Categories
мэдээ нийгэм

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг 11000 иргэн авчээ

Жил бүр Нийслэлийн хуульчдын дунд тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг хуульчдын зөвлөгөөнийг энэ удаад “Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд төрийн байгууллагын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгууллаа.

Иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг, мэдээлэл авах нөхцөл боломж хангалтгүйгээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох, нэр төр, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх явдал хангалтгүй байгааг сүүлийн жилүүдэд хийсэн судалгааны дүнгээс харагддаг. Иймээс иргэдийнхээ эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд төр засгийн нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа бол Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд” хөтөлбөрийн төслийг эцэслэн боловсруулж энэ ондоо багтаан батлуулахаар НИТХ-д өргөн бариад байгаа билээ.

Нийслэлийн Засаг дарга 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан ажлынхаа хүрээнд иргэд олон нийтэд хандсан олон арван ажлыг амжилттай хэрэгжүүлээд байна.

Тухайлбал Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль түүнийг дагалдан гарах 19 хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраар уламжлуулан УИХ-д өргөн барисан. Мөн сар бүрийн 20-ны өдрүүдэд Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг холбогдох хуулийн байгууллагуудтай хамтран иргэддээ хууль, эрх зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулж, давхардсан тоогоор 11000 гаруй иргэнд хүрч ажиллаа.

Цаашид Нийслэлийн зүгээс иргэдийнхээ эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, төр засгаас гаргаж буй аливаа шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд төрийн байгуулагын аль үйлчилгээ, чиг үүрэг хүндрэл учруулж байгаа, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар энэ удаагийн зөвлөгөөнд оролцогчид санал бодлоо илэрхийлэн оролцлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *