Өнөөдөр нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаан товлогджээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл”, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, тамхи татах тусгай цэг байгуулах тухай, хэлэлцэх эсэх/; Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд хуралдаж төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлах тухай агуулга бүхий Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /2013 оны байдлаар/; Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
Тэгвэл Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл, Шилэн дансны тухай, мэдүүлсэн, бондын хүүгийн орлогын татварыг 10 хувь болгох тухай агуулга бүхий Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийднэ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Байнгын хорооны шинэ даргаа сонгохоос эхлэх бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх юм байна. Байнгын хорооны даргад АН-ын бүлэг Д.ганбат гишүүнийг нэр дэвшүүлээд байгаа билээ.