Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Б.Баяраа: Үндсэн хуулийн Цэц улс төрийн захиалга биелүүлдэг байгууллага болчихлоо

Хуульч Б.Баяраатай Үндсэн хуулийн Цэц тойрсон асуудлаар ярилцлаа.


-Сүүлийн үед хуульчид Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр, үйл ажиллагааны талаар нэлээд шүүмжлэлтэй ханддаг болчихлоо, яг ямар шалтгаанаар цэц тойрсон шүүмжлэл өрнөх болов гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуульд заасан шаардлага хангахгүй иргэдийг 2018 онд Цэцийн гишүүнд нэр дэвшүүлж, өнөө хүмүүсийг нь УИХ томилсон нь хуульчид судлаачдын дунд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан л даа. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн бол хуульч хүний хувьд мэргэжлийн дээд карьер. Тэр утгаараа хуульч мэргэжлээрээ ажиллаж байгаагүй, энэ салбарт хүлээн зөвшөөрөгдөөгүй, танигдаагүй иргэд Цэцийн гишүүнээр томилогдсоныг хуульчид эсэргүүцсэн хэрэг. Манайд Үндсэн хуулийн Цэц нэртэй ч олон улсын тогтсон ойлголт нь Үндсэн хуулийн шүүх шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуульд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр “хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй иргэнийг томилно” гэсэн боловч Үндсэн хуулийн шүүх битгий хэл ердийн шүүхийн шүүгчийн шаардлага хангахгүй, хуульч мэргэжлээрээ тогтвортой ажиллаагүй, хуулийн салбар тэр дотроо Үндсэн хуулийн чиглэлээр хүлээн зөвшөөрөгдөх легитим шинжгүй буюу хууль зүйн өндөр мэргэшилгүй иргэдийг Цэцийн гишүүнээр томилсон. Цэцийн гишүүнээр томилогдох үеийн УИХ дээрх ярилцлагаас харахад Үндсэн хуулийн эрх зүйн суурь мэдлэг муутай нь тодорхой харагдсан. Цэцийн гишүүнд нэр дэвшигч нь хуулийн шаардлага хангахгүй байхад өөрөө нэр дэвшиж, нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн зүгээс зөрчилтэйг нь мэдсээр байж нэрийг нь өргөн барьж хүч түрэн Цэцийн гишүүн болгочихсон. Үүнийг албан тушаалд томилогдсоны хариу болгож нэр дэвшүүлэгчийн захиас даалгаврыг биелүүлэх зорилготой гэж хардахаас аргагүй.

-үндсэн хуулийн цэцэд улс төрийн захиалга биелүүлдэг гишүүд томилогдсон гэж үү?

-Үндсэн хуулийн Цэц хараат бус байж, гагцхүү Үндсэн хуульд захирагдахаас гадна Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж, чандлан сахиулах баталгаа болдог. Энэ утгаараа УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч болон төрийн өндөр албан тушаалтнуудын шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянадаг шүүхийн байгууллага. Өөрөөр хэлбэл, өөрийг нь нэр дэвшүүлдэг, томилдог байгууллагыг ч эргээд хянах үүрэгтэй. Гэтэл хуульд заасан шаардлага хангахгүй, мэргэшсэн бус этгээд томилогдсон нь нэр дэвшүүлэгч даргынхаа захиас даалгаврыг биелүүлэх зорилгоор ам өчиг өгч албан тушаалд очсон гэж хардахаас аргагүй байдал үүсч байна шүү дээ.

-Хувь хүний хувьд ингэж хардаж болно л доо, гэхдээ хуульчийн хувьд яг ямар үндэслэлээр гэдгээ тайлбарлах ёстой байх…?

-Сая хэлсэн Цэцийн гишүүд томилогдсоноос хойш хэн нь хэн бэ гэдгийг харах хангалттай хугацаа өнгөрлөө. Хоёр жил зургаан сар гэдэг бол урт хугацаа. Харамсалтай нь хуульчдын хардлага бодит болоод эхэллээ л дээ. Нэр дэвшүүлсэн улстөрчийнхөө захиас даалгаврыг биелүүлж эхэлсэн баримтууд тодорхой болж байна. Тухайлбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчийг албан тушаалаас түдгэлзүүлэх” нэмэлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг УИХ 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр баталсан. Маргааш нь Улсын дээд шүүхээс энэ хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргасны зэрэгцээ мөн нэр бүхий есөн иргэн мэдээлэл ирүүлсэн байдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг Үндсэн хууль зөрчсөнийг тогтоолгох хүсэлтийг Ерөнхийлөгчийн санаачилж нэр дэвшүүлсэн Цэцийн гишүүн дээр хуваарилаад өнөөдрийг хүртэл бүтэн 20 сар гаруй хугацаанд дунд суудлын хуралдаан зарлахгүй “хав дарж” байгааг сонирхлын зөрчилгүй гэж үзэх үү. Цэцийн гишүүн бүрэн эрхийнхээ дийлэнх хугацааг маргаан гацаасан байдалтай өнгөрүүллээ. Үндсэн хуульд заасан “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана”, “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн … хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэснийг илэрхий зөрчсөн энэ хуулийг Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэхгүй байгаа нь ардаа маш их хор уршиг дагуулж байна.

-Яг ямар хор уршиг дагуулж байгаа талаар тодорхой жишээ хэлээч?

-Тухайлбал, ҮАБЗ бүх шатны шүүгчийн төлөөллийг оролцуулан 17 шүүгчийг “үзүүлэн” болгож албан тушаалаас түдгэлзүүлэн эрүүгийн хэрэгт шалгаж эхэлснээр шүүх эрх мэдэл бүхэлдээ улстөрчдийн гарт хуулийн дагуу орсон гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, шүүгч ажил, амьдралгүй болохгүйн тулд хуульд захирагдах зарчмаасаа ухран улс төрийн захиалгаар шийдвэр гаргах эхлэлийг энэ хууль тавьсан. ҮАБЗ-ийн хууль бус шийдвэрийн улмаас Улсын дээд шүүхийн иргэний танхим бүрэлдэхүүнгүй болж бүтэн жил гаруй хугацаа алдаж хэрэг маргаан шийдвэрлэж байгаа нь муу үр дагаврын нэг жишээ. Энэ хууль эрх зүйн ухралт болсоныг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн бүх түвшинд хүлээн зөвшөөрч алдаагаа засаж залруулах тухай ярьж байхад хүртэл Үндсэн хуулийн Цэц таг гацсан хэвээр байна. УИХ-ын дарга шүүхийн багц хуулийн хүрээнд цаашид ҮАБЗ-өөс шүүхийг хянах шаардлагагүй болсон гэж чуулганы нээлтэд мэдэгдсэн. Ерөнхийлөгч ч ялгаагүй тухайн цаг үеийн шаардлагаар баталсан тул цаашид хэрэггүй гэж үзээд өөрийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр хасаж оруулсан гэсэн. Ерөнхийлөгчийн энэ байр суурьтай Засгийн газрын хуулийн төслийн байр суурь ч адил байгаа. Ер нь Үндсэн хуулийн суурь зарчмын нэг болох төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг илт алдагдуулсан муу хуулийн үр дагаварт улс төрийн хэрэгт олон иргэд хэлмэгдсэн тухай нийтээрээ ярьсаар өнөөг хүрсэн. Хэрэв УИХ Үндсэн хууль зөрчсөн хуулийнхаа сөрөг үр дагаврыг амсаж, өөрөө алдаагаа хүлээн зөвшөөрч засах хүртэл хүлээх юм бол Цэцтэй байхын шаардлага юу байна. Энэ хуулийг буцаан хүчингүй болгох хуулийг УИХ-ын 17 гишүүн өргөн барьсан байгаа.

-Цэцийн шийдвэр гарахгүй гацаж, хугацаа авах нь хэнд ашигтай гэж та харж байна вэ?

