Categories
мэдээ нийгэм

Хууль бус алт олборлогч компаниас болоод Баянголын рашаан ширгэсэн гэв

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт орших Их тохойрол, Баянгол, Бор толгой зэрэг газруудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эко Алтан Заамар” ХХК хууль бусаар эзэмшиж, алт олборлолт хийдэг байна. Үүнийг нутгийн иргэд эсэргүүцэн, тусгай зөвшөөрлийг цуцлахыг хүсч буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Их тохойрол хэмээх газар нь Хайлааст багийн дундуур урсах Туул голын дагуух 56 км газраас уул уурхайн олборлолтод өртөөгүй үлдсэн гурван км үргэлжлэх хэсэгхэн газар аж. Тус компанийн үйл ажиллагааг зогсоож, газар нутгаа авч үлдэх гэсэн 420 гаруй иргэд өнгөрсөн сарын 20-нд нэгдэн, 80 гаруй машинаар хаалт хийн жагсаал хийжээ.

Жагсаалын үр дүнд, хөрс хуулалтын ажлыг зогсоож, хоёр км гаруй үргэлжлүүлэн татсан хашлагыг олборлолт хийж буй газраас 150м зайд хүртэл багасгуулж чаджээ. Мөн ил уурхайн нөхцөл байдалтай аймгийн БОАЖГ 7712 тоот тушаалаар шалгалт явуулахад, олборлолтоос гарсан бохир шүүрлийн усаа Туул гол руу шууд урсгаж байсан нь тогтоогдсон байна. Тиймээс аймгийн мэргэжлийн хяналтын газартай хамтран тус компанийн үйл ажиллагааг цуцалж, лацаджээ.

Гэвч энэ сарын гурванаас эхлэн лацадсан газарт дур мэдэн орж, олборлолтоо үргэлжлүүлжээ.

Тиймээс нутгийн иргэдийн зүгээс “Эко Алтан Заамар” ХХК-ийн эзэмшдэг MV007712, MV007713, MV018995, MV021015 тусгай зөвшөөрлүүдийг цуцалж өгөхийг шаардаж байгаа юм.

Тус сумын иргэдийн төлөөлөгч Б.Отгонбаяр “Энэ компани үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл. Уурхайд шалгалт явуулахад, 2016 оны тайландаа иргэдийн саналыг тусгаагүй, 2018 оны төлөвлөгөөгөө батлуулахдаа хууль бус үнэлгээн дээр үндэслэн батлуулсан. Бохирдолдоо амны ус руу шууд цутгасан гэхчлэн зөрчлүүд илэрсэн” гэв.

Олборлолт явуулж эхэлснээс хойш хүний биед ашиг тустай “Баянголын рашаан” ширгэж үгүй болсон байна. Мөн нутгийн иргэдийн хэлж буйгаар ганц үлдсэн амны устай газар нь энэ аж.

З.СУВД




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *