэлд халтай хэд хэдэн хууль баталсан ч урагш ахисан байна. Энэ нь чухам юутай холбоотой вэ?

-Хэвлэлийн эрх чөлөөний индексийг 2002 оноос хойш “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас эрхлэн гаргасаар байгаа. Манай орны хувьд 2013 оноос хойш энэхүү жагсаалтад орсон. Үүнээс хойш манайх “хэвлэлийн эрх чөлөө хангалттай, гэхдээ мэдэгдэхүйц асуудалтай” гэсэн орны тоонд орж буй. Энэ жилийн тухайд таван үзүүлэлтээр урагшилсан байгаа нь хоёр хүчин зүйлтэй холбоотой хэмээн хувьдаа дүгнэж байна. Нэгдүгээрт, цар тахлын үед хэвлэл мэдээллийн хэрэгслийг хумих гэж оролдсон Засгийн газрын үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын эсрэг сэтгүүлчид эвлэлдэн нэгдэж, байр сууриа илэрхийлж чадсан. Үүнийг тодруулбал, Төрийн ордонд микрофон, ажлын үнэмлэхээ байршуулсан жишээ бий. Хоёрдугаарт, Засгийн газраас санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэж, шаардлага зөвлөмжүүдийг өгсөн байдаг. Үүнд, мэргэжлийн байгууллагууд болон сэтгүүлч, судлаачид оролцсон нь таван байр урагшлахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу. Манай улстай ижил, хэвлэлийн эрх чөлөө хангалттай ч мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд ордог Непал улс энэ жил зургаан байр урагшилжээ. Цар тахлын улмаас дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт зарим орны хувьд буурсантай холбоотойгоор Непал улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр урагшиллаа гэсэн дүгнэлтийг өгсөн. Яг түүн шиг манай улс таван байр ахисан байж болох юм. Манайх 73 дугаар байраас таван байр ахина гэдэг бол дэвшил биш. Тэгэхээр өмнө ямар байсан тэр үзүүлэлт хэвээр байгаа гэсэн үг.

Хэвлэлийн эрх чөлөөний түвшинг ямар үзүүлэлтийг харгалзан үзэж гаргадаг юм бол?

-Хэвлэлийн эрх чөлөөний түвшинг таван үзүүлэлтээр хэмжиж гаргадаг. Газрын зурагт тэмдэглэснээр эхний 1-12 дугаар байр нь хэвлэлийн эрх чөлөө маш сайн ангилалд орно. Энэхүү үзүүлэлтийг сүүлийн таван жил Норвеги улс тэргүүлсээр байгаа юм.

Хэвлэлийн эрх чөлөө нь хангалттай түвшинд хүрсэн Скандинавын орнуудад анхнаасаа хэвлэлийн эрх чөлөө сайн байсан уу, эсвэл тууштай тэмцсэний үр дүн юм болов уу?

-Эрх зүйн орчин маш сайн. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчдийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргах, албадаж баривчлах, цагдан хорих асуудал байдаггүй. Хамгийн гол хөдөлгөгч хүчин зүйлийг Норвегийн сэтгүүлч уржигдрын хурал дээр хэллээ. Тодруулбал, Норвегид 100 гаруй жилийн турш сэтгүүл зүйн этик буюу ёс зүй төлөвшсөн. Аливаа шүүмжлэлт асуудал гарвал түүнийг нийгмээрээ эсэргүүцэж чаддаг. Тиймээс ч итгэл төгс нэгдүгээр байраа хадгалсаар байна гэдгийг онцолж байна лээ. Харин эсрэгээр жил болгон хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр хойд Солонгос сүүл мушгидаг. Гэхдээ энэ жил нэг байр урагшилжээ. Тэгвэл манай урд хөрш хэвлэлийн эрх чөлөөгөөр сүүлээсээ дөрөвдүгээр байрт жагссан байгаа юм. Хэвлэлийн эрх чөлөөгөөр хамгийн их байр ухарсан буюу 18 байраар хойшилсон орноор Малайзыг нэрлэсэн. Энэ улсад өнгөрсөн онд шинэ Засгийн газар байгуулагдахдаа “худал мэдээллийн эсрэг” гэх тогтоолыг гаргасан байгаа юм. Ингэснээр эрх мэдэлтнүүд нь “үнэнийг тогтоох” боломжийг өөрсдөө бий болгосон хэмээх дүгнэлтийг өгөөд буй.

Худал мэдээлэл гэдэг нэрийн дор аливаа асуудлыг үзэмжээр шийдэх эрсдэлтэй гэсэн үг үү, Малайз улсын жишээнээс тодорхой харагдаад байх шиг?

