Хууль сахиулахын их сургуулиас “Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал-эрдэмтдийн уулзалтыг Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурын хөвөөнд байрлах “Харуул занги” цогцолборт 2015 оны 07 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд зохион байгуулна.
Хууль сахиулахын их сургууль нь 2011 онд их сургуулийн статустайгаар үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш олон улсын эрдэм шинжилгээний хурлыг тав дах удаагаа зохион байгуулах гэж байна.
Хөдөө орон нутагт, бүс нутгийн зааг Хөвсгөл аймагт зохион байгуулж буй энэ удаагийн хурлын гол зорилго нь хууль сахиулах, гамшгаас хамгаалах салбарт, түүний дотор хилийн бүс нутаг, хил орчмын нутаг дэвсгэр, орон нутаг дахь хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаанд тулгамдсан асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдлийг эрэлхийлэхэд оршиж байгаа юм.
Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд Хууль зүйн яам, харъяа агентлагуудын удирдлагын төлөөлөл, хууль сахиулах, эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, их, дээд сургуулиуд болон Австрали, Унгар, ОХУ, БНСУ, БНТУ, Япон, ХБНГУ-ын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл, Монгол Улсад суугаа Элчин сайд, хууль сахиулах асуудал хариуцсан атташе нарын нийт 70 гаруй эрдэмтэн, судлаач, багш, практик байгууллагын ажилтнууд оролцоно.
Хурлын үеэр хууль сахиулах салбарын сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагаа, оролцогч орнуудын эрх зүйн шинэчлэл, гэмт хэрэгтэй тэмцэх, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гамшгаас урьдчилан сэргийлэх болон аюулгүй байдлын чиглэлээр туршлага, мэдээлэл солилцох юм.