Хоёр их гүрний дунд хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг байгаа манай орны эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц салбар бол хүүхэлдэйн кино юм. Хүүхэд төрж байгаа цагт хүүхэлдэйн кино мөнхийн эрэлттэй байж таарна. Компьютерийн хэрэглээ, сэтгэх чадвараараа эрс ялгардаг гэж өөрсдийгөө омойтон хөөргөх дуртай бидний хувьд хүүхэлдэйн киноны үндэсний контентыг “Боролдойн цаг”-аар төсөөлдөг байлаа. 20-30 настнуудын сэтгэлд томоохон орон зай үлдээсэн “Боролдойн цаг”аа шинэ шатанд гаргаж экспорт хийж, эдийн засгийг солонгоруулах нэг цацраг болгох боломж бий. Хэдийгээр Монгол Улсын хүүхэлдэйн киноны салбарт дэвшил бус уналт үргэлжилсэн 28 жил үргэлжилж байгаа ч үүнд цэг тавьцгааж, шинэ салбараа дэмжье. Хүүхэлдэйн кино олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан ажил гэдгийг бид мэднэ. Энэ бүхнийг эдийн засгаар тооцвол шинэ контентуудыг хийж хэд нугалсан ашиг олж болохоор. Бидний үр хүүхдүүд “Walt Disney” компанийн хүүхэлдэйн киног бүлтийтэл үзэж байна. Олон улсын жишигт нийцсэн хүүхэлдэйн кино хийчихсэн байхад бидэнд төмөр зам, далайд гарцгүй байх нь чухал биш. Хүүхэлдэйн кино дэлхий нийтийн хэл. Энэ хэлээр дэлхийн дээр нэг тэрбум гаруй хүүхэд хүмүүжиж байна гээд бод. Ийм орон зайд нэг алхам хийвэл яасан юм бэ.
Монголын хүүхэлдэйн киноны салбарт хүч үзэж явсан хүмүүс нийгмийн ороо бусгаа байдлаас болж амьдрахын эрхээр ганзага үүрэх нь үүрч өөрсдийн зам мөрийг хөөснөөр энэ орон зайд импортын хүүхэлдэйн кинонууд мандаж байна. Ядаж л “Маша Миша” шиг хүүхэлдэйн кино хийчих хэмжээний авьяас манай залууст бий. Зурагтын дэлгэцээр нэг өвгөн өмнөө хэдэн хүүхэд суулгаж байгаад өнөө л эрт урьдын цагт гэсээр номын хуудасны зураг эргүүлэх маягтай ярьж суудаг. 21 дүгээр зууны хүүхдүүд үндэсний контентоор үнэндээ цангаж байна шүү дээ. Биднийг үлгэр ярьсаар суутал дэлхийн хүүхэлдэйн киноны хөгжил бүр цаашаа шинэ тэсрэлтийн шат руугаа дөхөж байна гэх юм.
Бид чадахгүй гэвэл чадахгүй чигээрээ үлгэрээ ярьсаар дуусна. Монголчууд зэс, нүүрсээ урд хөрш үсрээд цаашаа Япон руу экспортолно. Бидний бизнес энэ хүрээд зогсож байгааг анзаарч байгаа биз. АНУ, Япон, БНСУ, БНХАУ хүүхэлдэйн киноны шинэ дэвшлийг дэлхийд гаргаж тэрбум гаруй хүүхдийг бүлтийтэл нь зурагтных нь өмнө уяж чадаж байна.
