УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэдтэй уулзахдаа эд бараа тарааж байна. Ялангуяа орон нутгаас сонгогдсон гишүүд хөдөөгийн малчин иргэдэд зориулж данх, шанага, бедон сав, бакал зэргийг их өгөх юм. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд бүгд л тойргийнхоо өнчин ядуу хүүхдүүдэд халуун гараа сунгаж байгаа хүн болж цүнх, дэвтэр ном бэлэглэдэг. Сая есдүгээр сарын 1-ний өмнө ч УИХ-ын гишүүдийн дунд хичээлийн хэрэгсэл тараадаг давалгаа эрчимтэй үргэлжилсэн. Чуулган зав-сарласан өнгөрсөн зуны хугацаанд гэхэд Г.Тэмүүлэн гишүүн Архангайнханд шанага, М.Билэгт гишүүн баянхонгорчууддаа данх, бакал, хичээлийн хэрэгсэл өгчээ. Өмнөх парламентын үед Баянхонгор аймгаас сонгогдсон Д.Ганбат гишүүн сонгогчдодоо 40-ийн бедон тарааж байв. Зүгээр ч өгчихгүй дээр нь өөрсдийнхөө нэр, зураг дүрсийг хэвлүүлсэн гэж байгаа. Нийгмийн сүлжээгээр ил болж, олон түмний доог тохуу болсон нь энэ хэд байх. Тэднээс гадна олон гишүүн тойргийнхоо иргэдэд өөсрдийнхөө хөрөгтэй жааз, хуанли, цэвэр ус гээд элдэв юм өгдөг. Яагаад УИХ-ын гишүүд сонгогчдодоо янз бүрийн зүйл тараадаг юм бэ гэвэл тэдний энэ үйлдлийг Монгол Улсын хуулиар хориглоогүй гэж хуульч тайлбарлав. Харин УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс парламентын гишүүн тойрогтоо элдэв бэлэг, сэлт тараахыг Сонгуулийн тухай хуулиар хориглодог байна. Хуулийн энэ утга нь тухайн тойргийн гишүүн сонгогчидтойгоо уулзах далимдаа бэлэг тараах боломжоо ашиглан бусад нэр дэвшигчдээс өөртөө давуу байдал бий болгохоос хориглосон заалт. Нэр дэв-шигчид тэгш гараанаас сонгуульд оролцох ёстой гэсэн үзэл санаа. Тэгэхээр УИХ-д гарч ирсэн гишүүн Сонгуулийн тухай хуульд зааснаас бусад хугацаанд тойргийнхоо иргэдэд эд бараа тараах эрхтэй болж таарч байна. Энэ бол хуулийн цоорхой.
Уг нь УИХ-ын гишүүдийг цүнх ном хүүхдүүдэд тараах биш, тэр бүгдийг аав, ээж нь аваад өгч чаддаг болгох гэж сонгодог биз дээ. Гэтэл эрхэм төрийн түшээд маань улс орныхоо эдийн засгийг сайжруулж, ард түмнээ ажилтай орлоготой, гэдэс цатгалан, мөр бүтэн явуулна гэсэн амлалтаа буруу аргаар биелүүлээд байх юм. Тэд энэ суудалдаа удаан тогтох гэж баруун солгойгүй бэлэг сэлт тарааж байгаа үйлдлээ “Хууль зөрчөөгүй” гэж хэлэх байх. Ер нь хүн “Хууль зөрчихгүй байна” гээд ёс суртахуун зөрчих нь цаад хүнээ илүү увайгүй харагдуулдаг. Яагаад гэвэл хуульгүй бол юу ч хийж мэдэх нөхөр байна гэдэг нь танигддаг. “Хуулиас айгаад л нэг иймэрхүү явж байгаа юм байна. Тэрнээс сүйд хийх нь ээ” гэсэн дүгнэлтийг үйлдэл, хандлагаараа тод хэлдэг. Тэгээд ч хүн төрөлхтний араатан амьтнаас ялгагдах онцлог нь ёс суртахууны өгөгдөл.
Хүний мөн чанар, ёс суртахуун нь эцэг эхээс удамшдаг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Эрхэм гишүүд тойргийн иргэддээ элдэв эд бараа тараадаг байдал бол хуулийн цоорхойг ашиглаж өөртөө давуу байдал олж авах гэсэн увайгүй царай нь. Хуулиар хориглоогүй ч ёс суртахууны хэм хэмжээг зөрчвөл ямар харагддагийг дараахь зүйлээр жишээ авъя. Малыг хүн эмлэхэд хуулиар хориотой байдаг. Хуучин цагт ч ийм байсан. Энэ үйлдлийг хуулиар хориглоогүй байлаа гэж бодъё. Тэгээд хэн нэгэн тэнэг нь бэлчээр дээрээс охин зусаг барьж аваад оролдоод байвал “Хуульгүй юм чинь яахав, яахав” гээд тоохгүй өнгөрье гэх үү. Яаж ч бодсон ийм ичгүүр сонжуургүй үйлдэл гаргаж байгаа хүнийг харсан хэн ч жигшиж, зэвүүцнэ дээ. Тийм хүнийг ямар хүн гэх юм бэ. Тэгвэл “Хуулиар хориглоогүй юм чинь” гээд тойрогтоо очиж шанага, сав, гутал хувцас тарааж байгаа УИХ-ын гишүүдийн үйлдэл үүнтэй агаар нэг юм. Тэдний бодож, сэтгэж олсон санааг харахаар үнэхээр сэтгэл эмзэглэмээр. Ард түмний ядууд нь тааруулж элдэв юм тараана. Тэгсэн хэрнээ хавдрын эмнэлэг бариад улсад асар өндөр үнээр шахах гэж байгаа М.Билэгт гишүүнд ёс зүй, жудаг байдаггүй юм уу.
Ёс зүйгүй, ёс суртахуунаа зөрчсөн хүнд ард түмэн үнэн голоосоо дургүй байдаг. Эртний суут сэтгэгч Аристотель, Күнз нар “Ёс суртахуунтай хүнд хуулийн хэрэг байхгүй гэж хэлсэн байдаг” шүү дээ. Хэдийгээр хуульгүй байлаа ч ёс суртахуунгүй үйлдэл хийдэг эрхэм гишүүд үүнийг үүнийг тунгаан бодно биз ээ.