-Шуудхан хэлэхэд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргалахын зэрэгцээ Шүүхийн ерөнхий зөвлөлийг томилдог, шүүгчийг түдгэлзүүлж, томилж, чөлөөлөх замаар шүүхэд нөлөөлөх онцгой давуу эрх эдэлдэг Ерөнхийлөгчид л цэцийн шийдвэр гарахгүй удах нь ашигтай байх шиг. Тодорхой үнэн гэвэл энэ л байна.

-Гэхдээ ганц үйл явдлаар шууд буруутгаж болохгүй байх аа?

-УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар манай улс түүхэндээ анх удаа Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх хууль баталсан. Коммунист СССР-ийн үед Н.Хрушевийн даалгавраар Зөвлөлтийн эрх баригчид Эрүүгийн хуулийг хоёр ч удаа буцаан хэрэглэсэн хууль баталсан гашуун сургамж байдаг тухай би өмнө нь тантай ярилцаж байсан. Тухайн үед СССР улсад валютын арилжаа, үнэт эдлэлийн наймаа эрхэлсэн залуусыг дамын наймаа эрхэлсэн гэж буруутган найман жилийн ял өгч шоронд хоригдох хугацаанд нь Н.Хрушевийн даалгавраар онцгой тохиолдлоор гэж тодотгон Эрүүгийн хууль буцаан хэрэглэж 15 жилийн ял өгч дараа нь хэсэг хугацааны дараа хуулиа дахин чангатгаж буцаан хэрэглэх замаар цаазаар авч байсан жишээ бий. Үүнээс өөр жишээ дэлхийд олдохгүй. Харамсалтай нь Монгол Улс Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх хуулийг 2020 онд баталсан нь парламентын төлөвшил, эрх зүйн судалгаа, хүний эрхийн мэдрэмж ямархуу сул байгааг харуулж байна. НҮБ-ын олон улсын хэд хэдэн гэрээгээр Эрүүгийн хуулийг дордуулан буцаан хэрэглэхийг хориглодог. Зарим улс шууд Үндсэн хуулиараа хориглохоос гадна шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийн хүрээнд “Эрүүгийн хууль буцаан хэрэглэхээс хамгаалуулах эрх” гэсэн шинжлэх ухааны ойлголт байдаг. Манай парламентын баталсан хууль удахгүй эрүүгийн эрх зүйн хамгийн муу жишээ болж сурах бичгийн судлагдахуун болох байх. Товчхондоо бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргүүдийг сэргээн шалгаж, нэхэн ял шийтгэх тухай хууль юм. Асуудал хөөн хэлэлцэх хугацаандаа ч биш, зарчмын хувьд эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэхийг зөвшөөрвөл цаашид шинээр гэмт хэрэгт тооцон ял шийтгэх, ял шийтгэлийг хүндрүүлэх зэргийг зөвшөөрснөөс ялгаагүй болно.

Энэ хуулийг Үндсэн хууль зөрчсөнийг тогтоолгохоор хэсэг иргэд Цэцэд хандсан боловч дахиад нөгөө шүүмжлэлд өртдөг Цэцийн гишүүн дээр яагаад ч юм хуваарилагдаад өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй “хүлээлгийн горим”-д шилжээд байна. Батлагдсанаас хойш 10 сар гаруй хугацаа өнгөрлөө. Тэр ч бүү хэл иргэний нэг өргөдлөөр өгсөн хэд хэдэн мэдээллээс Эрүүгийн хууль буцаан хэрэглэсэн хэсгийг ялгаж үлдээгээд үлдэх хэсгийг нь Цэцийн дунд суудлын хурлаар шийдвэрлэсэн тохиолдол ч байна. Ерөнхийлөгчийн шударга ёстой тэмцэж байгаа гэх асуудлын хүрээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн төрийн албан хаагчдад энэ хуулийн дагуу нэхэн ял шийтгэж эхэлсэн. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргахгүй байх нь хэнд ашигтай нь ойлгомжтой байгаа биз дээ.

-Хууль санаачлагчид нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг шийдвэрлэгдэхгүй байна гэж тайлбарласан удаатай. Энэ тайлбар дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Хөөн хэлэлцэх хугацаа нь дэлхий нийтэд хэрэглэгддэг хуулиар олгосон боломж юм. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж тодорхой хугацаанд үгүйсгэгдэж байдагтай холбогдуулан гэмт хэргийн ангиллаас шалтгаалан харилцан адилгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг тоолдог. Хууль хяналтын байгууллагаас цаг наргүй хэдэн жилээр иргэдийг хэрэгт холбогдуулан шалгаж залхаахгүй байх үүднээс хуулиар хэрэг шалгах тодорхой хугацаа тогтоож өгснөөрөө хөөн хэлэлцэх хугацаа нь хүний эрхийн ач холбогдолтой. Тиймээс хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хэргийг дахин сэргээн шалгаж шүүхийн эрх хэмжээнд хууль тогтоогч халдах үндэслэл байхгүй. Хууль тогтоогч өөрийнх нь баталсан хуулийг хэрэглэж хэрэг маргаан шийдвэрлэсэн шүүхийг буруутгах нь утгагүй. Эндээс хууль тогтоох байгууллага тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиасаа эргэж буцаад байвал хууль дээдлэх зарчим алдагдаж, хэн хуулийг дагаж мөрдөх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Манай Эрүүгийн хуульд зөвхөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр хуульчилсан. Гэтэл Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар өөрөөр хэлбэл, хууль үйлчлэх бэлтгэл хангадаг хуулиар суурь Эрүүгийн хуулиа үгүйсгэсэн зөрчилтэй зохицуулалт оруулсан. Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар аливаа хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зорилго нь хууль тогтоомжийн өөрчлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа этгээдийн эрхийг хамгаалах зорилгоор батлагддаг юм.

-Үндсэн хуулийн Цэцийн ажлын ачаалал их учраас зарим асуудал ингэж дарагдчихаад байдаг юм болов уу?

-Үндсэн хуулийн Цэцийн цахим сангаас үзэхэд 2019 онд 8, 2020 онд 11 маргааныг дунд, их суудлын хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 20 хүрэхгүй маргаан шийдвэрлэсэн нь дунджаар сард нэг хүрэхгүй хурал, гишүүн бүр жилд нэг л удаа маргааныг судалж илтгэж хуралд оруулж байна гэсэн үзүүлэлт юм. Үүн дээр маргаан үүсгэхээс татгалзсан хариу өгөх, бага суудлаар хуралдах зэрэг ажлууд нэмэгдэх хэдий ч Цэц мэргэжлийн ажлын аппараттай гэж тооцохоор Цэцийн гишүүдийг ачаалалтай ажилладаг гэж дүгнэх үндэслэлгүй. Харин улс төрийн захиас даалгавраар зарим маргааныг гацааж, зарим маргааныг хурдан шийдвэрлэдэг гэвэл үнэнд ойртсон тайлбар болно.

-Үндсэн хуулийн Цэцийн зүгээс улс төрийн даалгавраар гэх шалтгаанаар хурдан шийдсэн яг ямар маргаан байна вэ, та нэг кейс сонирхуулаач?

-Үндсэн хуульд төмөр замын өргөн, нарийн царигийн талаар үг, үсэг байхгүй байхад мөнөөх л Цэцийн гишүүн УИХ-ын төмөр замыг нарийн царигаар барих тухай тогтоолыг судалж илтгээд Үндсэн хуулийн Цэцээс маш богино хугацаанд хүчингүй болгож шийдвэрлэсэн жишээ бий. Үүнээс ч чухал хүний эрхийн зөрчилтэй олон асуудал хүлээгдэж байхад өргөн, нарийн цариг шийдээд байгаа нь хэнд ч ойлгоход хэцүү хандлага. Бас нэг жишээ хэлье. УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн зургаан нэр дэвшигчийг шүүхээс хууль зөрчин цагдан хорьсноор Ганц худагаас сонгуульд өрсөлдүүлж байсан. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35.2 дахь заалт буюу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, цагдан хорихыг хориглосон заалтыг ердийн шүүхүүд зөрчсөн тухай маргаан тухайн үед гарч байсан. Нэр дэвшигчийн сонгуульд нэр дэвшихээс санал хураах хүртэл 21 хоногийн хугацаанд цагдан хорих, албадан саатуулах, баривчлахгүй байх хуулийн баталгаа нь Монгол Улсын иргэний Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох, иргэд төлөөллийн байгууллагаар дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох үндсэн эрхийн хууль зүйн баталгаа болохын зэрэгцээ сонгуулийн үйл ажиллагаа тэгш, шударгаар явагдах зарчмын үндэс болдог. Гэтэл нэр дэвшигчдийн хуулийн хамгаалалт болж байсан заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоохоор Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгээд аль хэдийнэ дунд суудлын хурлаа зарлачихсан байгааг юу гэж ойлгох вэ.