-Цар тахлын үед хэвлэлийн эрх чөлөө дэлхий нийтийн өмнө тулгарсан асуудал болоод байна. “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас уржигдар зохион байгуулсан хурлын үеэр “Цар тахлын эсрэг вакцинжуулалтын ажил үр дүнтэй сэтгүүл зүйг дэлхийн 130 гаруй оронд тодорхой хэмжээгээр хааж боомилох болов” гэсэн дүгнэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл, 180 орноос 130 гаруй нь цар тахлын эсрэг тэмцэхэд чухал нөлөөтэй сэтгүүл зүйг хааж боож байна гэсэн үг. Үүнд нь, манай улс ч багтаж байгаа. Энэ нь ЦЕГ, ХХЗХ-ны хамтарсан “Худал мэдээлэлтэй тэмцэх” тухай журам, ЦЕГ-ын дэргэдэх “Цахим худал мэдээлэлтэй тэмцэх” нэгжийг байгуулсантай холбоотой. Хамгийн сүүлийн жишээ бол, Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор “Эрсдэлтэй мэдээллийн хороог” байгуулсан. Цар тахлын үед хэвлэлийн эрх чөлөөг хумих, тодорхой мэдээллийг дамжуулахад хориглолт хязгаарлалтыг хуулиудаар оногдуулсан байна. Түүнчлэн өнгөрсөн жил Сонгуулийн тухай хуулиар хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл дамжуулах харилцааг тодорхой хэмжээгээр зохицуулсан шүү дээ. Тодруулбал, Хэвлэл мэдээллийн ажилтан үнэн бодит мэдээлэл түгээхийг үүрэг болгосон. Хэвлэл мэдээллийн байгууллага нь сонгууль дууссанаас хойш 10 хоногийн дотор тайлангаа эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хуульчилсан. Эдгээр сонгуулийн хуулийг зөрчвөл цар тахлын үед ч ялаагүй Зөрчлийн тухай хуулиар торгуулийн шийтгэлтэй. Тухайн мэдээллийг дамжуулах үүргээ биелүүлээгүй тохиолдолд цар тахлын хуулиар хэвлэл мэдээллийн хэрэгслийг торгох зохицуулалтыг оногдуулсан. Гэхдээ дан ганц Монголд биш, “Ковид-19” вирусийг даван туулахаар тэмцэж байгаа дэлхийн олон оронд энэ асуудлыг гаргаж ирсээр байгаа.

Цахим орчин, сошиал медиагийн хөгжилтэй уялдуулан үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллийн урсгал хүч түрж байна. Улмаар сошиалын мэдээллийгмэргэжлийн сэтгүүл зүйтэйхольж хутгах хандлага бий болоод байх шиг?

-“Хил хязгаагүй сурвалжлагчид”ын амин сүнс, гол концепц нь хуурамч мэдээллийн эсрэг хамгийн үр дүнтэй механизм болох хэвлэлийн эрх чөлөөг дэмжих юм. Мэргэжлийн сэтгүүл зүй нь хуурамч мэдээллийг төдийлөн түгээдэггүй. Харин эсрэгээр хуурамч мэдээлэл газар авахаас сэргийлдэг, ялгаатай ойлголт юм. Үүнийг анхаарч үзэх талаар ч холбогдох зөвлөмж гарсан байна лээ. Цахим орчинд мэдээлэл түгээсэнтэй холбоотой хатуу хяналт, хаалт тогтоосон олон улс орон байна. Үүнд Хятад, Хонконг, Мьянмар, Вьетнамыг онцолсон байна лээ. Эдгээр орнуудад нийгмийн сүлжээний контентод тавих хяналтыг чангатгасан гэдэг дүгнэлтийг өгсөн байгаа юм. Хурдацтайгаар хэвлэлийн эрх чөлөө нь ухарч буй орны хувьд Хонконг орж байна. Хуучин Азийн бүс нутагтаа тэргүүлж, хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 2002 онд 18 дугаар байранд жагсаж байсан бол одоо 80 дугаар байранд эрэмбэлэгдэж, Монголоос ч хойно оржээ. Япон улсын тухайд манай орны яг өмнө жагссан үзүүлэлттэй байгаа юм. Бүс нутгийн хэмжээнд улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтийг “Засаг захиргааны нь тогтолцоо, үүнээс илүүтэй хэвлэлийн эрх чөлөөнд хяналтаа тогтоох гэсэн Засгийн газрынх нь хүсэл зоригтой холбоотой” гэсэн дүгнэлтийг өгсөн. Сэтгүүлчдийг хорьж цагдаж, амь насанд нь халдах нь хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтэд ноцтой нөлөөлдөг. Гэхдээ Монголын хувьд ажил мэргэжлээ гүйцэтгэж буй сэтгүүлчдийн амь насанд халдах асуудал харьцангуй тогтвортой байна л даа. Тодруулбал, үүргээ гүйцэтгэж яваад нас барсан нь баримтаар тогтоогдсон зургаан хэвлэл мэдээллийн ажилтан бүртгэгдсэн байгаа юм.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *