УИХ, ЗГ-ын гишүүн, Хууль зүй,
Дотоод хэргийн сайд С.Бямбацогт Хууль сахиулахын их сургуулийн 2016-2017 оны
хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
1934 онд анхлан тулгын
чулуугаа тавьсан Хууль сахиулахын их сургууль өнөөдөр Хууль зүйн удирдлагын
академи, Ахисан шатны боловсролын сургууль, Цагдаагийн сургууль, Хилийн
сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Онцгой байдлын сургууль ,Эрх
зүй нийгмийн ухааны сургууль зэрэг бүрэлдэхүүн сургуулиудтай, нийт 3000 гаруй
сонсогч суралцагч, 412 багштай Монгол улсын тэргүүлэх их сургуулиудын нэг
болоод байна.
Хууль зүй, Дотоод хэргийн
сайд С.Бямбацогт тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд зориулж
хэлсэн үгэндээ “Хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалж чадах оюун санааны
болон бие бялдар, ёс суртахууны хувьд бүрэн төлөвшсөн мэргэжлийн, мэргэшсэн
боловсон хүчнийг бэлтгэж нийгмийн эрэлт хэрэгцээг хангах нь Хууль сахиулахын их
сургуулийн тэргүүлэх чиглэл байсаар ирсэн, цаашид ч байх болно” гэдгийг
тодотгоод хууль дээдлэх зарчмын ариун голомт, хуулийн засаглал ганхашгүй бат
бөх оршихуйн алтан багана байх учиртайг онцолж, Хууль сахиулахын их сургуулийн
нийт бие бүрэлдэхүүнд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.
Хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын дараа УИХ, ЗГ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд
С.Бямбацогт тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх
ажлын талаар тодорхой чиглэл өгсөн юм.
Өнгөрсөн хугацаанд ХСИС 37
тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хичээл сургалтын томоохон шинэ цогцолбор
байртай болсон. Тэгвэл сургалтын материаллаг бааз, сурах орчны энэхүү давуу
талаа ашиглан сургалт, эрдэм судлалын ажлаа өнөөдрийн төвшингөөс ахиулах ёстойг
ХЗДХ-ийн сайд хэллээ. Мөн сайд С.Бямбацогт ЗГ-ын Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
ялангуяа хууль зүйн салбартай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд нягт уялдаа
холбоотой хамтран ажиллахыг чиглэл болгов. Тэрээр “Хууль хэзээд хэрэгждэг
байх ёстой, иргэдэд алагчлалгүй ялгаваргүй, тэгш үйлчилж, олон нийт хуулийн
байгууллагаас эмээж цэрвэдэг биш ойртон нөхөрлөдөг, тулгамдсан асуудлаараа
ханддаг байх ёстой” гэлээ. Түүнчлэн эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа
энэ үед дан ганц улсын төсвийн гар харж суулгүй дотоод болон гадаад нөөц боломж
бололцоогоо бүрэн дайчлан ажиллах тал дээр анхаарахыг чиглэл болгосон юм.