-Цэцийн ийм ялгавартай хандлагыг засч залруулах гарц, гаргалгаа, шийдэл гэвэл танд санаа оноо байна уу?

-Улс төрийн захиалга даалгавар биелүүлдэг Цэц бол огт Цэцгүй байхаас ч илүү хортой. Цэцийн гишүүний шаардлага хангахгүй иргэдийг томилохын хор уршгийн талаар тухайн үедээ Үндсэн хуулийн чиглэлийн эрдэмтэн судлаачид хангалттай сануулсан атал огт тоож үзээгүйн гор нь өнөөдөр гарч байна. Муу үр дагаврыг нь өмгөөлөгч нар л шүүх дээр их мэдэрч байна даа. Үндсэн хуулийн Цэц зарим маргааныг хэзээ шийдвэрлэх нь мэдэгдэхгүй хэдэн сар жилээр дарагдуулж, зарим маргааныг өдөр хоног алдахгүй яаран шийдвэрлэж байгаа нь Цэц өөрөө Үндсэн хуулийн 1.2-д заасан “хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим”-ыг зөрчиж байгаа хэлбэр л дээ. Хэрэв Цэц ажлаа хийхгүй бол цаашид татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад эрх ямба эдлээд суух нь хэр зохистой вэ гэдгийг бодож үзмээр байна.

-Цэцийн гишүүдийн ашиг сонирхлыг зохицуулсан хууль байдаг уу?

-Төрийн алба, нийтийн албаны ашиг сонирхлын тухай хуулиуд бий. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд нэр дэвшүүлсэн болон томилсон этгээдээс хараат бусаар ажиллах үүрэгтэй боловч зарим нэг шаардлага хангахгүй “арын хаалга”-ны гишүүд тэгж ажиллаж чадахгүй байна л даа. Хэрэв цаашид энэ маягаар үргэлжилбэл Ерөнхийлөгчөөс Цэцэд хүсэлт гаргах, эсхүл түүний эсэргүүцсэн асуудлаар мэдээлэл ирвэл өөрийнх нь санал болгосон гишүүн дээр хуваарилахгүй, мөн уг гишүүнийг бүрэлдэхүүнд оруулахгүй байж чадвал ашиг сонирхлын зөрчилгүй шийдвэр гарна.

-Ер нь маргааныг шийдвэрлэх дэг дараалал, хуулийн хугацаа гэж байдаг уу?

-Үндсэн хуулийн Цэцийн холбогдох хуулиудаар маргааныг шийдвэрлэх дараалал, цаг хугацаа, үе шат зэргийг нарийвчлан зохицуулаагүй. Ерөнхий хугацаа байвч Үндсэн хуулийн Цэц баримталдаггүй, түүнийг хянах механизм ч байхгүй. Цэцийн тухай хуулиудыг шинэчлэхгүй бол өнгөрсөн зуунд баталсан хуулиуд шүү дээ.

-Хуульд асуудал байна гэсэн үг үү?