Тэгвэл дэлхийд алдартай “Walt Disney” компаний формат чанарт бүрэн нийцсэн “Чингис хаан” хэмээх анимэйшнийг “Ocean Pictures” студийнхэн долоон жилийн хөдөлмөрөө зарцуулан бүтээжээ. Трейлер нь зурагтаар цацагдангуут хүүхдүүдийн түүнд шимтэн дурлаж байгааг анзаарсан биз дээ. Кино уран бүтээлчдийн зүгээс “Чингис хааныхаа жинхэнэ түүхээр бичиж найруулсан анхны уран бүтээл” гэж үүнийгээ тайлбарлаж байна лээ. Кино багийнхан өнгөрөгч сарын 31нд кино театруудаар албан ёсоор гаргаад эхэлжээ. Анимейшн бүтээгчид “Монголын нууц товчоо”нд гардаг бүхий л газраар нь очиж хоёр жилийн хугацаанд судалгаа хийсний дүнд дэлхийд өрсөлдөх бүрэн хэмжээний “Чингис хаан”аа өлгийдөн авчээ. Нэг үгээр хэлбэл “Чингисийн удам” гээж өвчүүгээ дэлдэх дуртай бидний хувьд үр хүүхэддээ “Чингис хаан”ыхаа тухай мэдлэг олгоход том тус болно. Ном уншдаггүй гэж шүүмжлүүлэх болсон шинэ цагийн хүүхдүүдийг ядаж ингэж эх түүхтэй нь танилцуулмаар юм даа. Уг хүүхэлдэйн киноны талаар гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Монголын түүхийн талаарх хамгийн үнэн, гайхалтай бүтээл. Дэлхийн зах зээл тэдэнд нээлттэй байна” хэмээн онцолж байна. Энэ чинь инноваци шүү дээ. Энэ чинь л хөгжлийн шинэ шийдэл юм шүү дээ.
Уг анимейншний Ерөнхий найруулагч Б.Тэнгис “Чингис хаан бүрэн хэмжээний анимэйшнийг үзсэнээр Монголын нууц товчооны эхний найман бүлгийн агуулга, бодит түүхийг сурч, мэдэж авах боломжтой. “Чингис хаан” анимейшн нь Монголын ирээдүй хойч үе, хүүхэд залууст асар том оюуны хөрөнгө оруулалт болох төдийгүй дэлхийд Монгол Улсынхаа нэрийг таниулах сурталчлах томоохон контент болж байгаа юм” хэмээн мэдэгджээ. Анимейшний нэг секундын дүрсэнд хамгийн багадаа 25 кадр байдаг гэдгийг мэргэжлийнх нь хүмүүс ярьдаг. “Нэг цаг 30 минут үргэлжлэх уг бүтээлийг долоон жилийн турш бүтээлээ. “Walt Disney” жилд хэд хэдийг хийж байна” хэмээн шүүмжлэх нэгэн ч байна. “Ocean Pictures” студи гарын таван хуруунд багтах зураачтай бол дэлхийд өрсөлддөг “Walt Disney” 500 гаруй зураачтай юм билээ.
Тэгвэл энэ талаар Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар “Монгол шиг ийм түүх бүтээсэн ард түмэн дэлхийн түүхэнд ховорхон. Энэ их агуу түүхийг эзэмшдэг монголчууд өөрсдийнхөө түүхийг сайн сурталчлах ёстой. Энэ тал бидэнд жаахан дутагддаг. Нууц товчоо хүнд ном. Хүн болгон ойлгож уншиж чадахгүй, тайлбар хэрэгтэй. Нууц товчоог хүчээр уншуулж байна. Түүхэндээ хайртай болоход нөлөөлөх хамгийн чухал ажил бол кино урлаг. Зөвхөн Монголын биш дэлхийн стандарт шаардлагыг хангасан түүхэн анимейшнийг хийнэ гэдэг бол гайхалтай сайхан үйл явдал. “Чингис хаан” анимейшн Монголын 60, 70-аад орчим жилийн түүхийг харуулсан.
Энэ бол Монгол Улс боссон түүх юм. Монголын нууц товчоог ухвал хэдэн арван мянган анимейшн гарна. Монголчууд өөрсдийгөө их голдог хүмүүс. Өөрсдөдөө итгэдэггүй чанараас болж түүхэн кино бүтээхэд хугацаа алдаж байна” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн байна лээ. Газрын баялгаа 20 жил ухлаа. Одоо эх түүхээ ухъя. Нүүрс, зэс, алтнаас ч илүү үнэлэгдэх энэ боломжоо нээж, анимейшнээ экспортлох юм биш үү. Үүнийгээ дагаад үндэсний контентын чанар сайжирна. Өрсөлдөөн бий болно. Соёл урлагийн салбарт нэг алхам хийгдэх бус уу.