-Бусад эрүү, иргэн, захиргааны процессын эрх зүйтэй харьцуулахад Үндсэн хуулийн Цэцийн хууль 1992 онд процессын хууль 1997 онд батлагдсан. Хуулийн нэр томьёо нийтээр хэрэглэгдэхээ болсон, хууль зүйн техникийн хувьд хоцрогдсон, зарим процесс шуурхай бус эргэж буцсан, тухайлбал санал хураалтыг дахин дахин явуулж эцсийн байдлаар шийдэх гэх мэт дутагдлууд ихтэй. Аливаа процессын эрх зүй дэс дараалал, цаг хугацаатай нарийн уялдаж гэмээнэ сая бодитой хэрэгждэг. Гэтэл Үндсэн хуулийн Цэц дээр зарим маргаан хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй хэдэн жилээр хүлээгдэж байна. Мэдээлэл гаргагч өөрийн субьектив эрх хөндөгдөөгүй тул хүлээгээд суухаас өөр аргагүй байгаа нь их бүдүүлэг зөрчил.

-Хуульч хүний хувьд энэ асуудлыг ингээд шийдчихэж болно гэх мэт гарц шийдэлтэй суугаа байх…?

-Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг цаг үетэйгээ нийцүүлэн шинэчлэх шаардлага гарч байна. Бусад процессын салбар эрх зүйг эрийн цээнд хүрсэн гэвэл Үндсэн хуулийн процесс хөлд орж байгаа хүүхэд шиг л байна. Өргөдөл, мэдээлэл хуваарилах зарчим тодорхойгүйн зэрэгцээ процессын нарийн зохицуулалт байхгүйг далимдуулан Цэц “дүрэмгүй” дур зоргоор ажиллаж байна. Үндсэн хуулийн процессыг цаг хугацаа, үе шат, дэс дарааллын нарийн дэгийг хуулиар тогтоохгүй бол өнөөдрийн энэ алдаа засагдахгүй. Зарим маргааныг сар жилээр ор тас мартаж орхидог, заримыг оочер дайруулж өдөр хоног алдахгүй яарч шийддэг энэ байдлыг хуулиар зохицуулан хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэх нь зөв. Монгол Улсын Үндсэн хуульд заасан Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хууль зүйн өндөр мэргэшлийн шаардлага, шалгуурыг Үндсэн хуульд нийцүүлэн тодорхой хуульчлах, үүнд хамгийн багадаа Улсын дээд шүүхийн шүүгчид тавигдах шалгуурыг хуульчлах нь зөв болов уу. Хуульдаа нийцүүлээд өнөөдрийн шаардлага хангахгүй гишүүдийг ч эргүүлэн татах асуудлыг тавих шаардлагатай, учир нь хууль зүйн өндөр мэргэшилгүй шаардлага хангахгүй Цэцийн гишүүдээс хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэр гарна гэж хүлээлтгүй. Цэц сургалтын байгууллага биш. Мөн Цэцийн гишүүдийн шалгуурыг өндөрсгөж тодорхой болгохоос гадна сонгон шалгаруулах, нийтийн сонсгол хийх зэргээр томилгооны нөлөөллийг багасгах шаардлага байна.

Нэмж хэлэхэд, Цэц Үндсэн хуулийн манаачийн ажлаа зохих ёсоор хийж байсан бол өнөөдрийн энэ олон хүний эрхийн зөрчил, улс төрийн гэх тодотголтой эрүүгийн хэрэг маргаанууд үүсэхгүй байсан. Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүссэн хуулийг хэрэглэх асуудлаар ердийн шүүх хэргийг түдгэлзүүлэх, эсхүл шийдвэрлэх зэргээр харилцан адилгүй шийдвэр гаргаж байгааг нэг мөр болгох шаардлагатайг Цэц анхаарахгүй байна.

Цэцэд мэдээлэл өгсөн иргэд хэзээ, ямар үндэслэлээр мэдээлэл өгснөө марттал нь залхааж байна. Үүнээс гадна Үндсэн хууль зөрчсөн муу хуулийн үйлчлэлд өртөж эрх ашиг нь хохирсон иргэдийг жагсаал цуглаан хийх дээрээ тултал чирэгдүүлж байгаа өнөөдрийн Цэцэд хариуцлага тооцох асуудлыг ч сөхөх хэрэгтэй. Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр биш, алганд багтсан эх орон болох Үндсэн хууль, хүний эрхийнхээ хамт байдаг гэдгийг мартаж болохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *